ГХЯ: 40 хүний амь эрсэдсэн Вьетнамын үерт Монгол иргэд өртөөгүй
Вьетнамд өнгөрсөн долоо хоногоос хойш бороо орж, далайн хар шуурга болсны улмаас 40 хүний амь нас үрэгдээд байна.
Амь насаа алдсан иргэдийн хувьд, Хюэ, Да Нанг, Донг, Куанг Три мужуудад амьдардаг байсан. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1.7 метр бороо орсон нь тус улсад урьд өмнө нь орж байгаагүй их хэмжээний хур тунадас болсон юм. Ирэх өдрүүдэд нөхцөл байдал дээрдэх шинжгүй байгааг Вьетнамын Байгаль орчны яамны гамшгийн агентлагаас мэдээллээ.
Эхний есөн сарын байдлаар Вьетнам улс руу 8.1 мянган Монгол иргэн зорчсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тус улсад оршин суудаг Монгол иргэдийн нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Вьетнам улсад оршин суудаг Монгол иргэд үерт автсан гэх мэдээлэл Элчин сайдын яаманд ирээгүй6 Тус улсад ойролцоогоор 80 гаруй Монгол иргэд амьдарч байна. Гол төлөв Ханой, Хо Чи Минь хотод амьдардаг. Вьетнамын хойд хэсгийн Тай Нгуен мужид цөөн тооны Монгол оюутан хэлний бэлтгэлд суралцаж буй" гэх мэдээллийг өглөө.
Нэмэлт: Зургаагаас есдүгээр сарын хооронд тус улсад их хэмжээний бороо ордог. Гэвч хүний нөлөөний улмаас Вьетнамд цаг уурын онц ноцтой үзэгдэл тохиох давтамж, хүч нь нэмэгджээ. Жилдээ Вьетнамыг арав гаруй далайн хар шуурга дайрдаг. Харин Калмаэги нь 13 дахь хар шуурга болсон байна.
О.ОНОН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.