Улс төрийн мэдээ

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхээр маргааш санал хураахаар хойшлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорин “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл", “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэхээр боловсруулж, энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүн, нийт 330 үр дүнг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулан тодорхойлжээ.

Дээрх бодлогын найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тодорхойлон тусгасан байна. Үүнд:

  • 1. Чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах;
  • 2. Хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг нэмэгдүүлэх;
  • 3. Эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг сайжруулах;
  • 4. Эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг сайжруулах;
  • 5. Боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах;
  • 6. Анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг сайжруулах;
  • 7. Авлигыг бууруулж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, цахим засаглалыг дэмжиж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтийг сайжруулах;
  • 8. Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах;
  • 9. Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг сайжруулах;
  • 10. Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, Дэлхийн мэдлэгийн индексийг сайжруулна хэмээн тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авахаас гадна үг хэлсэн юм.

Хуралдааны төгсгөлд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр боллоо.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button