Утга зохиолын Нобель хүртсэн Унгарын зохиолч Ласло Краснахоркайд Монголоор аялж буй тухай роман бий
 
						Унгарын зохиолч Ласло Краснахоркай утга зохиолын салбарын Нобель хүртсэн байна. Нобелийн комисс мэдэгдэл хийхдээ “Апокалипсийн аймшигт айдас дунд урлаг ямар хүчтэй вэ гэдгийг нотолсон сэтгэл хөдөлгөм, алсын хараатай бүтээл”-ийг үнэлж шагнаж байна гэсэн юм.
71 настай Краснахоркай нь “Кафка, Томас Бернхард зэрэг Төв Европын алдарт зохиолчдын адилаар абсурдизм, этгээд хэв маягтай агуу зохиолч” гэж комисс мэдэгдсэн байна. Унгарын найруулагч Бела Тарр түүний Сатантанго (Satantango), Эсэргүүцлийн уйтгар гуниг (Melancholy of Resistance) зэрэг зохиолуудыг кино уран бүтээл болгон хувиргасан.
Краснахоркай Ман Букерийн олон улсын шагнал зэрэг хэд хэдэн шагнал хүртсэн. Бүүкерийн шагналыг түүнд гардуулах шийдвэр гаргасан шүүгчид түүний хэв маягийг “Өнгө аяс нь сүр жавхлантай, нэг бол хошин, бас эргэлзсэн, эцэстээ гунигт өнгө рүү шилжин хувирдаг гайхалтай урт өгүүлбэрүүд бүхий” хэмээн сайшаасан байдаг. Өнгөрсөн жилийн утга зохиолын шагналыг БНСУ-ын зохиолч Хан Ган авсан. Нобелийн комисс түүний зохиолууд “Түүхэн шарх, эмзэглэлийг ил гарган, хүний амьдралын хэврэг чанарыг харуулсан” хэмээн тодорхойлжээ.
Краснахоркайгийн уран зохиолын ихэнх нь Европт өрнөж, хүний оршихуйн утга агуулгыг илэрхийлдэг ч, зарим бүтээлд нь Дорнод Азийг гайхалтай хүчтэйгээр тусгасан байдаг. 1992 онд хэвлэгдсэн Өргөөгийн хоригдол (The Prisoner of Urga) романд хүүрнэгчийн аялал Монголын нутгаар дамжин эцэст нь Хятад руу хүрдэг бөгөөд энэ нь зохиолчийн Дорнод Азид хийсэн аяллуудтай холбогддог.
Түүний Монгол, Хятадаар хийсэн анхны урт хугацааны аялал нь энэ бүтээлийнх нь уран дүрслэлийн суурь, сэтгэлзүйн эргэлтийн цэг гэж үздэг. Мөн "Seiobo There Below" зохиол нь Хятадын талаарх дүрслэл, тэр дундаа төгсгөлийн бүлэгтээ Хятадад өрнөх үйл явдал гардаг бөгөөд илүү өргөн утгаар нь харвал дэлхийн олон соёлыг хамарсан бүтээл юм. Харин 2004 онд бичигдсэн Destruction and Sorrow Beneath the Heavens зохиол нь Краснахоркайгийн Хятадад хандсан хамгийн гүнзгий, цогц бүтээлд тооцогддог.
Энэ зохиолд зохиогчийн өөрийн дүр болох уран сайхны хүүрнэгч Ласло Штайн Хятадын эртний соёлын үлдэгдлийг эрэн тэнүүчилдэг байна. Тэрбээр энэ аяллынхаа туршид Си Чуан, Ян Лянь, Жянхэ зэрэг орчин үеийн яруу найрагчидтай уулзаж, сүнслэг байдал ба орчин үеийнхний хоорондын зөрчлийг тодорхой гаргадаг.
An Asian Literary Journal-д бичсэн шүүмжээ "Би Ласло Краснахоркайгийн нэрийг анх 2002 онд, Имре Кертес утга зохиолын Нобелийн шагнал хүртсэний дараа сонсож байсан юм" хэмээн эхлүүлээд, энэхүү бүтээлийг ойлгохуй болон бодит байдлын тухай бясалгахуй хэмээн тайлбарлажээ.
Түүний үзлээр Штайний аялал бол үнэнийг олж нээх зам бус, харин үнэн гэж итгэж байсан зүйлсийн оршин тогтнол бий үгүйг ухаарах аялал юм.
Тэр “жинхэнэ Хятад”-д ойртох тусам түүний хөл доорх газар улам л замхарч, алга болдог. Аялагчийн зорьсон газар бус, зам алсран одох агшинд л гэгээрэл ирдэг. Краснахоркайн зохиол бүтээлд мөргөлчин замынхаа төгсгөлд хүрч очихгүй байлаа ч үйлдлээрээ гэгээрлийг олж буйг гүнээ ойлгуулдаг билээ. 
Эх сурвалж: France24
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэгээрлийн эрин үе гарцаагүй ирсээн.