УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эмч, багш нарын цалинг МАН-ын дарга болох хүсэлтэйгээ зэрэгцүүлэн эрэмбэлнэ үү, Ерөнхий сайд аа

Багш нарт унааны мөнгө гэж өдөрт 1000, хоолны зардалд 8000-ыг олгодог. Боловсролын салбарт 9 жил ажилласан багш сард гар дээрээ 1.540.000 төгрөг авдаг гэж бичсэн цаас өргөжээ. Эрүүл мэндийн салбарт 20 жил ажиллахад суурь цалин нь 40 мянган төгрөгөөр нэмэгдсэн эмч байна. Энэ бол монголын өнөөгийн байдал.

Төрийн алба, төрийн үйлчилгээний хамаг ажил мэргэжилдээ хайртай мэргэжилтнүүдийн нуруун дээр яваа. Тэдний үүрэх ачаалал аль ч салбарт их. Дээгүүр нь цүнх баригчид, том дарга нарынх нь хэрэглээний зардал л томроод байдаг. Мэргэжилтнүүд дээр ирж байгаа гэрэл үгүй. Тэр дундаа Эрүүл мэнд, боловсролын салбарыг улс төрийн намууд хоорондын тохиролцоо дээр үндэслэж, сул сайд нарт шидэж өгөх болсоор удлаа.

Удирдлага сайтай, салбарыг нь хүчтэй хүн тэргүүлээд явсан бол уг нь Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа цагдаа нарын цалинг нэмж, хот дээр очингуутаа ТҮК-ийн ажилчдын цалинг өсгөсөн шиг эв голдирлоо яаж ийгээд олчих боломж байв. Гэсэн ч тэгсэнгүй.

Бүр багш нар нь ажлаа хаячхаад байхад Засгийн газар нь танхимаа огцруулахгүй байхад л хамаг анхаарлаа төвлөрүүлчхээд байна. Одоо эмч нар мөн ажлаа хаяна гэдгээ мэдэгдчихээд байна. Улс орон даяар заах хичээл заах багшгүй, хүн ардаа эмчлэх эмчгүй болтол эрсдэл өнөөдөр дэргэд ирчхээд байна. Тийм байхад Ерөнхий сайдын суудлаа хамгаалж үлдсэн Г.Занданшатар үргэлжлүүлэн МАН-ын дарга ажлаа эрчимжүүлэв.

Зүй нь, МАН-ынхан Тусгаар тогтнолын ордондоо хаалттай хуралдаж, намын хоёр жигүүрээ эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулахын оронд Төрийн ордонд багш, эмч нарын цалин нэмэх шийдлээр цаасан судалгаа уншиж, мэтгэлцээн өрнүүлэх цаг юм.

Харьцуулж жинлээд үзвэл улс төрчдөд өнөөдөр МАН-ын даргын суудал, Засгийн газар огцрохгүй хэдэн сар дэнжгэнэж үлдэх нь чухал байна. Тэд улсын эмнэлгүүдээр үйлчлүүлдэггүй. Ихэнхдээ гадагш зорчиж, эмнэлэг барааддаг. Хүүхдүүд нь улсын сургуульд сурдаггүй. Амсаагүй зовлонгоо тэд барагцаалж харж чадахгүй, олон нийтэд таалагдах, нийгмийн уур амьсгалын хөшгөөр л багцаалан харж байгаа нь энэ юм. Тиймээс ч өөрт тухтай санагдах асуудлаа түрүүнд эрэмбэлээд байна.

Одоо Ерөнхий сайдаасаа шаардацгаая. МАН-ын дарга болох өөрийн хүслээ эмч, багш нарын цалин нэмэх агуулгатай зэрэгцүүлэн харна уу. Өөрийн хүсэл, түмний хүсэл хоёрыг нэг шугамд аваачиж, бодит ертөнцөө харж цонхоо нээмээр байна, Ерөнхий сайд аа.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Ц�##�ин нэмээд ямар ч ашиг гарахгүй Инфляци л нэмэгдэнэ. Өөр л бодлого хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ

Back to top button