14 жил иргэний дайнтай байсан Сирийг дахин босгоход $216 тэрбум шаардлагатай

14 жил үргэлжилсэн иргэний дайны дараа Сири улсыг дахин босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Дэлхийн банк мягмар гарагт /2025.10.21/ мэдэгджээ. Энэ зардал нь Сирийн 2024 оны ДНБ-ээс арав дахин өндөр байгаа юм.
Тус улсын иргэний дайн 2011 оноос эхтэй. Тухайн үед Сирийг удирдаж байсан Башар аль-Ассад олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг харгис, хэрцгийгээр дарснаар иргэний дайн эхэлсэн билээ. Мөргөлдөөний улмаас цахилгаан эрчим хүчний сүлжээ зэрэг чухал дэд бүтэц ихээхэн сүйдсэн.
Дэлхийн банк мэдээлснээр Сирийг дахин босгохын тулд 140-345 тэрбум ам.доллар шаардагдаж магадгүй. Харин хамгийн боломжийн тооцооллоор бол 216 тэрбум ам.доллар шаардана гэж тус байгууллага үзжээ. Сүйдсэн дэд бүтцийг сэргээхэд 82 тэрбум ам.доллар, орон сууцны барилгуудад учирсан хохирлыг 75 тэрбум ам.доллар, орон сууцны бус барилгуудыг сэргээхэд 59 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.