Гадаад мэдээДЭЛХИЙ

Тансаг брэндүүд Z үеийнхнийг ойлгох гэж оролдож байна

Тансаг брэндүүд Z үеийнхнийг ойлгох гэж оролдож байна. Өнгөрсөн онд Z үеийнхэн тансаг брэндүүдээс хийсэн худалдан авалт долоон хувиар буурчээ. Долоон хувь гэдэг нь 5.7 тэрбум ам.доллартой тэмцэх мөнгөн дүн юм. Үе үеийн худалдан авагч нартай харьцуулахад Z үеийнхний худалдан авалт хамгийн огцом унажээ.

Дэлхийн томоохон брэндүүдийн гүйцэтгэх захирал, зөвлөх болон шинжээчдийн хэлж буйгаар бол Z үеийнхнийг бусадтай харьцуулахад тодорхойлоход илүү хэцүү аж. Энэ үеийнхэн сошиал орчноос нөлөөлөл өвч, уламжлалт брэндүүдийг шинэлэг загваруудтай хослуулан өмсөх хандлагатай байна. Залуус TikTok болон Instagram-аас харсан зүйлээ худалдан авч, трифт шоппинг хийх нь нэмэгдсэн.

Z үеийнхнийг татахын тулд уламжлалт брэндүүд инфлюенсерүүдээр сурталчилгаа хийлгэж, цүнхний гоёл чимэглэл зэрэг хямд бүтээгдэхүүн ашиглаж байна. “Coach” брэндийн толгой компани болох “Tapestry”-ийн санхүү болон үйл ажиллагаа хариуцсан захирал Скотт Ро “Шанхай, Лос Анжелес, Лондоны Z үеийнхэн хоорондоо их төстэй” гэж хэлжээ.

“Coach”, “Ralph Lauren” зэрэг илүү боломжийн үнэтэй брэндүүд энэхүү үе хоорондын шилжилтэд хожиж, ашиг олж байна. “Ralph Lauren” брэндийн орлого гуравдугаар сард орлого нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өсжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Coach” Z үеийнхний дунд нэр хүндтэй болсон нь инфлюенсерүүдтэй хамтран ажиллах, үйлчлүүлэгчийн хүсэлтээр загвар өөрчилж болдог үйлчилгээ үзүүлэх, тогтвортой байдлыг чухалчлах бодлоготой нь холбоотой аж. “Coach”-ийн нийт орлого зургаадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар өсөж, ойролцоогоор 5.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Зургийн эх сурвалж: MSN

“Tapestry” брэндийн санхүү болон үйл ажиллагаа хариуцсан захирал Ро хэлснээр брэндэд үнэнч байх тал дээр Z үеийнхэн бусдаасаа нэг их ялгаатай биш. Харин сонголт илүү өргөн учраас тэдэнд хүрэх илүү бэрх болсон. Тэр “Анхаарал татахын тулд брэнд хүчтэй дуу хоолойтой байх хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Хүчтэй дуу хоолойтой байх нь зардал ихтэй. “Tapestry” цар тахлын өмнөхөн борлуулалтын орлогынхоо гурван хувийг сурталчилгаанд зарцуулдаг байсан. Харин энэ онд 10 хувь болгож нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч энэ төсвийн хэчнээн хувийг Z үед чиглүүлсэн тухайгаа ил зарлаагүй байна.

Том брэндүүд одоо гарааны болон жижиг ч гэсэн байр сууриа брэндүүдтэй өрсөлдөж эхэлжээ. Эдгээр байр сууриа олсон жижиг бизнесүүд “Collina Strada” болон Мэри-Кейт, Эшли Олсен нарын үүсгэн байгуулсан “The Row” зэрэг брэндүүд орж байгаа. “Lyst” худалдааны платформын тансаг брэндийн жагсаалтыг харвал “The Row” зургаад орж, хоёр байр ахижээ. “Lyst” бол дэлхийн 160 сая гаруй хэрэглэгчийн зан төлөв болон сошиал медиа хэрэглэдэг идэвхийг шинжилдэг загварын онлайн худалдааны платформ юм.

“Collina Strada”-ийн бүтээлч байдлын захирал Хиллари Таймур хэлэхдээ, 2020 онд Z үеийг чиглэсэн дижитал сурталчилгаа эхлүүлсэн гэжээ. Одоо Z үе болон шинэ мянганыхан худалдан авагчдын 58 хувийг бүрдүүлдэг болсон байна. Тэр “Цахим сурталчилгаа нь тогтвортой байдлыг хөгжилтэй, миймтэй хослуулдаг” гэж хэлжээ.

Боломжийн үнэтэй бүтээгдэхүүн залуу үеийг татаж байна

Дэлхийн загварын салбарын бүх аваргууд ийм асуудалтай  биш. “Kering”-ийн эзэмшдэг “Bottega Veneta”, “Prada Group”-ийн “Miu Miu”, “LVMH”-ийн “Loewe” зэрэг брэндүүд Z үеийнхний дунд хүчтэй байр суурьтай хэвээр байна. Одоогоор “Miu Miu” нь “Lyst” платформын индексийн нэгдүгээр байранд орж, “Loewe” удаалжээ.

“Miu Miu”-ийн борлуулалт 2025 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 49 хувиар өссөн байна. 240-1,250 ам.долларын үнэтэй арьсан гоёл чимэглэлүүдээрээ анх удаа тансаг брэнд худалдан авч буй залуусыг “Miu Miu” татах боллоо. “FashionSIGHTS”-ийн үндэслэгч Ачим Берг “Эдгээр брэндүүдийн нэг л бүтээгдэхүүнийг худалдан авснаар брэндийн үнэт зүйлсийг илэрхийлж чаддаг. Ийм учраас Z үеийнхэн бүтэн хослол гэх мэт зүйл авалгүйгээр тансаглах боломжтой байдаг” гэж хэлжээ.

Зургийн эх сурвалж: Fashion Dive

Боломжийн үнэтэй бүтээгдэхүүнүүд тансаг брэнд сонирхож буй залуу худалдагчдыг илүү татдаг. Тэд дээд үеийнхэнтэйгээ харьцуулахад санхүүгийн зардалдаа илүү анхаарал тавьдаг билээ. “Bank of America”-гийн мэдээлснээр, 2024 оны наймдугаар сард Z үе болон шинэ мянганыхны хэрэглээ өмнөх жилээс ердөө 0.5 хувиар өссөн бол бүүмэр үеийнхнийх 2.4 хувиар нэмэгдсэн байна.

26 настай Лос Анжелесийн оршин суугч Кендалл Стилл “Би тансаг бүтээгдэхүүн худалдан авахдаа удаан эдэлгээтэй байж чадах болов уу гэж боддог. Нэг зүйлд их мөнгө зарцуулж байгаа болохоор 5–10 жил өмсөөд уйдахгүй зүйл авахыг хүсэж байна” гэж хэлжээ.

“Miu Miu”, “Bottega Veneta” зэрэг брэнд хожиж байхад заримынх нь орлого ихээхэн унасан байна. “Gucci” брэндийн борлуулалт хоёрдугаар улиралд 25 хувиар буурсан. Үүний улмаас компанийн гүйцэтгэх захирал Стефано Кантино есдүгээр сарын 17-нд албан тушаалаасаа татагдан буусан юм.

Хэрэглэгчдийн бүтээсэн контентод брэнд дурдах талаар дата цуглуулдаг, Z үе судлаач dcdx мэдээлэхдээ, “Gucci” өнгөрсөн жил сошиал орчинд хамгийн их уналт үзүүлсэн тансаг брэнд болжээ. Сүүлийн хоёр жилд тус брэндийг эзэмшдэг “Kering”-ийн хувьцааны үнэ 43 хувиар унасан бол “Tapestry” компанийнх гурав дахин өссөн байна.

“Bain & Company” фирмийн ахлах түнш Фредерика Левато “Уламжлалт брэндүүд хожиж байгаа болон ялагдаж байгаа гэсэн тодорхой хоёр бүлэгт хуваагдаж байна” гэж хэлжээ.

Ирээдүйд олон улсын гарч ирэх дараагийн тоглогчид нь БНХАУ-ын “Uma Wang”, “Shushu” зэрэг брэндүүд байж болох юм. “Chanel” компанийн гүйцэтгэх захирал Лина Найр Хятадын шинэхэн брэндүүд Азийн цахим орчинд залуу хэрэглэгчдийн дунд байр сууриа эзэлж байна гэжээ. Тэр “Брэнд удаан хугацааны турш оршин тогтносон гэсэн байдалдаа найдаж болохгүй. Олон нийтийн анхаарлын төвд байхын тулд цаг үеэ мэдэрсэн, орчин үеийн байх ёстой” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters, Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button