Б.Энхсайхан: Шувууны зураг авахын тулд багадаа 4 цаг хайдаг, таарвал “ёндоо” гээд камераа гаргадаг
"Одоогийн нийгэмд өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй гэж санаад шувууны зураг дардаг. Шувуудыг харахад эрх чөлөөтэй амьтад хэдий ч яг л өнөөдрийн манай нийгэмтэй ижил санагддаг. Тэдэнд зэрэг зиндаа, гэр бүл, сүргийн зохион байгуулалт гэх мэт зүйлс бий. Бидний л адил амьдрахыг хүсэж яваа амьтад. Хүмүүсээс нисэж чаддагаараа л ялгардаг" гэж ярих түүнийг Б.Энхсайхан гэдэг. Тэрбээр тархины саатал, тулгуур эрхтний бэрхшээлтэй ч өөрийгөө бусдаас дутуу гэж голж, гутарч үзээгүй нэгэн. Б.Энхсайхан дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа эхлэн зураг даржээ. Энэ сонирхлоо орхилгүй хөгжүүлсээр өнгөрсөн онд өөрийн дарсан шувуудын зургаар "Миний мэдэх шувууд" номоо хэвлүүлсэн байна. Тэр энэ жил МУБИС-ийн их сургуулийг төгсөнө.
-Та сурахын зэрэгцээ өөрийн сонирхлоороо Улаанбаатар хотод байгаа шувуудын зургийг дардаг хоббитой юм байна. Тэр тухайгаа хуваалцаач?
-Дөрөвдүгээр ангиасаа зураг дарж эхэлсэн. Анхандаа хүний зураг дараад дараа нь хоол, цэцэг, модны зураг авдаг болсон. Одоо бол хамгийн хэцүү төрөл болох шувуу, амьтны зураг дардаг. Адерналин хөдөлгөсөн гоё хобби гэж боддог. Хүн байгаль дэлхийн сайханд өөрийн эрхгүй татагддаг юм байна. Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй болоод ч тэр үү, үргэлж шинэ орчныг хүсдэг, ирэлхийлдэг юм шиг.

-Та гэрэл зургийг нь буулгаж буй шувуудынхаа талаар хэр зэрэг судалдаг вэ?
-Техник технологи өндөр хөгжчихөөд байна. Мэдээ мэдээллийг хүссэн цагтаа зовох зүйлгүй авч байгаа. Гэхдээ би дийлэнх мэдээллээ номоос авдаг. Хоцрогдсон юм шиг санагдаж магадгүй л дээ. Гэхдээ ном илүү бодитой санагддаг. Мөн шувуу судалдаг гадны хүмүүсийн бичвэр, видео зэргийг англи хэлнээс нь уншиж, үзэж мэдээлэл авдаг. Шувуугаа судлахын сацуу англи хэлээ сайжруулах боломж олддог учраас тэр.
-Таныг дарсан шувуудынхаа гэрэл зургаар ном хэвлүүлсэн гэж сонссон?
-2016 онд өөрийн дарж байсан зургуудаа хадгалж байгаад 2024 онд "Миний мэдэх шувууд" гэдэг нэртэй ном болгосон. Монголд оронд байгаа 47 төрөл зүйлийн шувууны зураг багтсан. Анхан шатны шувуу сонирхогчдод зориулж гаргасан ном. Зарим гэрэл зургийг нь хүмүүстэй хамтарч дарсан. Номны маань онцлог гэвэл шувуу таньж мэдэхээс гадна англи хэлээ сайжруулах боломжтой. Тиймээс ЕБС-ийн сурагчид анхан шатны шувууны мэдлэгтээ болж бас англи хэлээ сайжруулаасай гэж хүсдэг.

-Хотод шувууны зураг дарах амар биш байх. Шувуугаа олохоос эхлээд хүндрэлтэй байдаг уу?
-Хамгийн багадаа дөрвөн цаг шувуугаа хайж явна. Парк, цэцэрлэгт хүрээлэнгээр таарах нь түгээмэл. Таарах юм бол ёндоо гээд л камераа гаргаад дарна шүү дээ. Улаанбаатар хотоор хэдэн цагаар ч хамаагүй тэнээд шувуу хайгаад явах сайхан. Шувууд их ухаантай "чиний үзэсгэлэнтэй дүр төрхийг чинь камертаа буулгаж болох уу" гэж шивнэж асуухаар сонссон мэт камерын минь өмнө гэнэт гараад ирдэг. Хотод шонхор, харцага шувуу нисдэг гэдэг нь үнэн юм байна лээ. Тэрийг өөрийн нүдээр харах л хамгийн гайхалтай байсан. Одоо би ганцаараа явж байгаа мэт харагдавч намайг дагаад шувууд нисэж л байгаа. Ер нь амьдрал баян шүү дээ. Хүмүүс завгүй нийгэмд амьдраад түүнийг анзаарахгүй байх шиг.
-Бэрхшээл байж л амьдрал амттай болно шүү дээ-

-Энэ жил их сургуулиа төгсөх юм байна шүү дээ, сурахад хүндрэлтэй зүйл байсан уу?
-Их сургуульд орсон эхний жилээ үнэхээр их ядарсан. Сурахаа болимоор санагдсан. Хоёрдугаар курстээ мөн адил хэцүү зүйлсийг их туулсан. Ядаж тэргэнцэртэй хүн зорчих боломжтой замтай болчихвол гэдэг бодол үргэлж бодогдоно. Бас хаалганы бариулаас татаж, нээж чаддаггүй болохоор хонхтой байвал хялбар байна байх. Түүнчлэн хичээлийн уян хатан нөхцөл хэрэгтэй. Ядаж нэг давхарт хичээлдээ суудаг болчихвол ч өөр хүсэх зүйлгүй. Сайшаалтай нь сургуулийн орчны хандлага өөрчлөгдөж байгаа. Үеийнхэн маань “чамд яаж туслах уу, юу хэрэгтэй байна” гэх мэтээр үргэлж эерэг ханддаг.
-Нийтийн тээврээр зорчдог уу, гэрээсээ сургууль хүртэл хэдэн минут явдаг вэ?
-Манай гэр бага тойрогт байдаг "хүнсний нэгдүгээр буудал" гэсэн үг. Нийтийн тээвэр өглөө оройдоо хүн ихтэй учир суух боломж олдохгүй. Тиймээс тэргээрээ л явж байна. Машин зам болон явган хүний замаар ээлжлээд явна. Энэ жилээс зам засварын ажил гайгүй хийгдсэн болохоор дажгүй болсон. Тэрнээс өмнө зам бол донсолгоо ихтэй тамын зам шиг байдаг байсан. Замын хагархай эвдрэлээс болоод тэрэгний дугуй салах, эвдрэх зэрэг асуудал их гарна. Авто машины замаар зорчихдоо гараа өргөж дохио өгч зорчино. Тэгэхгүй бол аюултай. Гурван жилийн туршлагаас үзвэл явган зорчигч соёлтой байвал манай жолооч нар соёлтой байдаг.
-Хичээлийн хувиар хэр уян хатан бэ, эхний цагийн хичээл хэдээс эхлэх үү?
-Нуулгүй хэлэхэд хичээлийн хуваарь шахуу учир өглөө эхний цагийн хичээлдээ жаахан хоцроод орох тохиолдол гарна. Эхний хичээл 08:40 цагаас ордог учраас амжиж очих санаатай гэрээсээ 08:00 цаг гээд гараад давхина. Замдаа даарна. Хоцроод ороход багш нар маань “зам талбай хэцүү байсан биз” гээд ойлгоод оруулдаг. Хөгжилтэй нь гэвэл хамт хоцорч ирсэн хүүхэд хүний гараар могой бариулна гэдэг шиг надад туслаад тэрэгнээс маань түрэлцээд хамт ирсэн мэт багшид харагдаж өөрсдийгөө авардаг. /инээв/ Гэхдээ бэрхшээл байж л амьдрал амттай болно шүү дээ. Өөрт тулгарсан бэрхшээлээ яаж давах талаар бодох үе цөөнгүй.
-Цахилгаан тэргээ унаад хэдэн жил болж байна?
-Цахилгаан тэрэг унаад таван жил болж байгаа. Түүнээс өмнөх тэрэг маань уг нь хурдан хялбар байдаг байсан. Харамсалтай нь гарцаар гарах явцад баруун эргэж байсан машинд мөргүүлээд тэргээ эвдүүлсэн.

-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ, олон найзуудтай болсон байх төгсөөд тэднээсээ холдоно гэхээр ямар санагдаж байна?
-Манай анги анх 14 хүүхэд байсан одоо 11 хүүхэд суралцаж байна. Төгсөнө гэхээр гунигтай санагддаг юм байна. Дөрвөн жилийн хугацаа үнэхээр богинохон юм. Найз нөхөдтэй болоогүй ч танилын хүрээгээ тэлсэн. Их сургуульд ороод хоёр зүйлийг л ойлгосон. Нэгдүгээрт, асуудалтай нүүр тулж сурах ёстой юм байна. Хоёрдугаарт нь гэвэл бие дааж өөрийн хэв маягаа бүтээх ёстой гэдгийг мэдсэн. Гуравдугаарт гээд байгаа л даа, түүнд нь найз нөхөд орох байх. Гол нь өөрөө сайн хичээвэл бүх юм болно. Анх их сургуульд орохдоо зөв буруу ярих, ичиж санаа зовох гэх мэт олон айдастай байсан. Багш нар маань гол нь идэвхтэй бай, “мэдэхгүй, чадахгүй зүйлээ асуу” гэж хэлдэг болохоор санаа зовох зүйлгүй сурч эхэлсэн.
-Сургалтын төлбөрөө яаж олдог вэ?
-Сургалтын төлбөрт гэр бүл маань мэдээж тусална. Би бас хоосонгүй заримдаа цагийн ажил хийнэ. Гэхдээ байнгын ажил олдоод байхгүй. Кафед ажиллаж үзсэн үнэхээр сонирхолтой санагдсан. Кофе найруулах гоё юм билээ. Ажил хийхэд ч тэр ер нь нийгмийн дийлэнх хүмүүс үл тоох хандлагатай байдаг. Түүнийгээ болиосой гэж хүсдэг дээ.

-Хоббитой хүн хэзээ ч ганцаардахгүй-
-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу, цаашид яах бодолтой байна?
-Шууд сургуулиа төгсөөд ажиллахад бэлэн биш байна. Саяхан хийсэн дадлагынхаа хугацаанд өөрийгөө болоогүй гэдгийг мэдэрсэн. Өшөө илүү сайн туршлагатай болж байж л багш хийх юм байна гэж бодож байгаа. Эхний ээлжид англи хэлээ төгс сайн болгох шаардлагатай байна. Ойрын хугацаанд сургуулиа амжилттай төгсөх, англи хэлээ сайжруулах гэсэн хоёр зорилго тавьсан. Хэтийн зорилго гэвэл хоббигоо илүү хөгжүүлэх, шувууд шиг нисэж дэлхий ертөнцөөр аялах. Мөн дарсан зургуудаараа хоёр дахь номоо хэвлэхийг зорьж байгаа. Санхүүгийн бага зэрэг асуудал бий. Түүнийгээ шийдчихвэл болно доо. Би энэ сонирхолоо орхиж чадахгүй байх учир нь надад амьдралын таашаалыг мэдрүүлдэг.
-Бид хоёрын ярилцлагыг уншиж буй хүмүүст хандаж үг хэлбэл?
-Чиний мөрөөдөл том байх жижиг байх нь огт хамаагүй. Гол нь мөрөөдөлтэй хүн л амьд хүн шүү гэж захимаар байна. Харин дүү нартаа англи хэл сураарай, хоббитой хүн хэзээ ч ганцаардахгүй шүү гэж хэлмээр санагддаг. Хоббитой байхад ямар ч найз, гар утас, цахим орчноос илүү хань болно.
-Цаг гаргаж, ярилцсан танд баярлалаа












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.