Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Шүүхийн шийдвэр гарцаагүй хэрэгждэг байх эрх зүйн орчныг сайжруулахад УИХ анхаарна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн “Нийт шүүгчдийн III чуулган”-д илгээсэн мэндчилгээг түүний Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг танилцууллаа.

Үүнд, "Эрхэм хүндэт зочид оо, хамтаар чуулж байгаа та бүхэнд мэндчилье ээ. Төрийн эрх мэдэл харилцан тэнцэлтэйгээр хуваарилагдаж , тус бүрдээ бие даан хэрэгжих үндсэн зарчимтай билээ. “Ганцаар нэгийг сэднэ, олноор мянгынг бүтээнэ” гэдэг тиймээс эх орны хөгжил цэцэглэлтийн хувьд төрийн эрх мэдлийн бие даасан байдал нь хана, хаалт биш нээлттэй, уялдаатай орон зай байх учиртай.

Шүүх бол хууль амилж буй орчныг өдөр бүр нүдээр харж, оюунаараа мэдэрч байгаа. Парламентийн баталсан хуулийг өдөр бүр нүдээр харж, хаана алдаа байгааг, юу дутагдаж байгааг хамгийн бодитоор мэдэрч,анзаарч байдаг нь шүүгчид юм. Тиймээс үзэж туршсанаар ухаан орлож, үйлдэж хэрэглэснээр туршлага бүтээж буй шүүгч та бүхний хууль хэрэглээний  ажиглалт, дүгнэлт арвин туршлага нь хууль тогтоомжийг сайжруулахад онцгой ач холбогдолтой билээ.

Хууль тогтоомжийг улам боловсронгуй болгоход шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлын хөшиг ямагт нээлттэй байх ёстой. Энэ бол хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн хамтын ажиллагааны гол зам бөгөөд хамтын хүчээр эрх зүйт ёсны цамхаг илүү бат оршино.

Энэ зарчмын үүднээс  хууль тогтоожмийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, эрүүгийн хууль, иргэний хууль, зөрчлийн тухай хууль, захиргааны ерөнхий хууль, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдсон хуулийн төсөлд Монгол Улсын Дээд шүүх саналаа өгөх боломжий заавал олгодог байх хуулийн зохицуулалт бий боллоо. Төрийн эрх мэдлийн нэгэн салаа мөчир болох шүүх эрх мэдлийн дээд шатны байгууллагаас хуульийг боловсронгуй болгох санал алсарч, гээгдэлгүй бодит ажил хэрэг болох нь чухал. Иймд Улсын дээд шүүх хуулийн төслийн талаар ирүүлсэн саналаа УИХ-ын саналыг тайлбарлан ойлгуулах дэгийн шаардлага байгааг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. УИХ-аас 2021 онд Монгол Улсын Шүүгчдийн тухай хууль, 2024 оны 5-р сард Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, Шүүх байгуулах тухай хуулийг тус тус баталсан.

Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан Шүүхийн институцын шинэтгэлийн орчин бүрдээд байна. Шүүх эрх мэдлийн хөгжлийн ирэх 10 жилийн бодлого нь энэ салбарын асуудлыг цогцоор авч үзсэн 24 жилийн дараа батлагдсан бодлогын чухал баримт бичиг билээ. Түүний хэрэгжилтийг хангах нь дан ганц шүүх эрх мэдлийн ажил биш. Парламент ч мөн тодорхой хувь нэмэр хэрэгжилтэд оруулахаар заасан. Цаашид энэхүү бодлогод дурдсан арга хэмжээнүүдийг цаг тухайд нь мөн бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд анхаарч, УИХ-ын тогтоолд заасны дагуу Шүүхйин ерөнхий зөвлөл 5 жилү тутамд хэрэгжилтийн мэдээлэл, тайлангаар хангах учиртайг сануулъя.

Шүүхийн захиргааны төв байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох, томилоход парламент болон шүүхийн байгууллага шударга ил тод нээлттэй, өрсөлдөөнт байдал болон иргэдийг оролцоог хангаснаар шүүхэд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно.

УИХ Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулахдаа ил тод, нээлттэй байдлаар сонсголыг шууд дамжуулж, бүрэн дамжуулах, сонирхсон этгээдийн оролцоог бүрэн хангах нөхцлийг бүрдүүлж байна. Энэхүү нийт шүүгчийн 3-р чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох ажиллагаа нээлттэй, ил тод явагдана гэдэгт итгэлтэй байна. Цаашид шүүх эрх мэдлийн шинэтгэлд шүүхийн шийдвэр гарцаагүй хэрэгждэг байх эрх зүйн орчныг сайжруулахад УИХ тухайлан анхаарах болно.

Ингэснээр бие даасан, хараат бус зарчмын үндсэн дээр гаргаж буй шүүхийн шийдвэрийн ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдөх байдал улам бүр нэмэгдэх нь гарцаагүй. Шүүхийн эрхэм нэр хүндийг өндөрт өргөж, эрх зүйт ёс, шударга байдлыг тогтоох үйлсэд мэргэжлийн ур чадвар, мэргэн оюун, нөр их хөдөлмөрөө зориулж байгаа шүүгч та бүхний хичээл зүтгэл, үнэнч шударга хөдөлмөрт тань талархал илэрхийлж, энэхүү чуулганы үйл ажиллагаа үр дүн, урам зориг, амжилтаар дүүрэн байхыг ерөөе" гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button