"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал 23-ныг хүртэл хойшиллоо

Прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчдийн гомдлоор "Ногоон автобус"-ны хэргийн шүүгдэгчид давж заалдахаар болж, шүүх хурал өнөөдөр товлогдсон.
Энэ дагуу, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар “Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцээд шүүгдэгч А.Ганхуяг, иргэний хариуцагч “Тэнүүн Огоо” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Эрэгмаа нарын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч Б.Түмэнжаргалын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Лхагвадорж нар шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Ингээд А.Ганхуяг нарын 24 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг талуудын саналыг харгалзан 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.
Хэргийг сануулахад, Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард эхэлж, 25 өдөр үргэлжилсэн. Улмаар шүүх дөрөвдүгээр сарын 9-нд шийдвэрээ танилцуулсан юм.
Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Сүхбаатар, А.Ганхуяг нарын есөн хүний хэргийг хэрэгсэхгүй, хоёр хүний хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн.
Тодруулбал, Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Б.Дөлгөөн, Г.Энхтайван нар болон Ж.Эрдэнэбат, БНСУ-ын хоёр иргэн, Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, А.Ганхуяг, Ц.Болортуяа нарын хэрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.
- Харин шүүгдэгч А.Ганхуягт хамаарах бусад хэрэгт хамаатуулан түүнийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулсан юм.
- Мөн С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 хорих ял оногдуулж, Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарласан. Үүнээс гадна бусад хэрэгт холбогдогч 11 хүний зорчим эрхийг 2-2.6 жилээр хасаж шийдвэрлэснээр шүүх хурал дууссан.
Тэгвэл прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлоор Ногоон автобусны гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдахаар болоод байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.