Хуулийн тайлбар: Ерөнхий сайд, УИХ-ын даргыг яаж огцруулдаг вэ

Ерөнхий сайдыг, нөгөө талаас УИХ-ын даргыг огцруулах тухай яриа улс төрийн хүрээнд сонсогдох болов.
Одоогоор тодорхой өрнөж буй үйл явц бага байна. Мөн улсын төсөв батлахаас эхлээд олон чухал асуудал хэлэлцэхээр хүлээгдэж байгаа энэ үед аливаа төрийн ажил тасалдах нь төдийлөн зөв биш.
Гэвч хуулиа харъя, тэднийг яаж огцруулдаг зохицуулалттай вэ.
УИХ-ЫН ДАРГА
УИХ-ын даргыг огцруулах асуудлыг УИХ-ын тухай хуулиар шийднэ.
Нэгдүгээрт, хэрэв эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж эхэлсэн бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломж бий. Үүний тулд Улсын ерөнхий прокурор санал оруулж, УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх үйл явцтай.
Хоёрдугаарт, гэмт хэрэгт холбогдоогүй нөхцөлд гэвэл:
- Өөрөө өргөдлөө өгнө
- Үндсэн хуулийн цэц огцруулах дүгнэлт гаргана
- УИХ-ын нийт гишүүний олонх санал гаргана гэсэн гарцууд бий.
ҮХЦ-ийн болон, УИХ-ын гишүүдийн гаргасан саналын аль алиныг парламентаар хэлэлцэж, ил санал хурааж шийдвэрлэдэг.
Харин УИХ-ын нийт гишүүний олонх гэдгийг хэдэн гишүүн гэж ойлгохыг хуульд тодорхой заагаагүй байна.
ЕРӨНХИЙ САЙД
Ерөнхий сайдыг огцруулах хоёр гарц бий.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь огцруулах санал тавибал парламентаар гурав хоногийн дараа хэлэлцэж, арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон биш нийт гишүүдийн олонх дэмжиж байж Ерөнхий сайд огцорно.
Хоёрт, Ерөнхий сайд өөрөө өөрт нь итгэл үзүүлэх тухай тогтоолын төсөл өргөн барьж, түүнийг нийт гишүүдийн олонх дэмжээгүй бол огцорсонд тооцно. Л.Оюун-Эрдэнэ энэ зарчмаар огцорсон.
Мөн Үндсэн хуулийн цэцээс Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байна гэдэг саналыг УИХ-д оруулж болно, энэ дахиад парламентын бүрэн эрхийн шийдвэр болох юм.
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа. Харин УИХ-ын дарга дээр ямар нэг тодорхой акц эхлээгүй байна. МАН-ын даргын сонгуулиас хойш төрийн гурван өндөрлөгийн хоёр нь хоорондоо талцаж, ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилно гэснээс хойш улс төрийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.