Б.Жавхлан: Төсвийн тодотгол хийх талаар ярихад эрт байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр сонссон юм.
Төсвийг өргөн барьж байгаатай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Хүн ам, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Шадар сайд Х.Ганхуяг нар мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан,
2026 оны төсвийг хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталж чадлаа. Энэ жилийн төсөвт 188 мянган иргэний санал хүсэлтийг тусгаж өгснөөрөө онцлог төсөв болж байна.
Ерөнхий сайд, УИХ-ын даргын асуудал яригдсан, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан ажил хаясан зэрэг хүнд хэцүү үед төсөв батлах процесс явагдлаа. Салбар, нийгмийн шаардлагуудад үндэслэн зохих өөрчлөлтүүдийг хийлээ.
Эдгээрийг хийхийн тулд төсвийн ерөнхийлөгч захирагч нар ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан гэж ойлгох хэрэгтэй. Ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
Төсөв батлагдаад үйл ажиллагаа ч эхлээгүй байхад тодотгол ярих эрт байна. Төсвийн тодотгол өөрөө тусгай хууль, дүрмээр явагдана. Нөхцөл үүссэн тохиолдолд тодотгол хийнэ. Олон гишүүн тодотгол оруулж ир гэж дураараа ярьж болохгүй. Тодотгол хийх шаардлага үүссэн тохиолдолд л хийнэ. Батлагдсан төсвөөр Засгийн газар 2026 онд үйл ажиллагаагаа санхүүжүүлэх бүрэн боломжтой. Эрүүл мэндийн даатгалын хамрагдах хүрээг багасгана. Ингэснээр жишээлбэл архины хордлогын эмчилгээний зардлыг гэхэд татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй. Амны хөндийн үзлэг, эмчилгээний зардлыг иргэн хувийн даатгалаараа төлдөг байх зэрэг зарим нэг өөрчлөлт, хэмнэлтүүдийг энэ салбарт хийсэн" гэв.
Боловсролын сайд П.Наранбаяр,
Боловсролын байгууллагын багш, ажилтнуудын цалинг хамтарсан хэлэлцээрт оролцсончлон тавигдсан. Цалингийн нэмэлт зөвхөн багш нарт биш. Батлагдсан төсвийн хүрээндээ боловсролын салбарын бүх ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулна.
Шадар сайд Х.Ганхуяг,
Улсын төсөвт орлогоос нь татан төвлөрүүлдэг 7 аймаг байдаг. Татаас өгдөг аймгуудад ялгаагүй 12.8 хувиар буурч байгаа. Нийгмийн даатгал, хүүхдийн мөнгө, аюул ослын гэнэтийн явдлын зардлаас хасалгүйгээр бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлаас жигд танасан. Ирэх оны төсөв бизнест ээлтэй төсөв болж байгаа.
Хүн ам, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлж байгаа. Хувь тэнцүүлсэн бүрэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас бодлого баримталж байгаа. Бага тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх аргачлалыг батлах ёстой. 2026 онд 537 мянган иргэн тэтгэвэр авна гэсэн тооцоо бий. Бага тэтгэвэр дээрээ 100 мянган төгрөгийг шууд нэмэгдүүлэх үү, жигд 8.6 хувиар нэмэгдүүлэх үү гэдгийг аргачлалаар тооцож байж шийдвэрлэнэ" гэв.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.