Гадаад мэдээДЭЛХИЙ

CNN: Монголын говь дахь MARS-V Ангарагт байгаа мэт аяллыг санал болгож байна

""CNN" агентлаг Монголын говьд бүтээн байгуулагдаж буй "MARS-V" жуулчны баазын талаар нийтлэл оруулжээ. Тус бааз нь Ангараг гараг дээр амьдарч байгаа мэт мэдрэмж өгөх зориулалттай юм.


Аяллын 25 дахь өдөр. Хүн амьтангүй, цас бүрсэн Ангараг гарагийн уудам газарт орших жижигхэн нойрсох капсулдаа сэрлээ. Гадаа цельсийн -30 хэмийн хүйтэн байна. Бясалгал хийж, өглөөний цайгаа уусны дараа, зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийнхан хамт хувцас дээрээ сансрын хувцсаа давхарлан өмсөөд, элсэн шуурган дундуур даалгавартаа гарлаа.

Энэ зүүд биш. Харин Монголын говийн гүнд, Ангараг гараг дээрх амьдралыг дуурайлган бүтээсэн, жуулчдад зориулсан нэг сарын турш үргэлжлэх тэсвэр хатуужлын сорил юм.

“MARS-V төсөл” хэмээх энэхүү санаачилгыг Улаанбаатар хотод төвтэй, төрийн бус байгууллага болох “MARS-V” хэрэгжүүлж байна. Тэдний говьд байгуулсан туршилтын станц нь хүн төрөлхтөн Ангараг гараг руу зорчиход бэлтгэх зорилготой. 2029 он гэхэд анхны жуулчдаа угтах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Дэлхий дээр Ангараг гарагийн газарзүй, уур амьсгалтай ийм адилхан газар Монголын говиос өөр үгүй. Хуурай, эзгүй энэ нутагт агаарын температур цельсийн 45 хэмийн халуунаас -40 хэмийн хүйтэн хүртэл хэлбэлздэг, эрс тэс уур амьсгалтай. Хүдрийн ислээр баялаг улаан хөрс нь яг л Ангараг гаргийн гадаргуу шиг сэтгэгдэл төрүүлдэг.

Тус газрын тусгаарлагдсан байдал, өндөрлөг орчин, температурын эрс тэс нөхцөлтэй учир говь нутаг сансрын нисгэгчдэд зориулсан сургалтын чухал талбар болон хувирч байна. Үүнээс гадна тоног төхөөрөмж, судалгааны роботуудыг туршихад ч хамгийн тохиромжтой орчин юм.

MARS-V-ийн хувьд өөр нэг боломжийг нээж өгч байгаа нь аялал жуулчлал.
Тус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин “MARS-V-ийнзорилго бол алслагдмал, тусгаарлагдсан орчинд амьдрах ямар туршлага болдгийг харуулах. Та өөр гараг дээр байгаа мэтээр сэтгэж, дүрэм журмаа ягштал дагахгүй бол нөгөө ертөнц рүү явна гэсэн бодлыг бий болгох ёстой” гэжээ.

Оролцогч бүр бие бялдрын, сэтгэлзүйн болон сэтгэн бодох чадварын шалгалт өгсний дараа гурван сарын турш үргэлжлэх цахим сансрын нисгэгчийн сургалтад хамрагдана. Тэнд хүчилтөрөгчийн хэрэглээнээс эхлээд ганцаардлын үед сэтгэлзүй хэрхдэг хүртэл бүх зүйлийг судална.

Mars-V-ийн баазад өнгөрөх өдрүүд сорилт, даалгавраар дүүрэн байна. Жишээлбэл, багийнхан роботоо авч гарч геологийн зураглал хийх эсвэл хөрсний дээж цуглуулах даалгавартай байж болно. “Дэлхийтэй” буюу “MARS-V”-ийн хяналтын баг руу мессеж илгээж, хүлээн авахын тулд тодорхой хугацаанд хүлээх хэрэгтэй. Ингэснээр гараг хоорондын холбоо тогтооход үүсдэг хоцрогдлыг дуурайлган үзүүлэх юм.

Дэлхий дээр нарны аймгийн бусад гараг дээрх нөхцөл байдлыг дуурайлгаж буй нь шинж зүйл биш. “NASA” болон “ESA” зэрэг байгууллагууд үүнтэй төстэй туршилтын станцуудыг ашигласаар ирсэн.

Харин “MARS-V” шинжлэх ухааны судалгааг аялал жуулчлалтай хослуулж, нийтийн хүртээл болгох гэж байна. “SpaceX” болон “Blue Origin” компани Кэти Перри, Том Хэнкс, Ким Кардашиан зэрэг алдартнуудыг сансар руу аялуулсан.

Харин 28 сая ам.долларын үнэтэй тасалбартай тэрхүү сансрын аялалд явах боломжгүй хүмүүст зориулж Монголын “MARS-V” бааз илүү боломжийн хувилбарыг санал болгож буй. Баазад нэг сар амьдрах болон урьдчилсан сургалт, үнэлгээ хийлгэх үнэ нь ойролцоогоор 6,000 ам.доллар байх төлөвтэй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонирхолтой туршилт бна

Зочин
Зочин

Зөв дөө хө

Холбоотой мэдээ

Back to top button