БНХАУ-ын зах зээлд олон улсын томоохон компаниудын орлого хэцүүдэж байна

Гадаадын олон компанийн хувьд БНХАУ дахь бизнес нь урт хугацааны өөрчлөлтөд оров. Тус улсын эдийн засгийн өсөлт суларч, хэрэглэгчдийн эрэлт буурсан явдлаас гадна дотоодын компаниудын үзүүлж буй хүчтэй өрсөлдөөн нь гадаад компаниудын бизнест хэцүүхэн тусаж байна.
Автомашины салбарын аварга “BMW”, “Uniqlo” компанийг эзэмшдэг “Fast Retailing”, тавилгын бизнесийн аварга “IKEA” гэх мэт олон улсын компаниуд БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийг сөргөөр харж буй. Тэдгээр компанийн зарим нь орлогын таамаглалаа бууруулж, бусад нь нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрчээ.
БНХАУ-ын эдийн засаг худалдааны дайн болон хэрэглэгчдийн эрэлт буурсантай холбогдуулан саарч байгаа. Үүн дээр нэмэгдэн компаниуд үнээ бууруулан ширүүн өрсөлдөж байгаа явдал болон үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хөдөлгөөн, АНУ-ын гаалийн татвар нь олон улсын компаниудын орлогод цохилт болж байна.
“IKEA”-ийн франчайзер “Inter IKEA”-гийн гүйцэтгэх захирал Жон Абрахамссон Ринг хэлэхдээ “Илүү ухаалаг байдлаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх замыг хайж, үнийг бууруулах хэрэгтэй. Мөн БНХАУ-ын зах зээлд байр сууриа бэхжүүлэх талаар сурах шаардлагатай” гэжээ.
АНУ-ын тариф болон БНХАУ-ын дотоодын компаниуд үнэ бууруулж өрсөлдөж буй явдал хамгийн хүнд туссан нь олон улсын машины компаниуд. “BMW”, “Mercedez-Benz”, “Porsche”-гийн БНХАУ дахь бизнесүүдийн хувьцаа унасан байна.
Мөн дэлхийн савласан хүнсний салбарын хамгийн том компани болох “Nestle” мэдэгдэл хийхдээ Хятад хэрэглэгчдийн эрэлтийг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэжээ. Дэлхийн хамгийн дэвшилтэт компьютерийн чипийг хийх төхөөрөмжийг үйлдвэрлэдэг “ASML” мэдэгдэл хийхдээ БНХАУ-ын эрэлт ирэх жил ихээхэн буурч, Хятад дахь худалдааны орлого буурах нь хэвийн үзэгдэл болно хэмээсэн юм.
БНХАУ-ын хэрэглэгчид мөнгөө зарцуулах арга барил өөрчлөгдсөн нь мөн дэлхийн компаниудад сөргөөр нөлөөлж байна. Хэрэглэгчид “Alibaba”, “Taobao” зэрэг цахим худалдааны платформуудын хямдралтай бүтээгдэхүүнийг худалдан авахыг илүүд үзэх болсон.
“Uniqlo” компанийг эзэмшдэг “Fast Retailing” компанийн Хойд Америк дахь орлого 24 хувиар өссөн юм. Гэвч БНХАУ дахь худалдаа болон орлого нь буурсан байна. “Anta”, “Li Ning” зэрэг дотоодын компаниудын үзүүлж буй өрсөлдөөн нэмэгдэж байгаа тул “Nike”-ийн БНХАУ дахь борлуулалт буурчээ. Хятад хэрэглэгчдийн худалдан авалтыг дэмжихийн тулд “Nike” саяхан ЛеБрон Жеймс, Жа Морантыг БНХАУ-аар аялуулсан юм.
БНХАУ-ын салбарт тансаг эдлэлийн брэндүүд таамаглалаас дээр үр дүнтэй ажиллаж байгаа аж. Тухайлбал “LVMH” компани гуравдугаар улиралд хүлээлтээс сайн борлуулалттай байжээ. “LVMH”-ийн гүйцэтгэх захирал Сесил Кабанис “Бид шинэ санаачилга, инновац эсвэл жижиглэнгийн худалдаанд шинэ сэтгэл татсан шийдэл гаргах бүрд хэрэглэгчдийн сонирхол нэмэгдэн хэрэглэгчид маш хурдан хариу үйлдэл үзүүлж байна” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.