Улс төрийн мэдээ

С.Бямбацогт: Нууцад авсан гэрээ, тендер, төслүүдийг ил болгох Төрийн нууцын жагсаалт батлах хуулийг өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлтийг дэмжих хуулийн төсөл, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн өр төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн билээ.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд нээлттэй, ил тод Засгийн газар гэдэг зарчмаар ажиллаж байна. Иймээс Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг өргөн барихаар болж байна. Нүүрсний олон гэрээнүүдийг Г.Занданшатар Ерөнхий сайд ил болгож байгаа. Хил холболт болон олон улсын гэрээнүүдийг ил тод болгох тал дээр ажиллаж байна.

Нууцад авсан гэрээнүүдийг ил болгох, Нууцын тухай хуулийг өргөн мэдүүлэх ёстой. Иргэдийн мэдэх эрхийг хангахгүйгээр хулгайтай тэмцэж чадахгүй. Тиймээс аливаа хаалттай, нууц асуудлуудыг ил болгож байж төрийн чадавх дээшилнэ. "Эрдэнэс Тавантолгой"-н хэд хэдэн гэрээ болон тендер, олон улсын гэрээ, олон төслүүдийг Тагнуулаас зөвшөөрөл авч ил болгоно.

Барилга байшин барих зэрэг томоохон үнийн дүнтэй гэрээнүүдийг ил болгох тал дээр ажиллаж байна. 500 гаруй нууцад авсан гэрээнүүдийг ил болгоно. Албаны нууцын журмаар нууцалдаг байдлаар иргэдийн мэдэх эрхийг нууцалдаг байдлыг байхгүй болгож, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг л нууцад авч, бусдыг нь ил болгоно. Төрийн нууцыг жагсаалтыг УИХ л баталдаг байх, түүнээс Засгийн газрын тогтоолоор яамд албаны нууц гэдэг байдлаар нууцад авч байгааг таслан зогсоож, ил тод шилэн болж байж авлигаас ангижирна.

Ийм зорилтын хүрээнд иргэддээ нээлттэй, ээлтэй Засгийн газар гэдэг бодлогыг авч байгаа учраас Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг өргөн барьж байна.

Төрийн нууц гэдгээр оффтейк гэрээнүүд хийдэг байдлыг таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж байгаа. Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн 581 гэрээ ил тод болж, сайтад нь тавигдсан. Цаашид ч мөн ийн ил тод болгоно.

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны тэмдэглэл ил болгох ёстой. Аль болох иргэдэд нээлттэй байх ёстой гэдэг байр суурийг ч би илэрхийлж байгаа.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button