Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн, Н.Дагвасүрэн нарын гэрээ ЦУЦЛАГДЖЭЭ

- ТАМИРЧИД ЖИЛДЭЭ 68 САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ АЖИЛЛАХААР БАЙЖЭЭ-
Дотооддоо өрсөлдөөн өндөртэй болж, нэг бөхдөө дарагдан олон сайхан залуус зэвэрч байгаа төрлийн нэг бол жүдо. Өнгөрсөн оны хоёрдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Арабын Нэгдсэн Эмират улс манай гурван жүдочийг легионер тамирчнаар авах болсон талаар мэдээлж байсан.



Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66кг-ийн жинд барилддаг ОУХМ Д.Төмөрхүлэг, 81кг-ийн Н.Дагвасүрэн, 100кг-ийн Б.Тэмүүлэн нарыг Арабын нэгдсэн Эмират улсад уригдаж, гэрээ хэлэлцээрийн шатанд явагдаж, 2018 оны тавдугаар сараас эхлэн АНЭУ-ын нэр дээр тэмцээн уралдаанд орох болсон. Мөн тухайн тамирчид жилдээ 68 сая орчим төгрөгийн цалинтай ажиллахаар байсан юм.
Гэвч тэдний АНЭУ-ыг зорьсон талаар олон нийтэд цацагдаагүй бөгөөд энэ тухай мэдээлэл нам гүм болсон юм. Мэдээллийн мөрөөр лавлахад АНЭУ-д легионер тамирчнаар явахаар яригдаж байсан тамирчдын гэрээ хэлэлцээр цуцлагджээ.
“БИД ГУРВЫН ХУВЬД ХАРАМСАЛТАЙ ЗҮЙЛ БОЛСОН”
Энэ талаар ОУХМ Д.Төмөрхүлэгээс тодруулахад “АНЭУ-аас санал ирсний дагуу бид гурав бүтэн нэг жилийн хугацаанд тэмцээн уралдаанд оролцохгүй, иргэншил солих асуудлаа цэгцэлж байсан. Тэмцээн уралдаан оролцохгүй ч гэсэн байнгын бэлтгэл сургуулилт хийж ДАШТ-д оролцох бэлтгэлээ базааж байлаа.
Гэвч 2018 оны найман сард буюу ДАШТ-ий өмнөхөн бидэнд легионор тамирчин авах асуудал цуцлагдсан талаар мэдээ ирсэн. Тамирчин хүн бүтэн нэг жил тэмцээн уралдаан оролцохгүй байна гэдэг ямар билээ.Тийм ч учраас энэ тал дээр бид гурвын хувьд харамсалтай зүйл болсон.
АНЭУ-ын Гадаад хэргийн яаманд бүтцийн өөрчлөлт хийгдэж, гадаадаас тамирчид авахгүй гэсэн шийдвэр гаргаж бидний гэрээ хэлэлцээр цуцлагдсан. Манай холбоо болон манай улсаас шалтгаалсан ямар нэгэн зүйл огт байгаагүй, ” хэмээн ярьсан юм.

Одоо дээрх тамирчид шигшээ багийн бүрэлдэхүүндээ хэвээр байгаа бөгөөд энэ долоо хоногт шигшээ багийн бэлтгэл сургуулилтад гарч байгаа аж. Манай улсаас өмнө нь энэ төрөлд Өмнө нь манай улсаас 2015 оноос эхлэн эмэгтэйчүүдийн 48 кг жинд Г.Отгонцэцэг Казахстан улсаас барилддаг болсон. Мөн 2017 оноос эхлэн Азербайжаны нэрийн өмнөөс 48 кг-ын Э.Базаррагчаа, 52 кг-ын П.Буянхишиг, 57 кг-ын М.Ичинхорлоо нар иргэншлээ сольж тэмцээн уралдаанд оролцох болсон билээ.
Ж.ДӨЛГӨӨН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.