ОБЕГ 2025 онд улсын төсвөөр 32 автомашин, 13 гал унтраах мотоцикл авлаа

Монгол Улсын Засгийн газраас улсын төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 2025 онд Засгийн газрын хоёр удаагийн тогтоол, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай, шуурхай албаны 32 автомашин, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд хэрэглэгдэх бага, дунд оврын 12 нэгж техник, 13 ширхэг гал унтраах мотоциклыг Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүд хүлээлгэн өгчээ.
Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, хуваарилагдсан анги, байгууллагад гардуулсан байна.
Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангалтыг 2021 онтой харьцуулахад:
- Техник, тоног төхөөрөмжийн хангалт 31.5 хувиас 44.5 хувь,
- Аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44.8 хувиас 63.6 хувь,
- Тусгай зориулалтын хувцас хэрэгслийн хангалт 37.4 хувиас 62.4 хувь,
- Гал унтраах зориулалтын багаж хэрэгслийн хангалт 38.9 хувиас 63.3 хувь,
- Холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалт 20.2 хувиас 48.8 хувь болж тус тус өссөн байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2, 32м урттай автомеханик шатны 2 буюу нийт 4 автомашиныг Онцгой байдлын байгууллага хүлээн авсан юм.
Эдгээр автомашинууд нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагад 42м урттай гал түймэр унтраах автомеханик шатны автомашин анх удаагаа нийлүүлэгдэж байгаагаараа онцлогтой.
Цаашид Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь”, “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.