Судалгаа: ChatGPT зэрэг хиймэл оюун ухаан польш хэлийг хамгийн сайн ойлгодог
						Хиймэл оюун ухаан польш хэлийг хамгийн сайн ойлгодог гэдгийг нэгэн судалгаа харуулсан байна. Харин англи хэл зургаадугаар байрт оржээ.
Мэрилэндийн их сургууль болон “Microsoft” компанийн хамтарсан судалгаагаар 26 өөр хэлний дундаас Польш хэл хиймэл оюун ухаан ашиглахад хамгийн үр дүнтэй нь болохыг тогтоосон юм.
Туршилтыг явуулсан эрдэмтэд “Манай туршилтын үр дүн нэг талаараа гайхалтай мөн төсөөлшгүй дүгнэлтүүдийг гаргасан. Юуны өмнө англи хэл бүх чатботуудад хамгийн сайн үр дүн үзүүлээгүй. Урт өгүүлбэр бүхий зааварчилгаа өгөхөд англи хэл 26 хэлний дундаас зургаадугаар байрт орсон. Харин польш хэл тэргүүлсэн” гэж бичжээ.
Судалгааны баг “OpenAI”, “Google Gemini”, “Qwen”, “Llama” болон “DeepSeek” зэрэг голлох чатботуудад ижил агуулгатай өгөгдлийг 26 өөр хэл дээр өгч туршсан байна. Туршилтын үр дүнд Польш хэлээр өгсөн өгөгдлийг биелүүлэх нарийвчлал дунджаар 88 хувьтай гарсан юм.

Польшийн Патентийн газар Facebook хуудас дээрээ “Дүн шинжилгээнээс харахад, хиймэл оюун ухаанд тушаал өгөхөд хамгийн оновчтой хэл бол польш хэл байна. Өмнө нь Польш хэлийг сурахад хамгийн хэцүү хэлний нэг гэж үздэг байсан. Харин одоо хүмүүс сурахад хэцүү байж болох ч хиймэл оюун ухааны хувьд тийм биш нь тогтоогдлоо” гэж бичжээ.
Сонирхолтой нь хиймэл оюун ухааныг сургаж болох польш хэл дээрх өгөгдлийн хэмжээ англи эсвэл хятад хэлнийхтэй харьцуулахад хамаагүй бага байдаг. Гэсэн ч хиймэл оюун ухааны системүүд польш хэлийг маш сайн ойлгож чадсан аж.
Харин харьцуулахад, Хятад хэл хамгийн муу үзүүлэлттэй хэлнүүдийн нэг байсан юм. Тодруулбал 26 хэлний дундаас доороос дөрөвдүгээр байрт орсон байна.
Хиймэл оюун ухаантай харилцахад хамгийн үр дүнтэй 10 хэлийг жагсаавал
Польш — 88%
Франц — 87%
Итали — 86%
Испани — 85%
Орос — 84%
Англи — 83.9%
Украин — 83.5%
Португал — 82%
Герман — 81%
Нидерланд — 80%
Эх сурвалж: Euro News
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.