Судалгаа: Долоо хоногт хоёр цаг дасгал хийх нь үе мөчний өвчнийг бууруулдаг

Нэгэн шинэ судалгаа үе мөч нь өвддөг хүмүүс долоо хоногт хоёр цаг дасгал хийх нь өвдөлтийг бууруулахад тусалдаг гэх үр дүн харуулжээ. Өвдөлт бууруулахаас гадна өвчний улмаас чөлөө авах, эмчид үзүүлэх нь буурдаг гэдгийг тус судалгаа харуулсан байна.
Судлаачид Их Британид амьдардаг ташаа, нуруу, өвдөг нь өвддөг 40 мянган хүнийг хамруулсан эрдэм шинжилгээний ажил хийжээ. Тэд 12 долоо хоногийн турш долоо хоног тутам хоёр цаг дасгал хийсэн байна. Дасгал хийх нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд томоохон нөлөө үзүүлсэн аж. Ийм учир Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний алба (NHS) тулгуур эрхтний тогтолцооны эмгэгтэй олон сая хүний эмчилгээнд дасгал нэмэхийг эрдэмтэд уриалжээ.
Манчестерийн их сургууль болон “Nuffield Health” фитнесийн компани хамтран тус судалгааг явуулсан юм. Судалгаагаар 40 мянган хүн “Nuffield Health”-ийн 110 гаруй салбар фитнесийн газарт дасгал хийжээ. Үүнд оролцсон хүмүүст ажиглагдсан эерэг нөлөөг жагсаавал:
Өвдөлт дунджаар 35 хувиар буурсан.
Эмчид үзүүлэх нь 29 хувиар багассан.
Ажлаасаа өвчний улмаас чөлөө авах нь хоёр дахин буурсан.
Гэр бүлийнхээ асаргаанд байх шаардлага 21 хувиар буурчээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.