Б.Пүрэвдорж гишүүн ХЗБХ-гоор оруулах төсвийн саналаа ТББХ-гоор оруулж, дэг зөрчив

Өнөөдөр /2025.10.23/ ТББХ-нд "Монгол Улсын 2026 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай,Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/"-ийг хэлэлцлээ.
Хуралдаанаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "ХЗДХ-ийн сайдын урсгал зардлыг 300 сая төгрөгөөр бууруулж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын коммиссын бусдаар гүйцэтгүүлэх бусад нийтлэг ажлын үйлчилгээний төлбөр хураамжийг 300 сая төгрөгөөр нэмэгдүүлж" гэсэн санал гаргав.
ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир "Гаргаж байгаа саналынхаа талаар тайлбараа хэл" гэв.
Хариуд нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Уг нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын коммиссын төсөв Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар санал хураалгах ёстой. Нэг хоногоор хоцорчихлоо. Гэхдээ аль ч байнгын хороогоор хэлэлцүүлж болдог. Тиймээс ТББХ-гоор хэлэлцүүлчихье, ялгаагүй шүү дээ" гэжээ.
ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир "Энэ манай хэлэлцэх хүрээний асуудал биш байна, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэнэ. Хоцорсон гээд манай байнгын хороо руу оруулж ирж болохгүй. Манайх өөрт харьяалагдах төсвийн асуудлаар санал хураана" гэв.
Улмаар Хууль зүйн байнгын хороо руу эл асуудлыг ТББХ-ны ажлын алба холбож өгөхөөр болж тогтов.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын коммисс нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн удирдлага дор ажилладаг аж. Гурван жилийн өмнө 18 тэрбум төгрөгийн төсөвтэй байжээ. Тус байгууллага тодорхой нөхөн олговруудыг олгодог бөгөөд энэ жил үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул төсөв нэмэх шаардлагатай байна гэж тайлбарлав.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.