Тодруулга: Аймгуудад бензин тасалдаж, өдөрт 500-2000 литр шатахуун олгох хязгаарлалт тогтоожээ

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн "орон нутгуудад шатахуун тасарлаа, хомсдолд орлоо” гэх мэдээлэл гарч эхэлсэн. Харин есдүгээр сараас нийслэлийн зарим ШТС АИ 92 бензингүй болж, түгээлт хийхгүй байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд харагдах болоод буй.
Эндээс улбаалж ОХУ-ын дотоодын хэрэглээ өссөнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй шатахууны хязгаарлалт манайд нөлөөллөө, Хомсдолд оруулаад үнэ нэмэх нь зэрэг янз бүрийн таамгууд гарч, шатахууны талаарх яриа газар авч байна.
Харин Засгийн газраас ОХУ хэрэгжүүлж хязгаарлалт Монгол Улсад үйлчлэхгүй гэж мэдэгдсэн. Мөн өнгөрсөн наймдугаар сард салбарын сайд Г.Дамдинням, “Баруун аймгууд шатахуунаа дундын трейдер компаниудаас худалдан авдаг байсан учир хомсдол үүссэн. Шатахууныг Улаанбаатар хотоос нэмж тээвэрлэснээс одоо хэвийн болсон” гэж мэдэгдэж байв.
Гэсэн ч сумуудад шатахуун алга, аймгууд хязгаарлалттай өгч байна. Нийслэлд ч шатахуун тасарч байна гэх мэдээлэл гарсаар байна.
Өчигдөр л гэхэд /2025.10.07/ Аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Г.Дамдинням “Шатахуун нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа” гэж мэдэгдээд буусан. Гэвч оройны 19:00 цагаас хойш нийслэлийн ШТС-уудын зарим нь АИ 92 бензингүй болж, түгээж буй цөөн хэдэн станцуудад иргэд урт дараалал үүсгэв.
Тиймд иргэд болон аймгуудаас шатахууны талаарх мэдээллийг тодруулж, нөхцөл байдлыг хүргэж байна.
-Ихэнх аймагт шатахуун тасарч, хязгаарлалт тогтоожээ-
21 аймагт шатахууны түгээлт, нийлүүлэлт ямар байгаа талаар аймаг тус бүрд байрлах ШТС-уудаас тодруулахад найман аймаг нийлүүлэлт, түгээлт хэвийн гэсэн бол есөн аймаг шатахуун тасарсан, долоо нь хязгаарлалт тогтоосон гэх мэдээллийг өглөө.
Харин таван аймаг шатахууны талаарх мэдээллээ өгөхөөс татгалзав. Мөн зарим нь “хэвийн” гэх худал мэдээлэл өгснийг иргэд нь баталж байгаа юм. Ингээд аймгуудын ШТС-аас авсан тодруулгыг хүргэе.
- Увс аймаг Петровис: Манайд шатахуун тасраагүй. Түгээлт хэвийн байгаа.
- Завхан аймаг: Манай ШТС-ууд хэвийн ажиллаж байгаа. Тасалдалт гайгүй.
- Архангай аймаг Тэс петролиум: Бензин түгээлт хэвийн байна.
- Өвөрхангай Тэс петролиум: Нийлүүлэлт, түгээлт хэвийн байгаа. Тасралт байхгүй.
- Өмнөговь аймаг: Шатахуун нийлүүлэлт тасалдаагүй. Бид боломжоороо хязгаарлалтгүй бензин өгч байна.
- Дундговь аймаг: Нийлүүлэлт, түгээлт хэвийн асуудалгүй байгаа.
- Булган аймаг: Бензин нийлүүлэлт, түгээлт хэвийн байна.
- Төв аймаг: Бензин нийлүүлэлт, түгээлт хэвийн байна.
- Ховд аймаг Тэс петролиум: Манай аймгийн бусад шатахуун түгээх станцууд бензингүй болсон гэж ирэх үйлчлүүлэгч их болсон. Манайх ч мөн тасалдаж байгаа тул хязгаарлалт тогтоосон. Өдөрт 1000 литр бензин гаргаж байна.
- Говь-Алтай аймаг Тэс петролиум: Нийлүүлэлт багссан. Шатахуунаа таслахгүйн тулд ирсэн нөөцдөө тааруулан хязгаарлалт тогтоосон. Өдөрт 500-2000 мянган литр бензин өгч байна.
- Баянхонгор аймаг Тэс петролиум: Бензин тасрах нь их болсон. Ирэхдээ бага ирж байгаа. Есдүгээр сараас эхлээд хязгаарлалт тогтоосон. Өдөрт 1000 литр олгодог.
- Хөвсгөл аймаг: Бензин ихээр тасарч байгаа. Бид өдрийн хязгаарлалт тогтоож 500-1500 литрээр олгож байна.
- Сэлэнгэ аймаг: Бензин тасралт ихэссэн. Өнгөрсөн наймдугаар сараас эхлээд хомсдолтой байна. Одоогоор хязгаарлалт тогтоогоогүй.
- Дорноговь аймаг: Бензин саяхнаас тасарч эхэлсэн.
- Хэнтий аймаг: Бензин тасарч байгаа.
- Дорнод аймаг: Бензин тасарч эхэлсэн. Өдөрт 500-2000 литрийг түгээх хязгаарлалт тогтоосон. Ирсэн нөөцөөс хамаарч янз хязгаарлалт өөр өөр байгаа гэсэн юм.
Харин Баян-Өлгий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул аймаг, Говьсүмбэр аймгуудын ШТС бензин түгээлт болон нийлэлтийн талаар мэдээлэл өгсөнгүй.
-Иргэдийн дийлэнх нь шатахуун тасарч байгаа гэв-
Мөн иргэдээс “"АИ-92" шатахууны нөөц дуусаж, ШТС-ууд худалдахгүй байна гэдэг үнэн үү. Тийм бол хаана, хаана вэ. Байршлаа үлдээнэ үү” гэх асуулга авахад дараах мэдээллийг өгч байна. Санал асуулгыг ЭНД дарж харна уу.
- Баянчандмань, Баруунхараа, Дархан-Уул, Эрдэнэтийн уулзварын ШТС-ууд бүгд өгөхгүй байна. Мөн үнэ Евро түлшний үнэ нэг өдрийн дотор 350 төгрөгөөр нэмэгдсэн байдалтай байна.
- БЗД-т байрлах хоёр Сод монгол өдөрт АИ92 15 тонн олгох хязгаарлалттай болчихсон. Орой очвол дуусчихсан байдаг.
- Дорнодын сумууд бүгд хязгаарлалттай эвсэл байхгүй байна.
- Хэнтий аймаг бүх сумдад шатахуун хомстолтой байна.
- Петровисын бүх салбар АИ92 өгөхгүй байхтай олон таарлаа.
- Ихэнх газрууд хэвийн өгч байна.
- Петровис долоо хонгийн өмнөөс очих болгонд дууссан байдалтай байна.
- Санзайгаас хойш байрлах ШТС-ууд бензингүй байна.
- Энгийн байхгүй Евро л байна гэсэн станцууд байна.
- Цайз 16 орчмын Шунхлай өгөхгүй байна.
- Нарны зам дагуух Сод монгол бензин дууссан гэсэн.
- Өмнөговь, Хэнтий, Төв аймгийн сумуудад шатахуун тасалдалт их байна.
- 92 дууссан гэсэн бичиг наасан ШТС нийслэлд олон байна гэжээ.
Санал асуулгад оролцсон нийт 140 иргэдийн 28 нь ШТС хэвийн ажиллаж байна гэсэн бусад нь шатахуун дууссан станцууд болон огт өгөхгүй байгаа газруудын мэдээллийг үлдээжээ. Ингэж бичсэн иргэдийн дийлэнх Сод монгол, Петровис АИ92 бензингүй байна гэжээ. Мөн сумуудад хомстол их байгаа талаар зарим иргэд сэтгэгдэл илүүлсэн байна.
Энэ дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын иргэнээс шатахуун түгээлтийн талаар тодруулахад, “Ихэнхдээ байхгүй, ирээгүй гэх шалтгаанаар ШТС хааж байгаа. Ирэхээр нь нэг өрхөд 20 литр гэхчлэн хуваарилж өгч байгаа. Наймдугаар сараас бензин хомстож эхэлсэн” гэлээ.
-Монгол Улс 30 хоногийн шатахууны нөөцтэй байна гэв-
Харин Засгийн газраас Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүсээгүй. ОХУ болон БНХАУ-аас нийт 63 мянган тонн АИ-92 бензин захиалсан гэх мэдээллийг өнгөрсөн сард гаргасан.
Харин өчигдөр АҮЭБ сайд Г.Дамдинням, “30 хоногийн нөөц байгаа. Ард түмэн минь сандрах шаардлагагүй тайван байгаарай, шатахуун огт тасалдахгүй. Орон нутгийн хувьд суманд 3 станц байлаа гэж бодоход 1 бензин түгээгүүрт заавал шатахуун байгаа. Бид нар цаашдаа нөөцийн саваа нэмэгдүүлж, бэлдэх ёстой юм байна лээ” гэлээ.
Мөн ОХУ-ын дотоодын хэрэглээ өссөнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй шатахууны хязгаарлалт Монгол Улсад үйлчлэхгүй гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн ч албан ёсны эсэх нь тодорхойгүй байна.
-ОХУ-ын дотооддоо шатахууны хязгаарлалт тогтоож хүн тус бүрд 30 литрээс дээш олгохгүй байна-
Харин ОХУ-д АИ-92 болон бусад төрлийн шатахууны үнэ өсөж, хомсдол бий болоод байгаа юм байна.
Орост шатахууны хомсдол үүсээд зогсохгүй үнэ өссөн бөгөөд 8-р сард ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортыг хориглосон шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар ОХУ-ын Хабаровск мужид шатахуун нэг хүнд 30 литрээс дээшийг худалдаалахгүй байгаагаас үүдэж бензин авах гэсэн иргэдийн урт цуваа үүссэн. Мөн зарим мужуудад нэг хүнд 10-20 литрэээс илүүг олгохгүй гэснээс үүдэж, шатахуун түгээх газруудад урт дугаарлалт үүсээд байгаа аж.
Холбоотой мэдээлэл:
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.