Кевин Костнер: Хүүхдүүдээ санасан үедээ хамт байхын тулд тэдэнд дүр өгдөг

Оскарын хоёр удаагийн шагналт, алдарт жүжигчин Кевин Костнер “The Talks” сэтгүүлд өгч байсан ярилцлагыг орчуулан хүргэе.
Ноён Костнер та карьерынхаа туршид барууны сэдэвтэй олон кино, цувралд тоглож, найруулсан. Энэ төрлийн кинонд дурлах болсон шалтгаан хаанаас эхтэй вэ?
Би энэ жанрыг тодорхой хэмжээнд ойлгож, өндөр сонирхолтой байсаар ирсэн. Барууны сэдэвтэй киноны нарийн ширийн деталь бүгд Америк шинж чанартай байдаг. Хүмүүс намайг жинхэнэ Америк эр хүн гэж хардаг, тийм учраас би барууны сэдэвтэй кинонуудыг ойлгодог л доо. Би дэлхийг олон өнцгөөс хардаг. Гэхдээ юу ч болж байсан Америк хүн. Жон Фордын “The Man Who Shot Liberty Valance”, “The Searchers” зэрэг бүтээлүүд надад хувь хүний хувь их нөлөөлсөн. Бас Жорж Стивенсийн найруулгын арга барил миний сэтгэлд гүн үлдсэн. Жим Харрисоны “Legends of the Fall”, “Revenge” зэрэг богино өгүүллэгүүд, мөн Лоуренс Казданы ажил карьераа эхлүүлэхэд их нөлөө үзүүлсэн. Би түүний төлөө жүжиглэж эхэлсэн. Миний уран бүтээлүүд түүний ажлаас хуулбарласан мэт санагдвал тэгж бодоод хэрэггүй, би түүнд хүндэтгэл үзүүлж байсан явдал юм.
Та өөрөө ихэвчлэн морь унадаг, бараг л ковбой биз дээ?
Би заримдаа бүр морин дээрээсээ кино найруулдаг. Нэг тийш 90 гаруй метр зайтай явах хэрэг гарвал алхахад залхуу хүрвэл морьтойгоо явчихдаг. Би жирийн нэгэн морьтон, гэхдээ өөрийгөө ковбой гэж хэзээ ч боддоггүй. Морь унахаас айдаггүй, заримдаа сайн унаж байгаа юм шиг харагдаж болно. Гэхдээ би өөрийгөө ковбой мэт дүрд оруулж жүжиглэхийг хүсдэггүй.

Таны хийсэн өргөн цар хүрээтэй барууны сэдэвтэй кинонуудыг үзэгчид заримдаа бүрэн ойлгоогүй тохиолдол байдаг. “Dances with Wolves” бүтээлээр та хоёр Оскар хүртсэн ч, үнэлэгдээгүй хэдэн кино хийгээд найруулах ажлаасаа бараг 20 жил завсарласан. Тэгэхээр ийм олон жилийн дараа дахин найруулагчийн ширээнд суух ямар санагдаж байна вэ?
Надаас чадварлаг, сайн найруулагч олон бий гэж би үргэлж боддог. Харин “Horizon” кино төслийг хэн ч амжилттай болно гэж хэн ч итгээгүй. Бүр нэг ч найруулагч итгээгүй. Тэгэхээр нь би өөрөө найруулахаар шийдсэн. Тэр кино төслийн ажлыг 1988 онд эх зохиолыг нь бичүүлэхээр захиалж эхлүүлсэн юм. Би кино зураг авалтыг 2003 онд хийхээр төлөвлөсөн ч студи зөвшөөрөөгүй. Гэсэн ч би шантраагүй. Зургаан жилийн дараа энэ киноны талаар дахин их бодож эхэлсэн. Тэгээд өөр бодогдсон зүйл нь гэвэл одоо гарж буй барууны сэдэвтэй кино бүрд аль хэдийн боссон, хөгжсөн соёл иргэншил бүхий хотууд. Гэтэл тэр хотууд яаж бий болсон юм бэ? Анхны уугуул иргэд хэдэн мянган жил амьдарч, хаана ус сайтай байдаг, гол мөрний аль хэсгээр гатлах нь амар гэдгийг мэддэг байсан. Тэгээд тэр газартаа босгосон суурин газарт нь зөрчил, тэмцэл гарч байсан. Энэ талаар л харуулахыг хүссэн.
“Horizon” бүр дөрвөн ангит кино болно гэсэн үү?
Тийм ээ. “За эхнийх нь таалагдаагүй гэнэ, тэгвэл энэ дөрвийг юу гэж бодох бол?” гэж бодсон. Гэхдээ хүмүүс “Хэн ч дөрвөн ангит кино хийдэггүй шүү дээ” гэж надад хэлж байсан. Харин энэ түүх дөрөв дэх ангидаа л төгсөх учраас бүх ангийг л хийе гэж бодсон юм. Тийм учраас би кинонд өөрөө хөрөнгө оруулсан. Одоогоор хоёрдугаар ангийг дуусгаж, гуравдугаар ангийг эхлүүлээд байна. Харин төслийг бүрэн дуусгахын тулд дахин хөрөнгө оруулалт олох шаардлага тулгарсан.
Өөрийн мөнгөөр хөрөнгө оруулж байгаа болохоор техникийн болон уран сайхны хувьд илүү эрх чөлөөтэй байгаа биз дээ?
Бас тийм ч биш ээ. Өөр хоёр хөрөнгө оруулагч байгаа учир тэдний өмнө хариуцлага хүлээдэг. Хөрөнгө оруулсан мөнгийг нь буцааж өгөх ёстой. Гэхдээ эцсийн шийдвэрийг би гаргана. Ямар хэсгийг үлдээж, юуг хасахыг би шийднэ. Гэхдээ хэнд ч хариуцлага хүлээлгүй эрх чөлөөтэй байна гэдэг нь бусдын саналыг сонсохгүй гэсэн үг биш. Хамтран ажиллана гэдэг нь “Миний саналыг хүлээх авахгүй бол чи муу хамтрагч” гэсэн үг биш. Харин хүн саналаа чөлөөтэй хэлж чадах уур амьсгал бий болгох хэрэгтэй. Саналыг авах эсэхээс илүү чухал зүйл нь тэр хүн ямар ч айдасгүйгээр “Кевин, надад нэг санал байна, ингэвэл яасан юм бэ” гэж хэлж чаддаг байх явдал.
Тайка Вайтити хэлэхдээ заримдаа шилдэг санаа ийм нээлттэй байдлаас төрдөг гэж байсан. Бас зарим тохиолдолд тэр нь санаа нь хамгийн зохимжтой биш байдаг гэдгийг онцолсон
Яг тийм. Гарж ирсэн боломжийн санаа болгон кинонд багтаад байдаггүй. Би сайн зураач биш. Зурж чадахгүй болохоор зургаа зассаар зассаар зураас улам зузаарч, эцэст нь цаасаа хаяхаас өөр аргагүй болдог. Зарим санаа яг л тийм. Зохиол дээрээ би маш их ажилладаг. Учир нь зураг авалтын үед зохиолоо өөрчлөхийг би хүсдэггүй. Зохиол бол бидний баримтлах ёстой “судар”. Гэхдээ найруулагчийн хувьд би заримдаа шинээр гарч ирж байгаа боломжийг ашиглахыг хичээдэг. “Ийм нэг боломж байгаа юм байна. Туршиж үзье” гэж боддог. Гэхдээ боломж харагдахгүй бол анхны зохиолдоо тууштай байх сайхан.
Үнэхээр үлгэр жишээ бүхий ажиллах арга барил байна. Мэргэжлийн кино уран бүтээлчийн хувь хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал уу?
Миний хүү хамгийн сүүлд хийсэн кинонд маань тоглосон. Гэхдээ би хүүхдүүддээ мэргэжлийн жүжигчдийн дүрийг булааж өгдөггүй. Харин өөртөө ойр байлгах гэж, хүүхдүүдээ санасан үедээ хамт цаг өнгөрөөхийн байхын тулд тэдэнд дүр өгдөг. Хүүхдүүдийнхээ өмнө би насан туршдаа үүрэх хариуцлагатай. Тиймээс мэргэжлийн амьдралдаа хэрхэн ажиллах, ханддагаа харуулах нь чухал. Бид хүүхдүүддээ ямар хандлагатай амьдрах тал дээр сургамж үлдээх хэрэгтэй. Тэд миний ажлаа хэрхэн хайрлаж хийдгийг мэддэг. Би ч тэднийг өөрсдийнхөө дуртай ажлыг олж, амжилтад хүрээсэй гэж хүсдэг. Хүүхдээ амжилттай явахыг харах шиг сайхан зүйл гэж үгүй.
Эх сурвалж: The Talks
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Western гэж, киноны төрөл жаанрын нэршил үг. Шуудхан л "барууны" гэж орчуулж болохгүй. Зүг чигийн баруунтай андуурагдахаар холион бантан болж. Мэдэхгүй хүн зөндөө шүү дээ