Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Мал хулгайлсан хэргийнхээ хохирлыг барагдуулахын тулд адуу хулгайлжээ

Малын хулгайн гэмт хэргийн 93 хувь нь орон нутагт гардаг. 2019 онд Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговь аймагт дээрх төрлийн гэмт хэрэг буурч, Булган, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Архангай, Төв, Дорнод, Өвөрхангай аймагт өсжээ. Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн. Төрийн хамгаалалтад байна” гэж заасан ч төр энэ баялгаа хамгаалалтдаа бүрэн авч чадахгүй байна.

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутагт долоон үхрийг бэлчээрт нь нядалж, хулгайлсан хэрэг энэ сарын 7-8-нд шилжих шөнө гарсан. Тухайн үед мал нь нядлагдаж гэдэс, сэвсийг нь шороон дунд хутгаад тавьсныг харсан эзэн хоолой зангируулан ярилцлага өгч байсан удаатай.

Тэгвэл иргэдийн олон тооны адууг хулгайлан, нядалж зарсан “А”, “С” нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдүүдийг Төв аймаг дахь цагдаагийн газар илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаарх мэдээлэл манай сайтад  ирсэн юм.

Уг мэдээллийн дагуу манай сайтын сурвалжлах баг Төв аймгийн Зуунмод сумыг зорилоо. Манай сурвалжлах багийг Төв аймаг дахь Цагдаагийн газрын үүдэн дээрээс Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, хошууч Г.Жанчив “Мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг 14 этгээдийг илрүүлээд байна. Гэмт этгээдүүдийг шалган байцааж байна” гэсэн мэдээтэйгээр хүлээж авлаа. Хошууч Г.Жанчив даргыг дагаад Төв аймгийн цагдаагийн газар луу ороход өрөөний үүдэнд нь хижээл насны 10 гаруй эр хана руу харна зогсож байв.

Хошууч бидэнд мал хулгайлах гэмт хэргийн ерөнхий мэдээллийг танилцуулахдаа “Өнгөрсөн онд мал хулгайлах  гэмт хэрэг 183 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт. Гэхдээ илрүүлэлт 38.3 хувь буюу өмнөх оноос найман хувиар өссөн. 2019 онд 878 толгой мал хулгайд алдагдсан бөгөөд бид 462-ыг нь амьдаар олж, эздэд нь хүлээлгэж өгсөн. Малын хулгайн улмаас малчдад 908.5 сая төгрөгийн хохирол учирснаас 612.3 сая нь нөхөн төлөгдлөө. Дээрх 183 хэргээс 65-ыг илрүүлсэн бөгөөд 78 хүн холбогдсон байв. Эдгээрээс 32 нь Төв аймгийн, бусад нь өөр аймаг, сумынх. Мал хулгайлах нийт гэмт хэргийн тав нь малчны хотонд, үлдсэн нь бэлчээрт, шөнийн цагаар гарсан” гэв. Түүнчлэн малчид бүрий болохоос урьтаж малаа татаж байвал хулгайд алдахаас сэргийлнэ гэдгийг тэрбээр онцоллоо. Төв аймгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт таван албан хаагч ажилладаг бөгөөд бид хошууч Г.Жанчиваас мал хулгайлах гэмт хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

“ӨМНӨ ҮЙЛДСЭН МАЛ  ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙНХЭЭ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХЫН ТУЛД ДАВТАН ИЙМ ХЭРЭГ ҮЙЛДЖЭЭ”

-Өнгөрсөн шөнө илрүүлсэн мал хулгайлах гэмт хэргийн талаар тодруулахгүй юу?

-Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд 10 удаагийн үйлдлээр нийт 112 адуу хулгайлж бусдад 650 сая төгрөгийн хохирол учруулсан.Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас 2019 оны аравдугаар сараас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд адуу хулгайлж нядалж зарсан нь тогтоогдсон. Үүнийг шалгаж тогтоох явцад Архангай, Завхан, Төв аймгийн Улаанбаатар хотын харьяат нэр бүхий 14 этгээд өөрсдийн хамаатан садны хүрээнд 4-5 этгээдийг татан оролцуулсан байна. Эдгээр этгээдүүд нь хулгай гэмт хэрэг үйлдэхдээ бүгд тус тусын үүрэгтэй оролцдог. Нэг хэсэг нь эзэнгүй адууг тууж ирдэг. Харин нөгөө хэсэг нь авч ирсэн адууг нь хашаанд хашиж тусгай байшинд оруулж бойлдог. Мөн тусгай машинаар хэсэг этгээдүүд нь тухайн адууны сэвс, арьс шир толгой гэх зүйлсийг нь хогийн цэг дээр аваачиж хаядаг. Мөн хулгайлсан махаа ченж нарт зарах үүрэгтэй ч хүмүүс байжээ. Ийм процессоор мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг байсан байгаа юм.

-Эдгээр этгээдүүд дунд өмнө малын хулгайн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан хүн байгаа юу?

-Малын хулгайчид дандаа бүлгээр хэрэг үйлддэг. Нэг бүлэг этгээд хамгийн багадаа хоёр, бүр 40 гаруй гэмт үйлдэл хийсэн нь ч бий. Өмнө хулгайн гэмт хэргээр шоронд хорих ял эдэлж байгаад гарч ирээд дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байна. Дээрх нэр бүхий 14 этгээдийн тав нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд ял шийтгэл эдэлж байсан. Тодруулбал,нэг этгээдийн хувьд 2017 оны наймдугаар сард суллагдаж гарч ирсэн байгаа юм. Түүнээсээ хойш хаана юу хийж явсан нь тодорхойгүй байж байгаад өнөөдөр хамаатан саднаа уруу татан гэмт хэрэг үйлдээд явж байгаа нь харамсалтай. Мөн өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд түүнийхээ хохирлыг барагдуулахын тулд давтан ийм хэрэг үйлдсэн байгаа юм.

-Малын хулгайн гэмт хэргийг давтан хийгээд байгаа нь үүнд оногдож буй ял шийтгэл сул муу байгаагийнх гэж та бүхэн дүгнэдэг үү?

- Мал хулгайлах гэмт хэрэг гараад буй гол хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, иргэд малаа өөрийн гэсэн байнгын хариулгатай, хараа хяналттай байх хэрэгтэй. Хоёрдугаарт гэмт хэрэг үйлдэж буй этгээдэд зориулсан ялын бодлого хэрэгтэй байна. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн  хуулийн 17.12-т заасныг үндэслэн шийдвэрлэдэг. Үүнд бусдын олон тооны мал (24 бог, найман бод) хулгайлсан этгээдийг 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг нь хязгаарлах, хорих ялаар шийтгэнэ гэж заасан. Малын хулгай үйлдэгсдийн 80 орчим хувь нь олон нийтэд тустай ажил хийх буюу хөнгөн ялаар шийтгүүлдэг. Үүнээс шалтгаалан хүнд ялаар шийтгүүлэхгүй юм чинь гэж бодож, дахин хулгай хийдэг. Монгол Улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд хоригдоод дахин тухайн гэмт хэргээ хийсэн 100-150 гаруй этгээдүүд байна гэж би үзээд байгаа. Эдгээр этгээдүүдийн үйлдлийг хянаад явж чадвал энэ төрлийн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурах суурь үндэс бүрдэнэ. Дээрх гэмт хэргийг насны байдлаар нь авч үзвэл 17-42 насныхан зонхилж байна. 

-Махны ченж нар хулгайн мал гэдгийг мэдэхгүйгээс ийм төрлийн гэмт хэрэгт эзэн холбогдогчид болоод байх шиг. Ийм хэрэгт холбогдсон ченж болон эзэн холбогдогч нарт ямар ял шийтгэл өгдөг юм бол?

-Хаана эрэлт байна тэнд нийлүүлэлт байдаг. Ченж нар хямд мах, мал олдвол авчихдаг. Гэтэл эргээд тухайн ченж гэмт хэргийн холбогдогч болж байгаа гэдгээ төдийлөн мэддэггүй. Хуулийн мэдлэг нимгэн байгаа нь бас нөлөөлж байна. Одоо шинээр мөрдөгдөх гэж байгаа шинэ эрүүгийн хуульд тухайн гэмт хэрэгт оролцсон, мах худалдаж авсан ченжид хуулийн хариуцлага хүлээлгэх заалт тусгайлан зааж өгсөн байгаа. 2017  оноос мөрдөж байгаа хуульд тухайн ченжийн үүрэг оролцооноос хамаараад  6 сараас дээш хорих, торгууль ноогдуулах зэрэг ял шийтгэл өгч байна” гэв.

МАХ ЗӨӨГӨӨД 200 МЯНГАН ТӨГРӨГ АВААРАЙ ГЭЖ ХЭЛЭЭД ХУЛГАЙН МАХ ЗӨӨЛГӨЖЭЭ

Хулгайлагдаж нядлагдсан адуун дунд аймаг, улс, бүсийн хэмжээнд хурд хүчээ сойж байсан хурдан удмын адуунууд байсан гэнэ. Мөн малын хулгай хийдэг этгээдүүд малын хулгай хийхээс гадна замдаа байгаа эзэнгүй айлын үнэт эдлэлийг хулгайлсан тохиолдол ч цөөнгүй гарчээ. Иймээс ард иргэдийг гэрээ эзэнгүй орхихдоо ойр дотны айлдаа захих, малаа хараа хяналтгүй удаан хугацаагаар орхихгүй байхыг анхааруулж байлаа.

Өөрөөсөө ах хүмүүст уруу татагдаж хулгайн гэмт хэргийн эзэн холбогдогч болсон гэх хүүгээс зарим зүйл тодруулсан юм. Тэрээр “Хамт ажил хийдэг байсан найзын ах энэ хүмүүст туслаад “махыг нь  зөөгөөд өгчих, тэгвэл мөнгө өгнө” гэсэн. Би хулгайн мах гэдгийн мэдээгүй. Одоо 17 настай. Сургуульд сурахгүй байгаа. Өмнө ийм хэрэгт оролцож байгаагүй. Нэг удаа мах зөөхөд нь  туслахад 200 мянган төгрөг авдаг. Гэхдээ би намар нэг л удаа мах зөөхөд нь тусалж мөнгө авсан. Өөр гэмт хэрэг үйлдсэн байдлыг сайн мэдэхгүй байна. Ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Ар гэрт гачигдаж дутагдсан юм байхгүй. Санаандгүй ийм хэрэгт холбогдчихлоо” гэсэн юм.

ЧЕНЖ НАРТАА ЗАХИХАД МАЛЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧГИЙГ САЙН ШАЛГАЖ БАЙХГҮЙ БОЛ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ АЮУЛТАЙ ЮМ БАЙНА

Мөн тухайн хэрэгт хоёр махны ченж эзэн холбогдогчоор байцаагдаж байгаа. Тэдний нэгээс нь яагаад ийм хэрэгт холбогдсон талаар тодрууллаа. Тэрээр “Хөдөө орон нутгийн малчдаас мах цуглуулж хотод авч ирээд зардаг. Түүн шигээ л бодсон юм л даа. Хямдхан үнээр аваагүй, тухайн үеийн махны ханшаар нь л авсан. Уг нь би эдгээр хүмүүсээс асуусан, махны гарал үүслийн бичгийг хүртэл нэхсэн. Гэтэл та санаа зоволтгүй, ямар ч асуудалгүй л гэсэн. Энэ үйлдэл надад маш их сургамж боллоо.  Бусад ченж нартаа захихад малын гарал үүслийн бичиг, хаанаас ирсэн гэдгийн сайн шалгаж байхгүй бол эргээд гэмт хэрэгт холбогдох аюултай юм байна шүү гэдгийг дахин дахин захимаар байна” гэв.

МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭ ГАРААД МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН

Өмнө мал хулгайлах гэмт хэргээр шалгагдаж байсан гэх этгээд хэлэхдээ: “Би Завхан аймгийнх. Эдгээр хүмүүсийг сайн мэдэхгүй. Өнгөрсөн намар хүртэл барилга дээр ажил хийсэн. Тэр ажил маань зогсоод, гэртээ нэг хэсэг байсан. Мөнгөний хэрэгцээ гараад мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг. Эхнэр маань намайг ийм гэмт хэрэг үйлдсэнийг мэдэхгүй байгаа, өөр юу ч ярмааргүй байна” гэсэн юм.

Мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд түлхэц өгдөг нэг зүйл нь малын зар гэнэ. Цагдаа нар дотоод сүлжээндээ алдсан малын тухай мэдээлэл байршуулдаг ч, малчдын мэдээлэл дутмаг аж. Тиймээс “Малчин лавлах” буюу 109,1900 1922 дугаарт хандаж, эрсэн, олсон, харсан малынхаа тухай мэдээллийг өгөх шаардлагатай юм байна.

Б.ҮРЖИГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button