Хоёр сарын өмнө Г.Занданшатарын АТГ-т өгсөн хоёр асуудал хэрхэв

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авангуутаа ЭТТ ХК дээр нэг л жиг ургалаа гэж онцгой дэглэм тогтоосон нь МАН ингэж хагарахаас бүр өмнө юм.
Тэгэхэд БЭТ-ийн баг ажиллуулж, өөрөө ч уурхай дээр очин ажиллаж, тодорхой ач холбогдол өгч байсан. Энэ үедээ хоёр асуудлыг АТГ-т өгсөн нь анхаарал татаад үлдэж байлаа.
Эхнийх нь, нүүрс ачиж буулгах логистикийн төвийн эвдрэл. Хоёр дахь нь, “Норинко”-гийн баяжуулах үйлдвэрийг уурхайн амнаас хол байгуулсан явдал.
Логистикийн төвийг бол “Бодь интернэйшнл” барьсан. Энэ бол Гашуунсухайтын төмөр зам, “Бодь”-ын Д.Баясгалан, А.Амундра, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нэр холбогддог сэдэв гэсэн үг. Өнгөрсөн онд ашиглалтад орчихсон байх ёстой ч өнөө хэр тийм биш. Онцгой дэглэм тогтоосноос хойш дөрвөн удаа туршилтын ачилт хийж үзээд стандарт шаардлага хангаагүй, эвдрэл гэмтэл бүхий хэд хэдэн “но”-г илрүүлсэн. Улмаар энэ ажлыг гүйцэтгэсэн, хяналт тавьж байсан хүмүүсийг АТГ-т өглөө гэж мэдэгдсэн.
Харин “Норинко”-гийн баяжуулах үйлдвэр уурхайн амнаас 12.4 км зайд баригдсанаас болж тийш нүүрсээ дахиад машинаар зөөж байгаа. Энэ нь нэмэлт зардал. Тэгээд энэ хооронд конвейер барихаас аргагүй боллоо гэж 300 тэрбумын тендер зарлаад хятад компанид өгчихсөн. Яагаад ийм илүү зардал гаргав, байршлыг тэр хол тогтоов гэдгийг шалгахаар энэ асуудлыг бас АТГ-т өгсөн.
Г.Занданшатар гэнэтхэн л зунаар ЭТТ ХК дээр ингэж анхаарч, АТГ-т хүртэл эхнээс нь өгөөд эхэлснийг одоо эргэж харахад МАН хагарахаас өмнө л түүнд энэ сэдвээрх бодол байжээ.
Одоо харин АТГ-т өгсөн хоёр асуудал нь хэрхэж байгаа юм бол.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭТТ ХК с хувьцаа мөнгөө авая Зандка