Тогтоол: 0-6 насны хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоногийн цалинтай чөлөө олгоно

Өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Засгийн газрын хуралдаанаар нэгэн тогтоолыг баталсан. Тодруулбал, ханиад хүрсэн 0-6 насны хүүхэдтэй, төрийн албанд ажилладаг эцэг эхчүүдэд тав хоногийн цалинтай чөлөө олгох тогтоол юм. Үүнтэй холбогдуулж Эрүүл мэндийн яамнаас уг цалинтай чөлөөний хуудсыг хэрхэн олгох тухайд мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв,
“Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед долоо хоногт 13,000-42,000 хүн амбулаториор үзүүлдэг. 1,600-4,600 хүн хэвтэн эмчлүүлдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, үүний дотор 55 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг. Энэ нь амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг. Үүний улмаас хүүхдүүд эмнэлэгт хэвтэх шаардлага, хүндрэл их гардаг.
Иймд дараах тохиолдолд,
- Өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагат эмчийн үзлэгт хамрагдсан байх,
- Томуу, томуу төст өвчний улмаас халууралт буухгүй, хүндэрч магадгүй эрсдэлтэй бол,
- Эцэг эхийн асран хамгаалал, хяналт зайлшгүй шаардлагатай 0-6 хүүхэдтэй бол цалинтай чөлөө олгоно.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед буюу арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл эцэг эхчүүд, ялангуяа 0-6 насны хүүхэдтэй асран хамгаалагч нарт цалинтай 5 хоногийн чөлөө олгох тухай тогтоол юм.
Засгийн газрын уг тогтоол нь төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан хэдий ч хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна. Чөлөөний хуудсыг даатгуулагчид олгох эмнэлгийн хуудасны журмын хуудсаар олгоно. Холбогдох чиглэл, заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлсэн" гэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.