Японы эрх баригч нам эвслийн гэрээ хийж Такаичи тус улсыг удирдах нь тодорхой боллоо

Японы эрх баригч Либерал Ардчилсан нам (LDP) болон сөрөг хүчний томоохон нам болох Японы Инновацын нам (JIP) даваа гарагт /2025.10.20/ эвслийн засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр Либерал Ардчилсан намын дарга Такаичи Санаэ Японы ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой боллоо.
Энэ сарын эхээр Либерал Ардчилсан намтай 26 жилийн турш эвслийн засгийн газрыг удирдаж ирсэн Комэйто нам гэрээгээ цуцалсан. Үүний дараа Либерал Ардчилсан нам эвслийн засгийн газар байгуулах нам хайж эхэлсэн юм. Одоо “LDP”, “JIP” хоёр цөөнхийн засгийн газар удирдана. Сонирхолтой нь “JIP” нам одоогийн байдлаар ямар нэгэн сайдын суудал авахгүй. Энэ нь тус нам болгоомжилж буйн илрэл юм.
Либерал Ардчилсан нам энэ сард шинэ дарга сонгох санал хураалт явуулахад Такаичи ялсан. Ингэснээр Японыг Дэлхийн II дайнаас хойш ихэнх хугацаанд удираж ирсэн тус нам түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болсон. Тэрбээр “JIP” намын дарга Ёошимүра Хирофүмитэй хэвлэлийн бага хурал хийхдээ “Юу ч болсон бай улс төр тогтвортой байх нь чухал” гэжээ. Одоо Такаичи тун удахгүй Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болно.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.