Гадаад мэдээДЭЛХИЙ

Британийн хоёр эмэгтэй 13 мянган километрийн турш завь залуурдан Номхон далайг туулжээ

Хоёр Британи эмэгтэй зургаан сарын хугацаанд 13,217 км-ийн турш завь залуурдан Номхон далайг туулсан байна. Мириам Пэйн, Жесс Роу нар ямар нэгэн дэмжлэг авалгүй Номхон далайг залууртай завиар туулсан анхны эмэгтэйчүүд болж байгаа юм. Тэд Перугээс Австралийн Кайрнс хот руу залууртай завиар явжээ.

Пэйн, Роу хоёр дөрөвдүгээр сард Номхон далайг гатлах эхний оролдлогоо хийсэн ч залуур нь эвдэрсэн учир цуцалсан байна. Дараа нь тэд тавдугаар сард Velocity нэртэй есөн метрийн урт завинд 400 кг хатаасан хүнс, ус давсгүйжүүлэгч болон нарны зай хураагуур баглаад гатлах оролдлогоо эхлүүлсэн юм.

Аяллынхаа үеэр тэд 9 метр өндөр давлагаа, нойргүйдэл гэх мэт зүйлсийг даван гарчээ. Үүнээс гадна тэд томоохон чингэлэгт хөлөгт мөргүүлэх эрсдэлтэй байсан юм. Роу эцэст нь Перуд хүрснийхээ дараа “Сүүлийн хэдэн цаг үнэхээр хэцүү байсан. Салхи биднийг сувгаас түлхэж байсан тул эрэгт хүрэхгүй нь дээ л гэж бодсон. Эрэг рүү сэлэх шаардлага гарч магадгүй гэж бодсон болохоор одоо энд байгаа нь үнэхээр гайхалтай байна. Маш урт хугацаа зарцуулсан” гэжээ.

Тэрбээр нэмж “Далайд тийм олон өдөр өнгөрөөсний эцэст эх газар харах, Кайрнс хот биднийг дулаанаар угтан авсан нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж” хэмээсэн юм.

Пэйн, Роу хоёр өдрийн турш хамт завиа залуурдаж, харин шөнө хоёр хоёр цагийн ээлжтэй унтдаг байжээ. Аяллынхаа талаар Пэйн ярихдаа “Аяллын минут тутам үнэхээр сайхан байсан. Замд хэцүү сорилтууд тулгарч, техник хэрэгслийн доголдог гарсан. Гэхдээ хэзээ ч айж эмээгээгүй. Номхон далай үнэхээр тайван байсан” гэжээ.

Тэдний байршил илгээгч төхөөрөмж ажиллахаа больсон учир аяллын ихэнх хугацаанд хаана явж байгаа нь тодорхойгүй байсан юм. Пэйн өмнө нь 2022 онд ганцаараа Атлантын далайг туулсан туршлагатай. Тэрбээр “Жесстэй хамт аялах үнэхээр гайхалтай байсан. Бид хамтдаа шаргуу ажиллан, асуудлыг шийдэж, нэг зорилгын төлөө зүтгэсэн нь үнэхээр гайхалтай” гэсэн байна.

Номхон далайг гатлахаас гадна тэд “The Outward Bound Trust” буяны байгууллагад 107 мянган ам.долларын (384 сая төгрөг) санхүүжилт босгож өгсөн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

mundag humuus yumaa

Холбоотой мэдээ

Back to top button