Ярилцлага

Б.Анхбаатар: Хайрын тухай л биш гэвэл ер бүтээл, зохиол гээч нь юуны талаар байх билээ

“Инээмтгий хүн”, “Сүүлчийн бороо” зэрэг жүжгүүдээрээ богино хугацаанд хэдийнэ олны анхааралд өртсөн “Про” театрын найруулагч Б.Анхбаатартай ярилцлаа.

“Про” театрыг 2010-2014 онд ГИТИС буюу ОХУ-ын Санкт-Петербургийн Театр урлагийн академыг хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлээр төгссөн зургаан залуу үүсгэн байгуулсан юм.

Найруулна, жүжиглэнэ, хүүхэлдэйн хэрэглэлээ өөрсдөө хийнэ гээд шал өөр “төрөл”-ийн хэдэн залуу нийлээд, сүүлийн хэдхэн жилд “Гэгээн муза”-г хэд хэдээр нь “түүсэн”.

Угтаа тэдний дагнан төгссөн жанр нь хүүхэлдэйн театр. Хүүхэлдэй, пластик хэрэглэл ашигласан театр өөрөө боломжийн хувьд илүү өргөн бөгөөд гоо зүйн өндөр түвшинд гарч чаддаг. Түүгээр дамжуулан илэрхийлэх боломжийн хязгаар нь ч хавьгүй том юм билээ.

Манайд Хүүхэлдэйн театр гэж бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүүхдийн театр мэт ойлгогддог болсон. Харин энэ удаа, Хүүхэлдэйн театраас санал тавьснаар “Про” театрынхан хүн төрөлхтний хөлгөн туульс “Одиссей”-г жүжиг болгосон юм. Мэдээж хүүхэлдэйн, пластик жанраар.

Уг жүжгийн зохиолыг бичиж найруулсан Б.Анхбаатар: Эцэг, хүүгийн хайр… Одиссей бол эцгийн хувьд эхнэр хүүгээ, гэр орноо орхиод 20 жил алга болчихож байгаа хүн. Тэр үүднээс зөвхөн эцэг хүү хоёрын сэтгэл зүй дэх алсарч холдсон нюансад нь төвлөрч, зохиолоо бичсэн. “Одиссей”-г уншаагүй хүнд төвөгтэй санагдаж магадгүй. Гэхдээ театрт юм ойлгохоос илүү мэдрэх нь л чухал шүү дээ. Жүжиг өөрөө үггүй учир илүү ихийг мэдрэх боломж олгож байгаа. Хүүхэлдэйн театрын хувьд энэ бас том алхам юм. Жүжигчин хүний хувьд тайзан дээр эмоцоо гаргана гэдэг олзуурхууштай явдал. Тэр утгаар жүжигчдэдээ ч кайфтай байсан болов уу. Театрын хамт олон бүхэлдээ шинэ, том алхам хийсэн. Хүүхэлдэйн жанр дотроо манайд өмнө нь энэ удаагийн “Одиссей”-д хэрэглэсэн шиг хүүхэлдэй ашиглаж байгаагүй. Хүүхэлдэйн гэхээр хүүхдийн гэж ойлгоод байна шүү дээ. Гэхдээ маш том ялгаатай гэж ярилаа.

Үнэхээр “Одиссей”-г хялбарчилж, бас шинээр зохиомжилж нэг цаг гаруйн жүжиг болгохдоо хүүхэлдэйн гэдэг жанрыг Монголын театрын тайзнаа илэрхийлэн тунхаглаж чадсан байв.

-“Про” театрыг үүсгэн байгуулсан анхны хувь тохиол ямар байв?

-Өмнө нь бид хамтдаа Улаан-Үүдийн театрт ажиллаж байсан. Сургууль төгсөөд, Хүүхэлдэйн театрт орон тоо байхгүйн улмаас Монголдоо нэг жил болоод буцсан үе. Москвад ч хэдэн жил ажилласан. Ингэж явсаар цар тахлын дараа харих, амьдрал ахуйгаа цэгцэлж авах шийдвэр гаргасан даа. Мөн “Сити” их сургуульд багшилж эхэлсэн. Ингээд хамгийн анх “Эрхий мэргэн” гэж жүжгийг соёлын фестивальд зориулж тавьсан. Үүний дараа РНЦК-аас хамтарч ажиллах санал тавьж, улмаар бид өөрсдийн гэсэн театраа албан ёсоор байгуулсан даа. Хойно төгсөж ирсэн болохоор энэ салбарт биднийг хэн ч танихгүй, мэдэхгүй. Тийм учраас дан зоригоос өөр юу ч бидэнд байсангүй.

-Драмын төрлийг үзэгчид ойлгодог, цаг гарган үздэг. Харин хүүхэлдэйн театр гэхээр хүүхдийн жүжиг гэсэн явцуу ойлголтоос ч болдог уу, төдийлөн шинэ тусаад байгаа л даа. Энэ юугаараа чухал төрөл вэ?

-2000-аад оноос хойш Европын орнуудад хүүхэлдэйн театр маш их хөгжиж, насанд хүрэгчид рүү чиглэж эхэлсэн л дээ. Манай багш өөрөө мөн ийм төрлөөр дагнан ажилласан хүн. Тэр дундаа биднээр байдаг л нэг уламжлалт хүүхэлдэй биш, түүний оронд цаас, стакан, архины шил мэтийг ашиглуулдаг байв. Оюутан байхдаа хүүхдийн гэвэл цөөн, ихэнхдээ насанд хүрэгчдэд зориулсан бүтээл дээр л ажилласан.

Мэдээж хүүхэлдэйн театр, хүүхдийн жүжиг хоёр өөр. Гэхдээ монгол хүүхдүүдэд үзэх жүжиг цөөхөн шүү дээ. Төрөөс ч дэмжлэг байдаггүй. Миний бодлоор ЕБС-ийн хүүхдүүдэд жилдээ ядаж ганц удаа, хүчээр ч болов жүжиг үзүүлэх хэрэгтэй. Театр бол мэдлэг мэдээлэл өгдөг, юмыг ойлгуулдаг газар гэхээс илүү мэдрэмжийн уурхай. Тэнд аливааг мэдрээд гарах нь л чухал юм. Сэтгэл зүрхийг, мэдрэмжийг хаана хөгжүүлэх юм бэ. Бага багаар илүү сайн хайрладаг болж, мэдрэмж өөрөө ахих ёстой шүү дээ. Үүнийг урлаг, тэр дундаа театр хөгжүүлнэ гэж хардаг.

-“Про” театрыг гэнэт гарч ирэнгүүтээ асар амжилттай жүжиг тавьж, цойлсон хэмээн ярих хэсэг бий. Харин зарим нь бүр хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Хэдийнэ үзэгчдийн талархлыг хүлээсэн “Инээмтгий хүн”, “Шадар гурван цэрэг”, “Сүүлчийн бороо” зэрэг жүжгүүдээ сайн гэж үнэлдэг үү?  

-Чадах чинээндээ, тултал ажилласан л гэж хэлэх байх аа. Бид бүгд өөр өөрсдийн гэсэн үнэ цэнийг зольж, тултал хөдөлмөрлөж байгаа нь үнэн.

-Гэнэт гарч ирсэн буюу төдийлөн танигдаагүй, туршлагажаагүй атлаа жүжиг нь яаж ийм сайн байна вэ гэж гайхахад хүрснээ нуухгүй?

-Бүх зүйл школад бий л болов уу. Миний бодлоор хатуу школа гэдэг зүйлийг монголчууд суралцан тээж ирснээс хойш багагүй хугацаа өнгөрч, үе солигдсон. Гэхдээ л түүний нөлөө одоо хүртэл харагддаг. Гэнэт гарч ирсэн гэдгийн хувьд тийм байх. Биднийг хэн ч танихгүй учраас шүү дээ. Одоо ч таньдаггүй, “Про” гэхээр харин “Хөөх, тийм үү?” болдог.

-Театрын урлагт школа гэдэг ямар ч аргагүй чухал юм, тэр дундаа Оросынх. Одоо гэхдээ ОХУ-д суралцахыг хоцрогдол гэж үзэгсэд бий болчихлоо. Путиний үйлдлээр Оросын ард түмний урлаг, соёлын их өвийг харлуулж харах хандлагатай?

-Урлагийн бүх л төрлөөр ОХУ дэлхийн шилдэгт, нэгэн дуугаар тооцогдоно шүү дээ. Путинээр Чайковскийг үнэлж болохгүй. Орос дотроо сургуулиуд нь бас ялгаатай байдаг. ГИТИС өөрөө театрын урлагаар өрсөлдөгчгүй ялгардаг. Би бол хүндээ биш, заасан багш нарт, багш нарын заасан эрдэмд л гол зүйл бий гэж боддог.

-М.Батболд, Э.Ёндоншарав нар ГИТИС-ийг ганц, ганцаараа төгсөж ирсэн. Харин танай театрынхан яаж бөөндөө явж суралцсан юм бэ?

-2010 онд сонгон шалгаруулалт болж, бид тэнцсэн юм. Ингэж олноор сонгон шалгаруулсан өмнөх тохиолдол нь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нарын үе. Дараа нь З.Баянзул даргын үеийнхэн Украинд төгсөж ирсэн. Тэгэхээр олноор нь сонгон шалгаруулж, хойш явуулсан гурав дахь удаагийн үеийнхэн бид юм. Хамт ийм удаан хугацаанд байна гэдэг бас хүнд л дээ. Хүн бүрээс маш их хичээл зүтгэл гарах болдог. Хөндлөнгийн хүмүүст эсрэгээрээ хялбар санагддаг байх л даа.

-Олон жил өдөр бүрийг хамт өнгөрүүлж шахуу хамт ажиллачихаар их төвөгтэй харилцаа болчихдог гэлцэнэ. Дээр нь уран бүтээлч хүмүүс учир тэдний характер бас амаргүй. Дор дороо ухаан зааж хамт байх уу, эсвэл хүрэх цэгээ хол тодорхойлчихсон болохоор хөдөлмөрлөдөг үү?

-Бид 2010 оноос хойш өдөр шөнөгүй хамт байна. Хойно нэг театрт ажилласан, амьдрахдаа ч нэг орцны дээд доод давхарт таарч байх шиг. Одоо ч бидний гэр орон РЦНК тойрон байрлажээ. Бид одоогоор театраар мөнгө олж эхлээгүй байна. Гэхдээ ингээд хаячихад хайран учраас, энэ бүгдийг ямар нэг зүйлд хүргэхийн тулд нэг нэгнээ хүчээр ч болтугай ойлгодог байх. Сэтгэл зүй, характер нь ч амаргүй хүмүүс шүү дээ. Хамгийн том зүйл, том шалтгаан нь мэргэжлийн кайф байж таарна. Тэр кайф л бидний хамтралыг таатай болгодог.

-Хагарч бутрах эрсдэлээс хамгаалж үлдсэн хамгийн том тохиолдол гэвэл?

-Нэг их сүртэй муудсан зүйл байхгүй шүү (түй, түй хэмээн ширээ тогшив).

-Ер нь базаж, чиглүүлж явдаг нь хэн юм бэ?

-Чиглүүлэх гэхээсээ хүн бүр өөрийн гэсэн үүрэг хүлээдэг. Би захирал гээд худлаа үнэн чиглүүлж байгаа ч аливаа шийдвэрт бүгд ижил тэгш оролцдог. Нэгийнхээ шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг, өөр өөрийн гэсэн мөн үүрэгтэй. Доороос орж ирсэн дүү нараа ч бас үүрэгжүүлдэг. Хүн бүр хүлээсэн үүргээ гүйцэтгээд явахад асуудал гардаггүй дээ.

-Хувийн театр жүжиг тавиад, мөнгөө ч олох асуудал яригдаж байна. Энэ Орост бол яаж явдаг юм бэ?

-Орост хэдийнэ тогтмол үзэгчид бий болчихсон. Адаглаад автобусны буудал бүрд театрын зарыг тогтмол шинэчлэн тавьдаг. Манайд тэгж хэвшээгүй учир хүмүүсийг жүжигт урин дуудах хэцүү байна. Чарлаж дуудаад ч ирэхгүй байна шүү дээ. “Сүүлчийн бороо” жүжигт гэхэд ихэвчлэн өмнө нь жүжиг үзэж дассан, ийм дадлыг хэвшүүлсэн ирсэн. Энэ бол сайны дохио байх. Энэ хүрээлэл жил ирэх тусам тэлнэ. Анх жилийн дараа, хоёр жилийн дараа бүтнэ, болно оо л гэж эхэлсэн… Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөх байх. Надад бол төрийн бодлого л дутагдаад байх шиг санагддаг юм.

-Арилжааны жүжиг тавих тухайд?

-”Сүүлчийн бороо” бол хамгийн арилжааны жүжиг. “Нугасны ан” гэдэг зохиолыг аминдаа тэгж өөрчилсөн. Тэгээд тэгээд биднээс гарч байгаа арилжааны төрөл нь энэ юм. Зохиолоосоо бас хамаарсан. Бид өөрсдөө арилжааны бус зохиол сонгодогт бас учир бий болов уу.

-Массын бүтээл ч хийж чаддаг байх хэрэгтэй?

-Тэр үнэн. Хувь хувьдаа жижиг сажиг хийгээд л байгаа. Гэхдээ манай театрыг тодорхойлж байгаа нэг зүйл байна даа. Тэр нь үнэ цэнтэй. Тэгж байж үзэгчдээ татна. Ахархан миний бодлоор утга санаагаа дутуу өгөх, гүн ухахгүй байх, наагуур нь өнгөц хандах бол буруу. Чадах чинээгээр л улам доош ухах, эсвэл бүр өөр өнцгөөс хандах хэрэгтэй гэж үздэг.

-Хойно төгсөж ирсэн учраас таньдаг хүнгүй гэсэн яриа цөөнгүй сонсогдлоо. Үе хоорондын ойлголцол ба залгамж дээр аливаа салбарын хөгжил явдаг. Та бүхэнд дээд үеийнхнээс нь зааж сургах, туслах дэмжих чин сэтгэлийн хандлага үнэндээ хэр ирдэг юм бэ?

-Бид өөрсдөө хандвал дургүйцэхгүй байх л даа. Ер нь бол энэ асуултад байхгүй гэж хариулах гээд байна, хэн нэгнийг гомдоочих вий дээ. Мэдээж жүжиг ирж үзэхдээ ах, эгч нар уулзана, ярина, зөвлөнө. Одоо харин ахмад бөгөөд олны танил уран бүтээлчдэд хамтран ажиллах санал тавихад арай өөрөөр хүлээж авдаг болчихсон байна. Хамтрах хүсэлтэй хүмүүс бий болжээ. Энэ бол хавьгүй чухал зүйл.

-Одоо “Нугасны ан”, “Инээмтгий хүн”, “Шадар гурван цэрэг” зэргээ дахин тоглох юм байна, өөрчлөлт хийсэн үү?

-Үгүй, үгүй. Ер нь жүжгийг өөрчлөх шаардлагагүй. Тухайн үед нэг учир бий болоод л тийм шийдэлд хүрсэн байж таарна. Тэгэхээр тэр шийдлийг эвдэж дэмий гэж боддог.

-Тоглолт бүр нэгэнт дахин давтагдахгүй учир харин ч театрын давуу тал энэ биш үү?

-Тоглолт бүр өөр байдгийн тухайд жүжигчин өглөө яаж сэрснээс шалтгаалдаг гэчихмээр. Харин үндсэн рам байснаараа байсан нь дээр. Мэдээж найруулагчийн шийдвэр. Нэг цэвэрлэгээ хийх, болохгүй байгаа паузуудыг хураах, эсвэл “Энд нэг өд унагачихъя” гэх мэтээр сэтгэх бол байх. Сайжруулна гээд өөрчилбөл, бүтэлтэй болно гэж бодохгүй л юм.

-“Про” театрынхан найруулах, жүжиглэх битгий хэл жижиг хэрэгслээ ч өөрсдөө гараар урлаад хийчихдэг онцлогтой. Ер нь ийм юниверсаль байх нь театрын урлагт бас чухал мэт?

-Би үүнийг давуу гэхээсээ сул тал л гэж харах гээд байна. Мөнгөтэй, боломжтой бол сэтгэл таарсан, школатай, мэргэжлийн зурдаг хүнтэй л ажилламаар байна. Жишээ нь, хөгжмийн тал дээр аль болох л хойшоо захиалахыг боддог. Өөрсдөө хийдэг нь аргаа ядсан ажил л даа. Яг жүжигчин бол жүжигчнээрээ ажиллаад л явбал сайн. Хэрэв боломж нь бүрддэг бол шүү дээ.

-Ийм боломж олдоосой, үүн дээр л ер болохгүй юм гэж багтармаар санагддаг зүйл?

-Сурагчдыг л жүжиг үздэг болгох сон гэж боддог. Уг нь Соёлын яамнаас хүүхдүүдэд урлаг соёлын ваучер  өгдөг байх санаачилга гарсан нь маш зөв байсан юм. Даанч хэрэгжээгүй. Эцэг эхчүүд хүүхдээ жүжиг үзээсэй гэж хүсэв ч дагуулж явдаггүй л байхгүй юу. Орост бол Пушкин карт гэж бий. Түүнийг ямар үзвэр, үйлчилгээнд зарцуулах нь тодорхой байдаг.

-Тэгэхээр бодлогын асуудлыг хэлж байна, өөрсдийн дотоод боломж, театрын тухай дахь бухимдал?

-Тийм зүйл ч төдийлөн алга шиг санагдаж байна. Мэдээж ямар ч уран бүтээлийг мөнгө шийдэж байгаа. Бүтээлийн чанарт хүртэл энэ нөлөөлнө. Бид үнэхээр урлагийг өөр түвшинд хийе гэвэл мөнгө хэрэгтэй. Сүүлд мөн урлаг, соёлын бүтээлд хөрөнгө оруулсан бол ААНОАТ-ын 1 хувиа буцааж авдаг болсон байна лээ. Энэ их зөв санаачилга ч компаниуд хэрхэн ашиглахаа сайн ойлгохгүй байх шиг байгаа юм.

-Таны урлагийн тухай ойлголт хойно сураад яаж төлөвшсөн, Монголдоо ирээд бас хэрхэн өөрчлөгдөж байна?

-Санкт-Петербургт анх очоод гайхширсан шүү. Сургуулийн хүүхдүүд бүгд хөгжим тоглодог, ноот мэддэг гэдгээс эхлээд л. Харин багш бидэнд урлагийн үнэ цэнийг ойлгуулж, дурлуулсан. Бэлтгэл хийхгүй бол, тайзан дээр гарахгүй л бол хоосон мэт санагдах хэмжээнд аваачсан. Зохиолын задаргаа хийж буй алхам бүр гайхалтай сайхан. Ярианы багшийн хэлдгээр, жүжигчин хүнд тайзан дээр гараад ямар нэг юм хэлэх, хийх оргилсон хүсэл байх ёстой. Түүнгүйгээр тайзан дээр гарвал утгагүй болно. Аажимдаа л яг тийм, тайз руу л гарахгүй бол чадахгүй болчихдог юм билээ.

-Угаас өгөгдөл байсан хүн үүнийг тэгж ойлгодог, хүлээж авдаг биш үү?

-Үгүй. Тэр бол ерөөсөө л бас дахин школа. Надад жишээ нь ямар ч урлагийн өгөгдөл байгаагүй. Зураг зурдаг л байсан байх. Багшийн сургалтаар нүдүүлэх тусам л үнэ цэнийг нь ойлгож, хайрлаж дурлаж байсан.

-Харин ийм сурган авсан хүмүүс Монголдоо “Сити” их сургуульд багшилж байгаа нь олзуурхууштай юм. Энэ сургууль драмын чиглэлд голчлон анхаарч буй нь ялгарч харагддаг л даа.

-Тийм ээ, гэхдээ монгол хүүхдүүд сатаарах зүйл маш ихтэй. Хичээж байгаа боловч найзууд ихтэй, төрсөн өдөр ихтэй байна. Эсвэл дүүгээ харах ёстой гээд л. Бидний хувьд ар гэр лүүгээ хааяа л нэг утсаар ярина уу гэхээс үргэлж урлагаар амьсгалж, амьдарч байлаа шүү дээ. “Сити” их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгальмаа өөрөө энэ тэнхимдээ бодлогоор анхаардаг. Багш нарын дутагдал байдаггүй. Маш хангалттай, мэргэжлийн багийг бүрдүүлсэн. Ц.Байгальмаа гуай өөрөө жүжигчин, ярины багш, мөн ГИТИС төгссөн хүн л дээ. Тийм учраас “Сити” их сургуулийн жүжигчний анги арай өөр яваад байгаа хэрэг.

-Дараагийн аазгай хөдөлгөж байгаа бүтээл?

-ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан лаборатори ажиллагааны үр дүн болгож, А.П.Чеховын “Эгч дүү гурав” бүтээлийг тавих юм. Мөн харьцангуй орчин үеийн, өсвөр насны хүүхдүүдэд зориулсан нэг жүжиг бий. Нэлээд хурц сэдэвтэй. Дан хүүхдүүд гэхээсээ аав ээж нь ч хамт суугаад үзвэл зөв болно. Манай Монголд цэвэр өсвөр насны хүүхдэд зориулсан бүтээл гэж байхгүй шүү дээ. Тэр үүднээс сонгосон жүжиг юм. Нээрэн Хүүхэлдэйн театрт “Одиссей”-г тавихдаа өсвөр насныханд бас зориулж хийсэн. Зохиолыг нь уншсан ч, уншаагүй ч хожим унших сэдэл төрүүлэх мөн чухал. Үзчихээд, “Одиссей-г уншиж үзье дээ” гэсэн бодол төрж л байвал, түүн шиг амжилт алга.

-Таны хувьд, цаашид “Про” театртаа жүжигчин, найруулагч, зураач зэргийнхээ алинаар дагнах вэ?

-Найруулагчаар болов уу. Саяхан мэргэжлийн зураач олсон. Түүнтэй хамтран ажиллаж, цаашид найруулагчийн чиглэлдээ дагнах бодол байна.

-Тэгвэл ямар найруулагч байх вэ, тавьсан бүтээлээрээ дамжуулж хэлэх хүсэл юу вэ?

-Ажилласан бүтээл бүр нь өөрийн гэсэн онцлогтойгоос гадна хайрыг шингээсэн, хайрлах ёстойг ойлгуулсан баймаар. Харин тэр, энэ зохиол бол миний мөрөөдөл гэсэн зүйл үгүй. Жүжиг өөрийн гэсэн амьтай байгаасай. Жүжигчид нь түүнийг тоглох хүслийг тээгээсэй. Жүжигчин жүжгээсээ уйдна гэвэл тэр ёстой эмгэнэл, миний хувьд.

-Та цөөнгүй удаа хайрыг онцолчихлоо. Яагаад?

-Хайрын талаар хийхгүй бол, ер нь юм хийх шаардлагагүй байх аа. Хайр өдөөгдөх, сэргэх хэрэгтэй байна шүү дээ. Тогонд цохиулж байгаа юм шиг. Өсвөр насны хүүхэд хайрын тухай жүжиг үзээд, гэртээ очин аавыгаа тэвэрвэл ямар гоё вэ. Эсвэл жүжиг дөнгөж дуусаад ээж рүүгээ залгавал? Хэн нэгэнд илүү их хайр өгөх ёстойгоо ухаарвал... Ерөөсөө энэ талаар ухаарна гэхээсээ мэдрэх, мэдрэмжээ хөглөх, энэ талаар санахыг чухалчилдаг. Мэдээж гоо зүйг мэдрүүлэх ёстой. Хайр гоо зүйгээс ангид орших боломжгүй. Хайрын талаар биш гэхээр зохиол юуны ч талаар байх билээ гэж бодогдож байна. Бүх зүйлийн үндсэн цөм хайр байдаг. Хэн нэгний түүх магадгүй хайр дутсанаас эхэлдэг.

-Таны энэ үзэл бодол хэрхэн төлөвшсөн бол?

-Школа (Инээв). Үзэхэд нь нэг юм ойлгуулна, төлөвшүүлнэ, хүнд юм өгнө гэж хийх нь уран бүтээлчийн чанар биш гэлтэй. Бид өдөр бүр сэрээд хайрлахаа санадаггүй шүү дээ. Харин театраар ороод гарахдаа санаж болно. Ерөөсөө хайрын тухай улам бүр ярих хэрэгтэй. Хайрыг улаан зүрхээр, улаан бичгээр ойлгодог болчихлоо. Театр нандин байх ёстой. Нандин шинж чанар нь хадгалагдаж байх учиртай.

-Школа авчихаад өөрөө эрэл хайгуул хийн хөгжих тухайд?

-11 жилийн өмнө төгсөөд юу ч мэдэхгүй, чадахгүй мэт санагдаж байсан Анхаатай харьцуулахад бага багаар ахижээ. Харин ахиж, сайжирсан бүх үйл явцын гол тулгуур нь школа байсан. Школа дээрээ зогссон бол эмгэнэлтэй асуудал мөн. Хичээлийн хүрээнд долоо хоногт нэг удаа Эрмитажийн музейг ч нэвтэрхий судалдаг байсан. Мэргэжлийн хийгээд туслах хичээлүүд өөрөө тулчихсан, цаг хугацааны сорилтыг даваад гарчихсан хөтөлбөртэй учир школаг дахин дахин онцлоод байгаа юм. Харин энэ суурин дээр бат зогсоод, өөрөө өөрийгөө хөгжүүлэх нь мэдээж хувь хүний өөртөө тавих сорилт шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

unshihad mash hetsuu text, photo zurguudtai yum. Ehluuled, tsaash n unshih sedel torohgui bsan tul orhiloo. Tegeheer, dotorh context bolon zochin hir sonirholtoi baih ve gedgees gadna, text iin helber, zurgiin haragdah baidal unshiltand mash ih nuluuldug yum bna.

Зочин
Зочин

Xuldvv ergvv dagz !Xair bugsnuus uur bodogdoxim alga uu chamd.

Холбоотой мэдээ

Back to top button