Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай үргэлжилж байна

Монгол улс сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. Дархлаажуулалтын хамралтыг жилээр авч үзвэл, 2022-2023 онд нийт 545,000 тун вакцин хүлээж авч 478,030 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 87.7 хувьтай байжээ. 2023-2024 онд нийт 300,000 тун вакцин хүлээж авч 277,168 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 92.4 хувь байв. Мөн 2024-2025 онд нийт 320,100 тун вакцин хүлээж авч 304,251 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 95.0 хувь хүрсэн байна.
Нийт вакцины 40- 80 хувь орчмыг зургаан сараас тав хүртэлх насны хүүхдэд, 10-40 хувь орчмыг 65 болон түүнээс дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүст хуваарилан дархлаажуулжээ. Тухайн онд хамралтын хувь 87.7-95 хувьтай байсан байна.
Харин 2025-2026 оны томуугийн улиралд улирлын томуугийн эсрэг 300,000 хүн тун вакцинаар есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ба аравдугаар сарын 2-ны өдрийн байдлаар хамралтын хувь 65,1 хувь байна.
Дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн хугацааны хамралтын хувийг өмнөх гурван жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байна. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамралт өндөр байгаа талаар албаныхан онцлов.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.