УЛС ТӨРУлс төрийн мэдээ

З.Энхболд, Б.Энх-Амгалан нар хилийн хоригтойгоор 6 дахь шүүх хурлаа хүлээнэ

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд боллоо.

Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан бөгөөд Б.Энх-Амгаланг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон бол З.Энхболдыг хилээр гарахыг хориглох шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн уг захирамжийг прокуророос эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр өнөөдөр шүүгдлээ.

Улмаар анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт холбогдогч нарт авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэж шийдвэр гарах хүртэл З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хилийн хориг хэвээр үргэлжлэх нь. Тэднийг өмнө нь анхан шатны шүүхээр хоёр, давж заалдах шатны шүүхээр хоёр удаа шүүж байсан удаатай.

Шүүх хуралдааны илтгэгч шүүгчээр С.Болортуяа, прокуророор Б.Энх-Эрдэнэ, Ч.Батзориг, өмгөөлөгчөөр Д.Батсүх, Б.Оюунбилэг, Д.Алтансүх, Ө.Цэрэндэжид, Б.Баатарсайхан нар оролцсон юм.

Холбогдсон хэргийн зүйл анги- Эрүүгийн хуулийн 22.1-3

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button