Б.Батбаатар: COP17 бол хөрөнгө оруулалтыг бодит эдийн засгийн өсөлт болгон хувиргах хаалга юм

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батбаатартай ярилцлаа.
-Юуны өмнө Танд энэ өдрийн мэнд хүргэе. Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдаад 100 хоногийн хугацаа өнгөрлөө. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувьд, мөн ногоон үзэл баримтлалтай намын даргын хувьд онцлох ажлуудаа дурьдаж ярихыг танаас хүсэж байна?
-Баярлалаа. Юуны өмнө Иргэний Зориг Ногоон намын даргын хувьд байгаль орчны асуудлыг зөвхөн нэг салбарын хүрээнд бус, эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бодлоготой уялдуулан цогц байдлаар харахыг зорьж байна. Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд бид бодлого, эрх зүй, технологийн шинэчлэл гэсэн гурван чиглэлд тодорхой ахиц гаргалаа.
Тухайлбал, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан Сингапуртай байгуулсан хэлэлцээр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эдийн засгийн эргэлттэй холбох шинэ загвар зэрэг нь онцлох ажлууд юм. Мөн агаарын бохирдол, усны менежмент, хог хаягдлын дахин боловсруулалт зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн ойр асуудлуудад бодит шийдэл гаргах зорилт тавьсан.
Усны менежментийн чиглэлд ч анхаарал хандуулж, Эгийн голын усан цахилгаан станцын экосистемд үзүүлэх нөлөөллийн судалгааг хийх санхүүжилтийг ирэх оны төсвийн төсөлд суулгалаа. Энэ нь манай улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний төслийг урагшлуулах суурь алхам болж байгаа юм
Мөн Завхан голын салааг ашиглан Эрээн нуурыг сэргээх ажлыг дуусгалаа. Энэ төсөлд 814 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд усны урсацыг нөхөн сэргээж, экосистемийг амилуулах нөхцөл бүрдүүлсэн. Шинэ Хархорум хотын усан хангамжийн төлөвлөлтийг ч байгальд ээлтэй байдлаар шийдлээ. Орхон голоос эх авч, Хэлтгий цагаан нуурыг сэргээхээр зураг төслөө гарган ажиллаж байна. Энэ нь байгаль хамгаалах, аялал жуулчлал, соёлын өвийг хослуулсан нэгдсэн шийдэл юм. Цаашид говийг усжуулах төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.
-Байгаль орчны яам гэхээр тусгай хамгаалалттай газар буюу Богд уул, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын асуудал хөндөгддөг. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг баталгаажуулсан нь бас анхаарал татаж байна. Энэ талаар тодотгож өгнө үү?
-Тийм ээ, Иргэдийн анхаарлын төвд байдаг энэхүү асуудлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, газар олголт, ашиглалттай холбоотой асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Яамны зүгээс гарах бодлого, тушаал шийдвэрүүдийг хууль журамд нийцсэн, иргэд аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг, байгаль экологид сөрөг нөлөөгүй байлгах тал дээр онцгой анхааран ажиллаж байна.
Нэмж хэлэхэд, Монгол Улс 1992 онд “Биологийн олон янз байдлын конвенц”-д нэгдсэн анхны орнуудын нэг. Тэр үед газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах амлалт өгсөн байдаг. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар 19 газрын хилийн заагийг шинэчлэн баталлаа. Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 1.5 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.5 сая га талбай Улсын тусгай хамгаалалтад багтсан. Энэ бол байгаль хамгаалах бодлогоо газарт буулгасан, бодит үр дүн гарсан ажил гэж хэлж болно.
-Хууль эрхзүйн шинэчлэлд анхаарч байгаа гэлээ. Байгаль орчны багц хууль шинэчлэн батлагдаад арав гаруй жил боллоо. Салбарын хуулиудын шинэчлэлийн асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ тал дээр ямар ажлууд хийгдсэн бэ?
-Өнгөрсөн хугацаанд олон жил хүлээгдэж байсан хэд хэдэн хуулийн төсөл бэлэн боллоо. Тухайлбал, Амьтны тухай хууль, Генетик нөөцийн тухай хууль, Ойн тухай хуулийн шинэчлэл, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль гээд нийт 10 гаруй хуулийг намрын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байна. Эдгээр хуулийн төслүүдийг шинэчлэн сайжруулалт хийлээ.
Эдгээр хуулиар бид зөвхөн хамгаалахаар хязгаарлагдалгүй, ашиглалт, нөхөн сэргээх, хяналт, инновацийг уялдуулсан цогц экосистемийг бүрдүүлэх зорилготой.
-Та яриандаа технологийн шинэчлэлийн талаар дурьдсан. Чухам ямар шинэчлэл хийсэн талаараа сонирхуулаач?
-Цаг уурын судалгаа шинжилгээ, урьдчилсан мэдээлэл гаргах зориулалтаар шинэ суперкомпьютерийг ашиглалтад оруулсан нь чухал технологийн дэвшил болж байна. Энэ бол манай салбарын технологийн хамгийн том шинэчлэл. 10 гаруй жил шинэчлээгүй, өмнө ашиглаж байсан системээс 16 дахин хурдан тооцоолох чадвартай шинэ суперкомпьютерийг ашиглалтад орууллаа.
Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар бид цаг агаарын урьдчилсан мэдээг 10 хоногийн өмнөөс 2.5 км нарийвчлалтай гаргаж чаддаг болсон. Энэ нь малчид хөдөлмөрчдийн амьдрал ахуй, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, дэд бүтэц, онцгой байдлын төлөвлөлтөд асар том дэмжлэг болно.
Мөн байгаль орчны зөрчилд иргэдийн дуу хоолойг илүү нээлттэй болгох зорилгоор шинээр цахим платформ нэвтрүүллээ. Иргэд гар утсаараа waste.mecc.gov.mn цахим хуудсанд нэвтэрч, агаар, ус, хөрс, амьтан ургамал, хог хаягдал гэх мэт зөрчлийг байршил, зурагтай нь илгээх боломжтой болсон.
Мэдээлэл нь тухайн орон нутгийн мэргэжлийн байцаагчдад очиж, богино хугацаанд хариу арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна. Энэ бол төр–иргэний хамтын хяналтын шинэ соёл гэж хэлж болно.
Мөн хиймэл оюун ухаан, хиймэл дагуул ашиглан мониторинг, ажиглалт болон дата цуглуулалт хийх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Өргөн уудам нутагтай ч хүний нөөцийн дутагдалтай байгаа салбарын хувьд өсөн нэмэгдэж буй шинэлэг технологийг нэвтрүүлэн ажиллах нь чухал болж байна. Хөгжлийн түншлэгч нартай санал солилцож байгаа бөгөөд тэдний дэмжлэгтэйгээр ирэх жилээс тодорхой ажлуудын эхлэх тавигдана гэдэгт итгэлтэй байна.
-Сингапурт ямар хэлэлцээр байгуулсан бэ? Энэ нь Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, карбон кредитын зах зээлд Монголын оролцоонд яаж нөлөөлөх вэ?
-Бид Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр орж ирж болох бүх боломжийг ашиглахыг зорин ажиллаж байна. Сингапуртай хэлэлцээр байгуулах ажил 2022 оноос хойш удаашралтай байсныг эрчимжүүлж, эцэслэн Засгийн газрын энэ оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Бид Сингапур улстай “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлын бууралтад бодит үр дүн гаргах, олон улсад шилжүүлэн тооцуулснаар санхүүгийн үр ашигтай ажиллах, уур амьсгалын санхүүжилтийг эдийн засгийн салбаруудад татах замаар үндэсний тодорхойлсон хувь нэмрээ биелүүлэх, карбон зах зээлд оролцох чадавхиа нэмэгдүүлэх чиглэлд маш чухал алхам боллоо.
Энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс дэлхийн санхүүгийн Зүүн Өмнөд Ази дахь гол төв болсон Сингапур Улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах, хүлэмжийн хийн ялгарлын бууралтаа арилжих боломжтой болж байна. Энгийнээр хэлбэл: байгалиа хамгаалахын зэрэгцээ эдийн засаг, санхүүгийн шинэ эх үүсвэр бий болгох суваг юм. Жишээ нь: Нийслэлд хийн түлшний хэрэглээ нэвтэрч эхэлж байна. Энэ бол хүлэмжийн хийн ялгарлыг хумиж байна гэсэн үг. Ингэснээрээ карбон кредит тооцуулж үнэлгээ тогтоох боломж үүсч байна. Энэ мэтчилэн уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуй, эрчим хүч гээд бүхий л салбар дахь ногоон шилжилт Сингапурын хэлэлцээрээр баталгаажсан гэж хэлж болно. Нэг тонн хүлэмжийн хийн ялгарлын бууралт буюу нэг карбон кредитийн үнэ Сингапурын зах зээлд 20 ам.доллар орчим байгаа гэж үзвэл Монгол Улс энэ хэлэлцээрийн хүрээнд жил бүр 10 сая тонн хүлэмжийн хийн бууралтыг баталгаажуулж шилжүүлж чадвал ойролцоогоор 200 сая ам.долларын валютын орлого олох бүрэн боломжтой гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл, бид байгаль орчноо хамгаалах, экологийн тэнцвэрт байдлаа хадгалахын сацуу, уур амьсгалын бодлогыг эдийн засгийн бодит өгөөжтэй болгож, уул уурхайгаас хамаарал бүхий эдийн засгаа солонгоруулан Монгол Улсад валютын шинэ урсгал бий болгох эхлэл тавьж чадсан.
Мөн Европын холбоо олон жилийн турш манай байгаль орчин, биологийн олон янз байдал, ойн чиглэлээр их хэмжээний санхүүжилт өгсөн. Гэтэл энэ бүгд бичиг цаасны түвшинд л зарцуулагдсан байдаг. Бид харилцаа, хамтын ажиллагаагаа зарчмын өөр түвшинд гаргаж, бодит үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн. Мөн манай улс Швейцарын Холбооны Улстай энэ чиглэлээр хийх Засгийн газар хоорондын хэлэлцээрт онцгой анхаарал хандуулж байна. Хэлэлцээр 5 үе шаттай явагдаж дууслаа. Одоо хоёр талын ажлын хэсгийн тохиролцоонд хүрсэн хэлэлцээрийн төслөөр яамдуудаас санал авахаар ажиллаж байна. Хэлэлцээрийг манай яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамдын хамтарсан баг хийж гүйцэтгэсэн. Одоо бид 11-р сард болох СОР30-ын үеэр энэ хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна
-Ирэх жил Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсад болох гэж байна. Одоогийн байдлаар бэлтгэл ажил ямар шатандаа яваа вэ?
-Энэ НҮБ-ын чуулган, хурал бол Монгол Улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтлын асуудлуудтай уялдуулан эх орныхоо ногоон хөгжил, байгаль орчны салбарт тулгамдаж буй хүндрэлүүдээ болон сайн туршлагуудаа дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх хамгийн том боломж юм. Монгол Улс 1996 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдэн орсон. Талуудын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг бөгөөд 2022 онд болсон 15 дугаар хурлын үеэр 2026 оны бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Бэлтгэл ажлын хувьд Засгийн газар 2025 оны эхээр Үндэсний хороог байгуулж, миний бие ахалж байгаа. Одоогоор дүрэм, журам, төлөвлөгөө, төсвийн нарийвчилсан зураглал бүрэн боловсруулагдаж, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хэлэлцээрүүд хийгдэж байгаа.
Дэлхийн 197 орныг нэгтгэдэг том хурал учраас бэлтгэл хангах хүрээнд олон ажил зэрэгцэн хийгдэж байна. Тухайлбал хурал зохион байгуулах, уулзалт хэлэлцээрүүд хийгдэх барилга, байгууламжуудыг барих асуудал. Энэ ажлыг Нийслэлийн ЗДТГ-тай хамтран гүйцэтгэж байна. Энэ жилдээ төлөвлөсөн суурь дэд бүтцийн бэлтгэл ажил үндсэндээ дуусаж байгаа. Ирэх жилээс түр байгууламжийг барих ажил эхэлнэ. Үүнийг дагаад зочид, төлөөлөгчдийг буулгах зочид буудал, хот дотор үйлчилгээ үзүүлэх унаа, тээврийн зохицуулалт гээд ажлууд ирэх жилээс хуваарийн дагуу хийгдэнэ. Нөгөө талаар бодлого, төлөвлөлтийн асуудлууд бий. Бид өөрсдөө зохион байгуулж байгаа гэдэг утгаараа санаачлагатай оролцох нь чухал. Тийм ч учраас Талуудын 17 дугаар бага хурлыг салбар дундын зохицуулалттай олон асуудлыг хэлэлцүүлэх, шинэ санал, санаачилга гаргах, төрөөс бусад оролцогч нарыг дэмжсэн байдлаар зохион байгуулах зэрэг төлөвлөгөө гаргасан. Жишээ нь өмнөх хурлуудын туршлагаас харахад газрын менежментийг голчлон хэлэлцдэг энэ хурлыг өндөр агуулгатай, өргөн бүрэлдэхүүнтэйгээс гадна конвенцын гишүүн орнуудын зөвшилцөлд хүрэхгүй байгаа зарим асуудлуудыг шийдвэрлүүлэхэд анхаарах зэрэг бүтээн байгуулалтаас гадна бодлогын асуудлуудыг хурлын агуулгад шингээхийг зорьж байна. Манай улсыг зохион байгуулалтад дэмжин туслаж ажиллахаа илэрхийлсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын байгууллагууд, засгийн газруудын тоо нэмэгдсээр байгаад үндэсний хорооны даргын хувьд баяртай байгаа. Зохион байгуулагчдын зүгээс Талуудын 17 дугаар бага хурлыг үндэсний хэмжээнд дамжуулах, мэдээлэл түгээх, сонирхсон оролцогчдод нээлттэй байлгах хүрээнд НҮБ-ын албан ёсны 6 хэл дээр нэмээд монголчуудад идэвхитэй оролцоог хангах зорилгоор монгол хэлрүү орчуулгатай явуулахаар түншлэгч талуудтай ярилцаж байна. Монголдоо болон олон улсын хэмжээнд сурталчлах хүрээнд олон шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд санхүүжилт болон түншлэгч нартай ярилцаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо энэ ажилд чухал байгаа, мөн СОР17-гийн эргэн тойронд мэдээлэл түгээх хүрээнд бид сэтгүүлчдийг байгаль орчны талаар мэдлэгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн.
-COP17 хурлыг зохион байгуулах нь манай улсын хувьд ямар бодит ач холбогдолтой вэ?
-Цөлжилттэй тэмцэх тухай конвенц, түүний талуудын бага хурлыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээний хамгийн чухал талбар гэж үздэг маш олон улс, байгууллагууд байдаг. Мөн газартай холбогдож буй бүхий л салбар, чиглэлүүдэд энэ конвенц, хурал чухал. Энэ утгаараа зөвхөн байгаль орчны хурал биш, эдийн засгийн маш чухал боломжоос гадна Ногоон дипломат бодлогыг бэхжүүлэхэд өндөр ач холболгдолтой хурал гэж бид тодорхойлж байгаа. Цөлжилт, газрын доройтол бол зөвхөн экологийн асуудал биш — хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, усны нөөц, иргэдийн амжиргаа, улс үндэстний хөгжил - эдийн засгийн бүтцэд шууд нөлөөлдөг асуудал.
Монголд энэ хурлыг зохион байгуулж дэлхийн анхаарлыг конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг – шинжлэх ухааны хосолмол зэрэгт хандуулна. Үүний зэрэгцээ олон улсын донор байгууллага, хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ.
Өмнөх хурлуудын туршлагаас харахад, ийм хэмжээний хурал дараа дараагийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг нь ач холбогдолтой юм билээ.
Жишээ нь, 2022 онд Баруун Африкийн Кот-д’Ивуар Улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8,000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Харин түүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байна.
2024 онд Саудын Арабын Хаант Улс улс орнуудын ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах, түншлэлийг бэхжүүлэн дэмжих хүрээнд “Гангын түншлэл”-ийг санаачилан 12 тэрбум долларын амлалтыг татаж чадсан. Энэ түншлэлд нэгдэн орсон талууд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж байна.
Монголын хувьд COP17- амжилттай зохион байгуулснаар ийм түвшний олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэнэ. Хэрвээ бид хурлын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал, хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөл, санхүүжилтүүд татах бүрэн боломжтой гэж үзэж байна.
-Өмнөх COP-уудын үр дүнг харвал эдийн засгийн хувьд тодорхой ашиг бий болж байна. Монгол Улс энэ боломжийг хэрхэн ашиглах вэ?
-Яг тийм. Хурлын дараа хөрөнгө оруулалт, түншлэлүүд эрс нэмэгддэг. Турк, Кот-д’Ивуар, Нигер зэрэг улсуудын туршлагаас харахад, COP-ийн дараах гурван жилийн хугацаанд тухайн улс орнуудын байгаль орчны хөрөнгө оруулалт хоёр, зарим тохиолдолд гурав дахин өссөн байдаг. Манай улсын хувьд 10 доллар зарцуулаад 100 долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавин ажиллаж байна.
Монгол Улс энэ боломжийг бодит болгохын тулд COP17-ийн үеэр “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын шүтэлцээ санаачилга” болон хувийн хэвшлийн салбарын оролцоотой Тогтвортой дэд бүцтийг хөгжүүлэхдээ байгальд суурилсан шийдлүүдийг ашиглахыг уриалах зорилготой санаачилгуудыг боловсруулж байна. Энэ нь зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн хэмжээнд бэлчээрийн тогтвортой менежментийн шинэ бодлого гаргах эхлэл болно.
Товчхондоо хэлэхэд, COP17 бол манай улсын нэр
хүндийн хурал төдийгүй, уур амьсгалын хөрөнгө оруулалтыг бодит эдийн засгийн
өсөлт болгон хувиргах хаалга юм.
Бид байгалиа хамгаалахын зэрэгцээ шинэ төрлийн санхүүжилтийн урсгал, шинэ ажлын
байр, шинэ боломжуудыг нээх гэж байна. Энэ бол Монгол Улсыг “ногоон хөгжил”-ийн
бодит загварт шилжүүлэх түүхэн боломж гэж хэлж болно.
-Та сайдаар томилогдсоноос хойш гадаад харилцааны чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь анзаарагдаж байна?
-Миний хувьд хамгийн эхэнд анхаарсан зүйл бол гадаад хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах явдал байсан. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэл бол зөвхөн нэг улсын дотоод асуудал биш, дэлхийн хэмжээнд хамтдаа шийдэх асуудал шүү дээ.
Тантай уулзахын өмнө л гэхэд Оманы Байгаль орчны сайдтай видео хурал хийж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хамтарсан санаачилга гаргахаар тохирлоо.
Ирэх оны наймдугаар сард Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) бол бидний гадаад харилцааг өргөжүүлэх хамгийн том боломж юм. Энэ хурлын бэлтгэл ажлын хүрээнд би Монгол Улсад суугаа бүх гадаад улс орнуудын элчин сайдуудтай биечлэн уулзаж, хамтын ажиллагааны чиглэл, хөрөнгө оруулалтын боломжуудыг ярилцсан.
Үүний үр дүнд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Олон улсын байгаль хамгаалах байгууллага (IUCN) -аас эхлүүлэн олон улсын чиглэл, хандлага тодорхойлдог олон нэр хүндтэй байгууллагууд Монголын COP17-ын бэлтгэл ажлыг дэмжиж, хамтран ажиллахаар болсон. Энэ бол манай салбарын хувьд том дэвшил.
Энгийнээр хэлэхэд, гадаад харилцааг идэвхжүүлснээр Монгол Улсын байгаль орчны салбар олон улсын хөрөнгө оруулалт, технологи, туршлага, санхүүжилт татах шинэ гарц нээгдэж байна гэсэн үг. Энэ бол зөвхөн салбарын төдийгүй, улсын эдийн засгийн хувьд ч бодит өгөөжтэй алхам юм.
-Та нийт ажлаа нэгтгэж хэлбэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын ирэх жилүүдийн гол зорилго юу вэ?
-Бидний гол зорилго бол байгаль орчны салбарыг зөвхөн хамгаалалтын хүрээнд биш, эдийн засгийн идэвхтэй хөдөлгүүр болгож хөгжүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, байгалиа хамгаалах, мод тарих, цөлжилттэй тэмцэх, усны нөөцөө нэмэгдүүлэх ажлууд бүгд санхүүгийн эргэлт, эдийн засгийн өгөөжтэй байх ёстой.
“Тэрбум мод” хөтөлбөрийг карбон кредитын зах зээлтэй холбосноор жил бүр 100–200 сая ам.долларын валютын орлого олох боломж нээгдэж байна. Сингапуртай байгуулсан хэлэлцээр, COP17-ын бэлтгэл, “Ус–Газар–Ой” олон улсын санаачилга — энэ бүхнийг нэгтгэвэл Монгол Улс уур амьсгалын бодлогоороо бүс нутгийн хэмжээнд гол тоглогч улсуудын нэг болох бүрэн боломжтой гэж харж байгаа.
Бид
дэлхийн хэмжээнд томоохон нүүрсхүчлийн ялгаруулагч биш ч гэсэн, цөлжилт,
бэлчээрийн доройтлын эсрэг дэлхийн шийдлийг санал болгох чадвартай улс.
COP17 хурал бол үүний хамгийн тод жишээ болно. Монгол хүн байгалиа хайрладаг,
байгальтайгаа зохицон амьдрах уламжлалтай ард түмэн. Тэр уламжлалаа орчин үеийн
шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулж чадвал Монгол Улс уур амьсгалын
өөрчлөлтийн эсрэг бодит шийдэл гаргагч улс болох зорилт тавьж байна.
-Таны хувьд энэ бүх ажлыг нэг үгээр илэрхийлбэл?
-Нэг
үгээр хэлбэл ногоон хөгжил бол ирээдүйн эдийн засаг.
Бид байгалиа хамгаалж байгаа мөртлөө эдийн засгаа өсгөж, валютын орлогоо
нэмэгдүүлж, шинэ ажлын байр бий болгож чадна. Энэ бол зөвхөн байгаль орчны биш,
Монгол Улсын хөгжлийн шинэ загвар юм.
Баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БаЙГАЛЬ ОРЧИН, УУР ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМЫГ ЕРӨНХИЙ ЧИГЛЭЛИЙН ЯАМ БОЛГОЖ ӨГВӨЛ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БУСАД БҮХ ЯАМ ГАЗРЫН АЖЛЫГ ЭКОЛОГЖУУЛАХ ҮҮД НЭЭГДЭНЭ ГЭДГИЙГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ. эНЭ ЧИНЬ сАНГИЙН ЯАМНААС ИЛҮҮ ТОМ ЭРХТЭЙ ЯАМ БАЙХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ. хаРИН БИ ЭНД ТЭНД ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАХЫГ ТААШАХГҮЙ БАЙГАА ЮМ. мОНГОЛД УСЫГ НӨӨЦЛӨХ АЖЛЫГ АЛЬ БОЛОХ УУРШИЛТЫГ БАГАСГАХ ТЭГЛЭХ АЖИЛТАЙ ХАВСРУУЛАХГҮЙ БОЛ ДУЛААРАЛТЫН ЭНЭ ЭРИН ҮЕД УСНЫ АСАР ИХ АЛДАГДЛЫГ БИЙ БОЛГООД БАЙГАА ЮМ ШҮҮ.
энэ ац юугаа мэддийн