Ярилцлага

Гэрэл зурагчин Э.Ганзориг: Агшныг цензурдэх боломжгүй

Дэлхий дахинаа баримтат, үйл явдлын гэрэл зургийн үнэ цэн их. Хэвлэл мэдээллийн салбарт тэр дундаа үйл явдлын гэрэл зураг бол дангаараа нийтлэл, бичвэрийн дайтай байсаар ирсэн.

Монголд үйл явдлын гэрэл зургууд цаг хугацаа өнгөрөх тусам бидний мартаж, гээгдүүлж болзошгүй улс төр нийгмийн ой санамж болж үлддэг. Энэ ой санамжийн төлөө камераа барин, өдөр бүр үйл явдлаас үйл явдлын дунд амьдарсаар, ажилласаар байгаа Itoim.mn мэдээллийн сайтын гэрэл зурагчин Э.Ганзоригтой ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн салбарынхан үйл явдлаа дагаад завгүй л бужигнацгааж байна. Үүнийгээ дагаад сэтгүүлчийн гаргаж буй мэдээ, нийтлэлд агуулгыг нь бүрэн гүйцэд тодорхойлж чадах “амьтай” гэрэл зургууд нэн чухал. Ийм шаардлага, нөгөө талдаа хариуцлага өдөр бүр ирнэ биз?

-Улс төрийн үйл явдал бужигнасан өдрүүд өнгөрч байна. Энэ бүхэн дунд хамгийн чухал нь үйл явдлыг бүрэн харуулах, тухайн мөч, хором бүрт илэрхийлэгдэж болох тэр л царай, хувирал, цаана далд өрнөх үйл явдлын илрэлийг харуулах агшнуудын төлөө гэрэл зурагчид ажиллаж байдаг.

Үнэнийг хэлье, улс төр, нийгмийн үйл явдлын амьд, хөдөлгөөнтэй, өгүүлэмжтэй гэрэл зургийн оронд даргын албанаас ирдэг гэрэл зураг хэвлэлд хэрэггүй санагддаг юм. Гэрэл нь таараагүй, даргыг л гоё гаргасан, бүгд нэг хэлбэрийн, юу ч үгүй хоосон тийм зураг сэтгүүлч танд ч гэсэн хэрэгтэй юу гэж асуумаар байна. Үгүй л болов уу.

-2015 онд Ганзоригийг Төрийн ордонд улс төрийн үйл явдлын гэрэл зурагчнаар ажлаа хийгээд гүйж байсныг санаж байна. Тэр цагаас хойш улс төрийн маш олон үйл явдлууд өрнөлөө. Засаг төр ч солигджээ. Яг одоогийн парламентийн үед чиний ажиллах эрх чөлөө хэвээр байна уу?

-Нэгэнт яриа дэлгэж байгаагийн учир хэлье л дээ. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед Засгийн газрын анхны хуралдааны үеэр гэрэл зурагчдыг оруулж, сайд нар танхимдаа сууж байхад нь ороод зураг авдаг байлаа. Тухайн үед Засгийн газрын хуралдааны өмнө 15 орчим минут ороод зураг, дүрсээ авчихдаг нээлттэй байсан. Магадгүй тэр үед мэдээллийн сайтууд ч цөөн байсан биз.

Одоо бол бид Засгийн газрын хуралдааны гэрэл зураг албанаас ирдэг болчихсон. Нийт дунд нь өгчихдөг албан зурагтай. Гэтэл уг нь хэвлэл мэдээллийн байгууллага, редакц болгон өөрийн өнгө аястай, өөр өөр хэв маягтай шүү дээ. Яг ингээд харвал парламентийн сэтгүүлчдэд албан мэдээ шидчихдэг, гэрэл зурагчдад нэгдсэн нэг зураг тараачихаар таны, миний үүрэг яг юу билээ гэж бодогдоно. Одоо бол улам л хаалттай болсон. Дан ганц Засгийн газрын үйл ажиллагааг сурвалжлах дээр ч бус парламентийн үйл ажиллагааг сурвалжлахад ч хэцүү.

Гэрэл зургийг: Э.Ганзориг /Зохиогчийн эрхтэй ашиглав/

Энгийн жишээ хэлэхэд л парламент сурвалжлах үнэмлэх гэж олгочихоод нэрс бүртгэж авна гэж гайхалтай сонин зүйл бий. УИХ-ын чуулганы нээлт, хаалтаас авхуулаад олон чухал үйл явдал дээр нэрс авна, бүртгүүлнэ гэх мэт хоцрогдсон хуучинсаг арга барилыг хадгалаад байдаг нь орчин үежих тусмаа ямар хаалттай, төвөгтэй болж байгаа нь мэдрэгдэнэ. Нэрээ өгч чадаагүй бол сурвалжлах, зураг авах эрх үүсэхгүй. Ингээд цаанаас өгдөг өнөөх л зураг дээр унах жишээтэй. Энэ гэхдээ олон нийтийн харахыг хүссэн, мэдэхийг хүссэн үнэн зураг мөн болов уу.

-Албадуудаас өгдөг тэдгээр "гоёмсог, хоосон" зургийн ард уншигч, үзэгч, олон нийтийн ер нь ямар мэдэх, харах эрх гээгдээд байгаа юм бэ гэж магадгүй л дээ?

-Нэг жишээ, Засгийн газар огцорч байх үеийн улс төрийн нюанс өрнөж байлаа гэж бодоход шинэ, хуучин Ерөнхий сайдуудын гаргаж байгаа нүүрний хувирал, биеийн хэлэмж, тухайн цаг мөчид ямар хариу үйлдлүүд үзүүлэв зэрэг нь өөрөө олон нийтэд уншигдахаас гадна энэ нь өөрөө хэвлэл мэдээллийн салбарын ой санамж болж үлдэж байдаг. Албаны гэрэл зурагт ийм амьд бас хурдтай нюансууд мэдрэгдэхгүй. Ихэвчлэн нэг хэв хэлбэрийн стандарттай байдаг. Харин редакц төлөөлөн орж буй үйл явдлын гэрэл зурагчид тэр хором мөч бүрийн хөдөлгөөн, хэмнэлийг хадгалж, олон нийт тэндээс нь маш олон зүйлийг бас тайлбаргүй ойлгож байдгаараа онцлог.

Танхимд ямар уур амьсгал зонхилж, ил илэрхийлэхгүй ч далд өрнөж болох тэдгээр үйл явдлыг ч, хэнтэй хэрхэн харьцаж, тухайн мөчид юу гэж хэлж байна гээд энэ бүгдийг л мэдэрч, ганцхан агшныг авч үлдэхийн төлөө л бид ажиллаж байгаа юм.

-Сэтгүүлчийн хараа, нүд, өнцөг болж байдаг хүн нь зураглаач, гэрэл зурагчин. Бидний олж хардаг тэр л мэдрэмжийг зурагчин бас барьж, мэдрэх болдог. Өөрийн чинь хувьд ч мөн редакцид харьяалагддаг учраас ийм давхцлууд байнга л тулгардаг байх?

-Тэгэлгүй яахав. 2015 оноос хойших миний гэрэл зургууд гэхэд 10 гаруй hard дүүрэн байна. Энэ бүгд яг л ийм процессоор, ийм давхцлуудаас ирсэн ой санамж, архивууд. Яагаад ч юм би нэг ширхэг ч зураг устгаж чаддаггүй. Гэрэл зурагчин болгон л магадгүй над шиг байх. Зураг бүрийн цаг хугацаа, хэн болохыг гол нь сайтар санаж байдаг. Редакциас надад хэний ч юм, ямар ч юм үйл явдлын зургийг байна уу гээд асуухаар хайхад л гараад ирдэг.

Өнөөдөр л гэхэд М.Энхболдын УИХ-ын даргаасаа огцорч байх үеийн тухай нийтлэлд зураг хэрэгтэй байна гэхэд л хайхаар гараад ирэх жишээтэй. Энэ зургийг дагалдсан бусад зургууд нь ч тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг бэлхнээ харуулж л байдаг. Агшныг үйл явдлын гэрэл зурагчин барьж авахын үнэ цэн нь энэ юм.

-Хэдэн жилийн өмнөхөн редакциуд 4 дэх засаглалын тэр "эрх чөлөөг" эдэлж чаддаг байсан. Бэлэн мэдээ, бэлэн гэрэл зураг бидэн рүү шиддэггүй. Сэтгүүлч, зураглаачид тэр халуун үйл явдал руу өөрсдөө орж, гярхайлан ажилладаг байж?

-Би саяын ярьснаараа жишээлээд үргэлжлүүлье. М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулах "Шударга 5" ордны гадна жагсаад тэндээсээ Төрийн ордон руу орж, улмаар УИХ-ын даргын өрөө рүү очих, өрөө рүү нь ороод хэлэлцэх үе гээд энэ бүх процессийг сэтгүүлч, зураглаачид хэн хэн нь саадгүй шуудхан ороод сурвалжилж байсан юм.

Тэр ч бүү хэл тэр цаг мөчийн үйл явдлын хамгийн эгзэгтэй буюу кадрын баруун талд жагсагч 5 буюу Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улс төрчид, кадрын зүүн талд М.Энхболд зогсоод тэд өөд өөдөөсөө хараад зогсож байгааг гэрэл зурагт үлдээсэн байдаг. Ийм тасралтгүй үргэлжилж байгаа процессийг авч үлдэнэ гэдэг л хэвлэл мэдээллийн салбарын, редакциудын зорилго мөн үү мөн.

Хэрвээ бид одоогийнх шиг хаалганы цаана хоцорсон бол тухайн үеийн их зүйл олон нийтэд харагдаж, мэдэгдэхгүй үлдэх байсан. Дарга ярихыг хүссэн үед, зураг авхуулахыг хүссэн мөчид л авдаг байх ёсгүй юм. Чөлөөт хэвлэлийн үүрэг энэ биш.

-Өнөөдөр бидэнд, магадгүй танд нэг хэлбэрийн мэдээ, зургийг албан байдлаар өгч байгаа хүмүүс нь нэгэн цагт бидэнтэй л ижил чөлөөт хэвлэл, редакцийн "цэргүүд" байсан шүү дээ?

-Уг нь нэгэн цагт энэ бүхнийг бас л туулсан хүмүүс шүү дээ. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын гадна хэвлэлийнхэн олон нийтэд юу ч мэдээлж чадахгүй бүчиж, хүлээж зогссон. Тэнд, дотор хамгийн чухал процесс дотор албаны гэрэл зурагчид л хүссэн зургаа авна.

Тэр нь нөгөө л нэг хэвийн, эрийтэл суучихсан протоколын гэрэл зургууд. Энэ үйл явдлыг орой болтол хүлээж суухдаа яагаад ч юм 10 жил ажилласнаас хойш анх удаа үйл явдлын гэрэл зурагчин хийх хэрэг байна уу ч гэж бодсон. Тэд дотор нь орж зогсоод нэг хэлбэр хийцлэлтэй гэрэл зураг авчихаад хэвлэлүүд рүү шидчихнэ. Гэтэл би тэнд нэг үйл явдлын хамгийн чухал агшны төлөө ингэж зогсох хэрэг байна уу гэх мэдрэмж. Хаалганы завсраар ганцхан агшин авахын тулд тэнд өчнөөн хүлээгээд ч тэр зүйлээ олж авч чадахгүй байх мэдрэмж онцгүй. Даргын гэрэл зурагчин байсан бол ингэж шатаж, бядаж суухгүй ч байсан юм уу гэсэн хөгийн бодол ч төрөх шиг. Гэхдээ би хэзээ ч чадахгүй л дээ.

-Гэтэл редакц чамаас тэр агшныг л хүсээд, нэхээд байдаг?

-Тийм. Редакциас надад яг тухайн үйл явдлын амьд зургуудыг нэхнэ. Харин хаалганы гадна үлдэж байгаа тохиолдолд чадахгүй, хоосон л үлддэг. Уг нь тэгэх ёсгүй юм. Бид ороод гэрэл зургуудаа авах ёстой. Чөлөөт хэвлэлийн үүрэг энэ шүү дээ.

-Хэт албажаар, дүрэм журмаар боомилсон, сурвалжлах эрхийг хумисан эдгээр нөхцлүүдэд ажиллахад заримдаа арга мухарддаг?

-Ер нь цаашид ийм байвал улс төрийн үйл явдлын гэрэл зурагчин, зураглаач байх хэрэг бий юу. Бүх л төрийн алба, сайд, дарга нар өөрийн гэсэн гэрэл зурагчинтай болчихож. Ажлын алба нь гэж баг байна. Тэгээд сайд, даргын гоё зураг, сайн мэдээ л түгдэг. Хэрвээ хэвлэл мэдээллийн салбарын нөгөө талд гараад, уншигч, үзэгчид өөрсдийнхөө харуулахыг хүссэнийг л харуулаад байвал чөлөөт хэвлэлийн гэрэл зурагчин, сэтгүүлчид ер нь ажил хийх хэрэг бий юу. Ингэж хайрцаглаж, хаасаар байвал энэ салбарт ажиллахын үнэ цэн нь яг хаана байх билээ.

Мэргэжлийн редакциуд сайн гэрэл зурагчинтай болж, тэднийгээ хадгалж үлдээд л байна. Гэхдээ цаашид хэрвээ даргын дэргэдэх хэвлэлүүд томроод нэг ижил хэв маягийг түгээгээд эхэлбэл хэцүү л дээ. Хязгаарлагдмал болох тусам гэрэл зурагчны хувьд илүү чөлөөт орон зай руугаа л тэмүүлнэ. Тиймдээ тулбал уран бүтээлчээрээ үлдсэн дээр байх. Гэрэл зурагчид өнөөдөр хаа ч хувийн уран бүтээлээ хөөгөөд явахад үнэлгээ сайтай.

-Энэ салбарт үлдэхийн утга учир нь?

-Хэвлэл мэдээллийн салбар өөрийн үүрэгтэй шүү дээ. Би гэхдээ нарийн гүнзгий зүйлсийг ярихаасаа өмнө энгийн сайхныг нь хэлье л дээ. Өглөө бүр намайг ямар шинэ үйл явдал, хааш хөтлөхийг би мэдэхгүй сэрдэг. Өнөөдөр хэн гээч танихгүй хүний гэрэл зургийг дарж, хэнтэй танилцах нь ч нууцлаг.

Дүнжингаравын дэлбэрэлт гэж монголчуудын ой санамжид үлдсэн нэг үйл явдал бий. Яг тэр үед би унтахаар орондоо шургаж байтал ажлаас залгаад ийм нөхцөл байдал үүслээ гэмэгц сугарч босоод л камераа шүүрээд гарсан. Бас нэг удаа Хүннү моллд гарсан гэрэл зургийн үзэсгэлэн үзэх гээд цав цагаан цамц, цайвар өмдтэй гарчихсан байсан чинь гэнэт л Нүхтийн ууланд гал гарч байна гэх дуудлагаар шууд л тийшээ явлаа. Үйл явдлын зургууд авсаар нэг мэдэхэд орой болж хав хар амьтан болчихсон байж билээ. Амьдрал ямар таамаглашгүй гэдгийг нэг талаараа энэ ажлаасаа мэдэрдэг.

Нөгөө талаараа, хэвлэл мэдээллийн байгууллагын бүх үйл явдал дээр анхдагч болж олон нийтэд хүргэдэг тэр байдал намайг өнөөдөр ч уяж чаддаг байх. Магадгүй би чөлөөт гэрэл зурагчнаараа явж байсан бол хичнээн олон үйл явдал миний дэргэдүүр урсан өнгөрч байгааг мэдэх боломжгүй. Үйл явдлын гэрэл зурагчин гэдэг цаг хугацаатай уралдаж байдгаараа үргэлж намайг өөртөө татдаг.

-Магадгүй нэг редакцдаа олон жил ажиллахын үнэ цэн бас мэдрэгддэг үү?

-Мэдрэгдэнэ. Анх Шавь гэрэл зургийн сургалтад хамрагдаж төгсөөд, бидэнд сургалт орж байсан Ц.Батбаатар ах маань надад хэвлэлд зураг авч үзэх үү гэж асууснаар энэ салбарт хөл тавьж байлаа. Тухайн үед Ц.Батбаатар ахын inet сайтад хэдэн сар дураар ажиллаж байгаад itoim.mn сайтад очоод уулзаадахаач гэснээр анх Г.Отгонбаяр эрхлэгчтэйгээ уулзсан. 2015 онд шиг санагдаж байна. Манайд гэрэл зурагчнаар ажиллах уу гэхэд нь тэгье гээд өнөөдрийг хүртэл 10 жил ажиллажээ.

Би редакциасаа эрх чөлөөг мэдэрдэг. Магадгүй би өөр газар ийм эрх чөлөөг мэдрэхгүй байх. Гэрэл зурагчин хүнд эрх чөлөө чухал. Хэрвээ намайг чи ажил дээр л суу, зураг авчихаад ажил дээрээ бай гэх юм бол би хайрцаглагдчих юм шиг санагддаг. Би ийм үйл явдал руу явна. Ийм зураг дарна гээд авах зүйлсээ төсөөлөөд сэтгэлдээ багтааснаараа л гарч яваад авдаг.

-Ийм эрх чөлөөтэйн хувьд авсан гэрэл зургаа цензурдүүлж байсан уу?

-2016 он хавьцаа санагдаж байна. Тухайн үед байнгын хорооны хуралдаан дээр чухал асуудал хэлэлцэж байхад нэг УИХ-ын гишүүн утсан дээрээ шатар тоглоод сууж байгааг нь татаад зургийг нь авчихсан. Сайтад нийтлэгдээгүй л дээ. Гэрэл зурагчдынхаа групп руу оруулчихсан байсан чинь намайг хайж, сурагласаар олж мэдээд залгаж байсан юм.

Гамма агентлагийн Л.Ганзориг ахтай намайг андуураад эхлээд ярьсан юм билээ. Өөрөөр тийм нөхцөл үүсэж байгаагүй. Агшныг цензурдэх боломжгүй л гэж боддог.

-Сайн гэрэл зургуудын ард автор яваад л байдаг. Гэтэл тэр авторыг дагалдсан үнэлэмжийн тухайд?

-Хэвлэл мэдээллийн салбарт гэрэл зургийн үнэлэмж муу. Хувиараа, уран бүтээлч байдлаараа ажиллавал харин өөр. Тухайлбал, зарим редакц, сэтгүүлчээс нийтлэлдээ таарсан гэрэл зургийг худалдаж авах санал тавилаа гэхэд ихэнхдээ гуйлгын шинжтэй.

Шуудхан тэд гээд хэлчихэж чадахааргүй хэмжээнд л байна шүү дээ. Гэтэл зарим нь шууд нэг зургийг тэдэн төгрөг гээд үнэлгээ тогтоочихсон байх жишээтэй. Уг нь үнэлж байж л тэр гэрэл зурагчны үнэлэмж тогтох юм. Зураг мэддэг хүн магадгүй зургийг үнэлдэг байх гэж боддог. Гэрэл зургийн үнэ цэнийг ойлгодог, тэндээс олон зүйлийг мэдэрч, уншиж чаддаг. Тухайн зураг бүтэж, агшныг атгаж байгааг ойлгож мэддэг хүн л зургийг үнэлнэ.

-П.Очирбат агсантай салах ёс хийх үеэр үе үеийн төрийн тэргүүний зэрэгцээд шатаар бууж байх үед өөрийн чинь дарсан тэр гэрэл зургийг санаж байна. Яаж тэр агшныг мэдрэв гээд харахаар ямар ч байсан энэ зэргийн улс төрийн ой санамж, мэдрэмжүүд байх нь наад захын шаардлага санагддаг юм. Тэр санаандгүй тохиол уу, мэрийлт байсан уу?

-Тухайн үед яг тэр агшныг анзаарсан. Тэгээд хамгийн урд эгнээнд ямар дарааллаар хэн хэн зогсож байгааг хараад ямар дарааллаар гарч салах ёс гүйцэтгэхийг тооцоолсон. УИХ дарга, сайд нар, араас нь төрийн тэргүүн нар гээд тооцонгуутаа шууд дээшээ гүйсэн. Уг нь бол үе үеийн 3 төрийн тэргүүн болон талийгаачтай хамт 4 ерөнхийлөгчийг хамт авна гэсэн зорилготой гүйсэн юм. Гэтэл тэр тохиолыг авч чадаагүй болохоор цувраад бууж эхлэх мөчийг л барьж авч чадсан.

Тухайн зургийг авч үлдсэнээр, тэр агшныг түүх болгож хадгалахаас гадна гэрэл зурагчны хувь өөрт нь тохиолдож буй түүх бас давхар бий.

Энэ зургийг авч үлдэх хүртэлх их адармаатай үйл явдлууд болсон л доо. 07:00 цаг гэхэд Төрийн ордны хаалган дээр бэлэн байх ёстой гэсэн тооцооллоосоо 2 минут хоцроод иртэл намайг оруулдаггүй. Хаалга яг 2 минутын өмнө хаагдчихсан байдаг. Хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэх хүмүүсийн дараалал аль хэдийн эхэлчихсэн. Гуйсаар ороод, тэгээд шууд л үйл явдлуудыг анализ хийж эхэлж байгаа юм. Зураг болгон өөрийн түүхийг хадгалахаас гадна надад өөрт тохиолдсон үйл явдлууд бас давхар холбогдож, хадгалагдаж байдаг нь хамгийн сонирхолтой.

-Ганзогийн дарсан үйл явдлын олон гэрэл зургуудаас заримыг нь одоо ч тод санаж байна. Тухайлбал, 2018 оны 5-р сард эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа 50 хувь нэмэгдүүлэхээр суулт зарлах үеэрээ үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэр үед яг нэг эмэгтэйн нүдээ аниад үсээ хусуулж буй зураг одоо ч санаанд бууж байна. Тухайн цаг үеийн мэдрэмж нь одоо ч хэвээрээ юу?

-Зургуудаа харахаар яг тэр үеийн мэдрэмж төрдөг. Тэр үед эмнэлгийн цагаан хувцастай хүмүүс суулт хийгээд, ард нь салбарын сайд, Ерөнхий сайдын царайтай зурагт хуудсаар баг хийчихсэн хүмүүс зогсчихсон. Удалгүй эрэгтэйчүүд нь суугаад л үсээ хусуулаад эхэллээ. Гэтэл тэр дунд байсан эмэгтэй хүртэл суучихлаа. Уур амьсгал нэг л эгзэгтэй болоод эхэлсэн. Дарааллаараа үсээ хусуулж байснаа яг тэр эмэгтэй дээр ирээд үсний машинаа барингуут нь за яг энэ моментийг л дарах ёстой юм байна гээд камераа шууд барьсан.

Гэрэл зургийг: Э.Ганзориг /Зохиогчийн эрхтэй ашиглав/

Эсэргүүцлийн жагсаал болгоноор эмэгтэй хүн үсээ хусаад байхгүй шүү дээ. Тэмцлийн хурц хэлбэрийг маш сониноор илэрхийлж байгаа нь энэ. Энэ л миний яг авах ёстой дүр байна. Өнөөдрийн үйл явдлын гол утга нь энд байна гэж л бодсон. Тэр эмэгтэй сөхөрч суугаад үсийг нь хусаж эхэлмэгц нүдээ аниад чимээгүй болсон. Хүмүүс тэмцэхдээ орилж, хашгирдаг байхад тэнд чив чимээгүй болчихсон. Тэр гэрэл зурагт тухайн эмэгтэйн сэтгэл хөдлөл, илэрхийлэмжийг тусгах гэж хичээсэн.

-Нийгэм улс төрийн үйл явдлуудын сонирхолтой боловч бас эмзэглэм нөхцлүүд рүү гэрэл зурагчид шууд л ордог. Туркийн газар хөдлөлтийн үйл явдлыг сурвалжлахаар явах үед, ер нь тэнд очоод сэтгэл зүйн хувьд хэр хүлээж авсан бэ?

-Одоо тэр үеийн гэрэл зургуудаа харахаар маш голдог. Яагаад тийм нөхцөл байдал дээр оччихоод ийм зураг авчихсан юм бэ гэж боддог үе бий. Тухайн үед хувийн сэтгэл хөдлөлөө зургууддаа маш их шингээчихсэн юм шиг санагдсан. Тэр үед газар хөдлөлтийн нуранги руу онцгойгийнхонтой явж байх үеэр гэнэт нэг эмэгтэй гарч ирээд гараас минь атгаад уйлаад яриад л байсан. Би шууд шоконд орчихсон.

Бид нар онцгой байдлынхны хувцастай явж байсан болохоор аврагчид гэж бодоод гүйж ирээд нуранги руу зааж "тэнд хүн байгаа" гээд уйлж, орилоод гуйх үед хувь хүнийхээ үүднээс сэтгэл зүй маш сонин болсон л доо. Тэр хүний царай, нүд, сэтгэл хөдлөл гүнзгий нөлөөлчихсөн юм шиг санагддаг. Эргээд гэрэл зургуудаа харахаар яг тийм сэтгэл зүйгээрээ эмзэглэсэн, өрөвдсөн агшнууд их авсан байсан. Уг нь тэр үйл явдлуудаас нөхцөл байдлын тэр хүнд агшнуудыг олж мэдрэх ёстой байж дээ гэж бодогддог.

Гэрэл зургийг: Э.Ганзориг /Зохиогчийн эрхтэй ашиглав/

-Сэтгүүлч хүнд олж мэдсэн, олж авсан мэдээлэл нь хувь хүний эмзэг байдалтай холбогдчихвол нийтлэхгүй байх мэргэжлийн ёс зүйтэй тулгардаг. Үйл явдлын гэрэл зураг авч байх үед авсан зургуудаа нийтлэхгүй, гаргахгүй байх үе гардаг уу?

-Гарна. Маш олон ийм тохиолдол бий. Гэрэл зурагчны хувьд тэр агшныг олоод мэдэрсэн, авснаараа бол маш сайн өгүүлэмжтэй гэрэл зураг байдаг. Гэхдээ тухайн хүний эмзэг, хэцүү, магадгүй харуулахыг хүсэхгүй тал нь миний дуранд буучихсан байвал наад зах нь хувь хүний ёс зүй, хүн чанар төрнө. Хүн болгонд гэрэл зураг болгон гэрэл зурагчны харуулахыг хүсээд байгаа шиг хүрэхгүй шүү дээ. Тийм болохоор энэ байдлыг мэдрэх хэрэгтэй болдог.

-Үйл явдлын гэрэл зураг гэдэг бие даасан зүйл. Пулитцерийн сэтгүүл зүйн салбарт олгодог шагналыг гэрэл зурагчид хүртэж ирсэн нь энэ салбар хэдий хэр биеэ даасан бэ гэдгийг ч харуулдаг. Харин Монголд?

-Сайн гэрэл зураг өөрөө ямар ч текстгүй уншигддаг. Тэр тухайн цаг хугацаа, агшныхаа үнэн нь байдаг учраас түүнийг хүлээн авч байгаа уншигч, үзэгч, олон нийтийн гэрэл зургийн талаарх мэдрэмж, боловсрол ямар вэ гэж бодогдоно. Зураг үйл явдлаа ярьж байхад заавал уянгалсан текст нэмэхгүй л бол ойлгохгүй хэмжээнд юм гэж үү. Тэгэхээр биеэ даасан уу гээд харвал хэрэглэгч, зах зээл нь ямар билээ гээд харахаас л эхлэх байх.

Олон улсад бол аль хэдийн биеэ даачихсан, автор нь танигдаад, хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр л гэрэл зурагчны гэрэл зургийн төлөө үнэ харамгүй зарцуулж байна шүү дээ.

-Тухайлбал, тэр л урам зоригт гэрэл зурагчдаас нэрлэвэл?

-James Nachtwey гээд дайны гэрэл зургуудаараа алдартай, Пулитцерийн шагналт гэрэл зурагчин бол миний урам зориг авдаг гэрэл зурагчдын нэг. Магнум гэж гэрэл зурагчдын өнждөг бүтэн ертөнц бий. Сайн гэрэл зурагчдын зургийг харахаар яаж энэ агшныг авч үлдэж, мэдэрч чадаа вэ гэж үргэлж л боддог. Гэрэл сүүдэр гээд л цаашаа техник деталиудыг нь ч харна.

-Яг энэ хариултыг чинь би асуулт болгоод асууя. Яаж энэ агшныг авч үлдэж, мэдэрч чадав аа гэж бодогдом гэрэл зургийн Ганзо дарсан болов уу?

-Гэрэл зураг авах бүрд урам зориг, гоё мэдрэмж, кайфуудыг авдаг. Гэхдээ яг л тийм сэтгэл ханатал, бардам хэлэх зураг би одоо болтол дараагүй байна. Зураг авч эхэлснээс хойших энэ хугацаанд би зүгээр л зураг авах бөөн хүсэл, азанд найдсан л зурагчин байж л дээ. Гэрэл зураг гэдэг ойлголтын зах зух руу одоо л би дөхөж байгаа юм байна гэдгээ ойлгодог.

Өмнө нь их төлөвлөгөөгүй байсан бол одоо сайн зураг дарахын тулд төлөвлөж, бүтээж, тэр агшныг өөрөө эрж хайдаг юм байна даа гэж харах болсон. Аз мэдээж чухал. Гэхдээ хоосон аз биш, өөрөө бас байж болох боломжуудаа тооцоолох ёстой юм байна гэж бодсон.

-Оносон, олдсон агшнуудаас алдсан нь цөөн үү?

-Маш их. Нөхцөл тохироо нь бүрдсэн ч бэлэн биш байх. Бэлэн байх үед ямар нэг техник нь дутуу ч юм уу. Харамсал төрдөг ч яах билээ. Алдсан бол алдсан.

-Гэрэл зураг чиний явах зам хэвээр байх болов уу?

-Миний ганц чаддаг зүйл. Уг нь би уул уурхайн инженер хүн. Гэвч энэ мэргэжлээрээ ажиллаж үзэлгүй гэрэл зурагчин болчихсон. Ирээдүйд хүлээж буй тэр үйл явдал бүхэн миний хувьд шинэ хэвээр.

Олон жилийн өмнө дөнгөж гэрэл зураг дардаг байхдаа Пулитцер авна гэдэг зорилготой. Их дүрэлзсэн хүүхэд байж. Гэхдээ өнөөдөр эргээд харахад би нэг сайн гэрэл зурагтай билүү гэсэн бодол байнга төрдөг. Тийм сэтгэл ханамжийг өгөх гэрэл зургийг авахын төлөө, магадгүй цаана нь би өөрийгөө олох хүсэл яваагийнх. Одоо бол камер үүрээд гарах бүрдээ би сүнсээ хооллож байдаг. Яг өнөөдрийн Ганзо нийгмийн дурсамжийг өөрийнхөөрөө хадгалж үлдээж байна.

С.Зоригийн хөшөөнд хэдэн жил дараалан цэцэг өргөж байгаа билээ. Надад сүүлийн 10 жилийн тухайн үйл явдал гэрэл зураг болж үлдсэн байх жишээтэй. Үнэндээ энэ бүхэн одоо олон нийтэд тийм ч үнэ цэнтэй биш байж магадгүй л дээ. Байдаг л нэг үйл явдлын зураг юм шиг бодогдож ч болно. Байгалийн гоё агшныг харуулсан гэрэл зураг шиг үнэтэй зарагдахгүй ч байж болно. Гэхдээ нийгмийн энэ ой санамжийг би өөрийнхөөрөө хадгалсны үнэ цэнийг 50 жилийн дараа ч юмуу мэдэрч, ойлгох байх. Уул, ус байж л байна. Харин энэ хугацаанд нийгэм, улс төр хэрхэн өөрчлөгдсөнийг миний авсан баримтат гэрэл зургууд өгүүлэх байх.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэхээр сэтгэл хөдөлгөм ярилцлага байна аа, гэрэл зурагчдын ажлыг ингэж ойлгож уншихаар зүгээр л зураг дарах биш нэг түүх бүтээж байдаг хүмүүс юм байна гэж бодогдлоо

Зочин
Зочин

Ганзо ахын хэлсэн үг бүр чин сэтгэлээсээ, одооных шиг �##�баны зураг тараадаг систем сэтгүүлзүйг мөхөөж байна шүү дээ үнэндээ

Зочин
Зочин

Яг үнэн шүү, ха�##�ганы цаана үлдээдэг болж, бид нүдээрээ харж мэдрэх боломжоо �##�даж байна, тэр нь ард түмний нүд битгий хэл сэтгэлийг хааж байна

Зочин
Зочин

Үйл явдлын гэрэл зураг гэж яг ийм байх ёстой гэж бодлоо, тэр нэг мөчийг барьж авна гэдэг бол үнэхээр чадвар, мэдрэмжийн ажил юм байна

Зочин
Зочин

Гэрэл зурагчдын хөдөлмөрийг үнэлэхгүй байгаагийн жишээ өдөр бүр харагддаг, зураг үнэлдэг хүн ховор болсон нь харамс�##�тай

Зочин
Зочин

Энд бичсэн зүйлсийг уншаад үнэхээр бодогдож байна, манай нийгэм мэдээллээ хэт хянаж, бүхнийг гоё харагдуулах гээд жинхэнэ үнэнийг нууж байгаа мэт

Зочин
Зочин

Тиймээ би ч гэсэн тэр эмэгтэй үсээ хусаж байгаагийн зургийг санаж байна, тэр зурагт үг хэрэггүй байсан, бүх зүйл илэрхий байсан

Зочин
Зочин

Хэвлэл мэдээлэл гэдэг нь чөлөөтэй байх ёстой, ингэж хязгаарлагдаад ирэхээр чинь юу ч үлдэхгүй, дандаа нэг хэвийн зураг л гарч ирж байна

Зочин
Зочин

Ene yariltslaga uneheer setgel hudulgum bna, hunii ajliin ard iim ih zutgel baidgiig medehgui yvsandaa ichej bna shuu honestly

Зочин
Зочин

Ганзориг шиг гэрэл зурагчид олон болоосой, ийм хүмүүсийн ачаар бид өнгөрсөн цагийн түүхээ дур�####�г юм шүү

Зочин
Зочин

Гэрэл зураг бол өөрөө түүх, тэр агшныг олж харна гэдэг бол хүнээс онцгой мэдрэмж шаарддаг, ийм зүйл хийж яваа хүмүүст баяр хүргэе

Зочин
Зочин

ene hunii yarij bgaa zuil unen, odoo bol bugd social deer filter hiisen zurag, harin ene bol bodit amidral

Зочин
Зочин

Хэвлэл мэдээллийнхнийг ингэтлээ шахаж хавчих нь буруу, ард түмэн бодит мэдээлэл авах эрхтэй шүү дээ

Зочин
Зочин

Wow, uneheer soyoltoi bas setgeltei yariltslaga, Ganza gj hunii ner anh udaa sonsoj bna, odoonoos dursah bolno

Зочин
Зочин

Яг үнэн, өнөөдөр нэг л их даргын гоё зураг, инээмсэглэл, харин ард юу болж байгааг бид мэдэхгүй байна

Зочин
Зочин

Зарим хүмүүсийн бичсэн коммент шиг гоё үгээр хэлэхгүй ч Ганзориг үнэхээр мэргэжлийн хүн байна гэж хэлмээр байна

Зочин
Зочин

Ganza giin heleed bgaa zaluuchuudad uuriin chuluut setgel, medremj heregtei, zurgiin ard uran buteel bish unen bh ystoi

Зочин
Зочин

zuv zuv

Last edited 1 Цаг Өмнө by Зочин
Зочин
Зочин

"Үй цай" сургууль олон сая төгрөгийн төлбөртэй мөртлөө сар бүр ангийн хуримтл�##� гэж мөнгө татна. Дээрээс нь бас хүүхэд бүр нэг боодол цаас авчир гэж шаардаж байна. Төлбөртөө багтаагаад үйлчилгээ үзүүлж чадахгүй бол ядахдаа тэр ангийн хуримтл�##� гэж сар бүр хурааж байгаа мөнгөнөөсөө тэр цаас маасаа авчихаж болдоггүй юм уу? Ийм асуудлыг хаана тавих вэ? Боловсролын яам уу??

С.Цацралт
С.Цацралт

Сайн з�##�уудаа. Өөрийгөө хөгжүүлж, эрэл хайгуул хийж үргэлж сурч мэдэхийн төлөө байдаг .Хамгийн гол нь хөдөлмөрч. баримтат гэрэл зургийн с�##�барт амжилтад хүрэх з�##�уу гэж бодож явдаг даа.

Холбоотой мэдээ

Back to top button