Эдийн засгийн мэдээ

БНХАУ-ын түүхий нүүрсний олборлолт багасч үүнийг дагаад импорт нь ч буурах төлөвтэй байна

БНХАУ-ын аравдугаар сарын түүхий нүүрсний олборлолт уурхайн үйл ажиллагааны түр зогсолт, аюулгүй ажиллагааны шалгалт, нүүрс олборлогч бүсүүдэд үргэлжилсэн хур тунадасны нөлөөгөөр бууралттай гарч эхэлжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын дотоодын нүүрсний зах зээл хамгийн өндөр идэвхжилтэй байж, ялангуяа эрчим хүчний зориулалтын нүүрсний үнэ улирлын хандлагыг сөрөн өсөх төлөвтэй байсан ч эрэлт хүлээгдэж байснаас давж, нийлүүлэлт харьцангуй сул байсантай холбоотой юм.

Гэсэн хэдий ч түүхий нүүрсний олборлолт 10-р сараас буурч эхлэв. Үндэсний статистикийн газрын мэдээлснээр Хятадын аравдугаар сарын нүүрс олборлолт 406.75 сая тонн болж, өмнөх сараас 1.16 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар буурчээ. Өдрийн дундаж олборлолт 13.12 сая тонн байсан нь сарын эхтэй харьцуулахад 4.37 хувь буюу жилийн өмнөх түвшинтэй харьцуулахад 1.2 хувиар багасчээ.

Импортын хэмжээ ч мөн адил буурах чиг хандлагатай байна. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, БНХАУ аравдугаар сард 41.74 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 9.75 хувь, өмнөх сараас 9.27 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм. Харин 8–9 дүгээр сарын импорт нь өмнөх сараас 20.02 хувь, 7.64 хувиар өссөн байдаг.

Аравдугаар сарын эхээр Хятадын Үндэсний баяр болон Дунд сарын баярын амралтын өдрүүдийн үеэр уурхайнуудаас олборлолт түр зогссон. Үүний дараа нүүрсний компаниуд илүү хатуу хяналт шалгалтад орж, олборлолтоо хэвийн сэргээхэд хүндрэлтэй байв.

Мөн их хэмжээний хур тунадас орсон нь Хятадын хойд бүсийн ил уурхайнуудын олборлолт, борлуулалтын үйл ажиллагааг тасалдуулсан юм.

Ийнхүү дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр нүүрс олборлогч компаниуд аравдугаар сард болгоомжтой бодлого баримталж, олборлолтын хурдаа сааруулсан нь түүхий нүүрсний гарцыг хязгаарласан.

Харин арваннэгдүгээр сард цаг уурын нөлөөлөл мэдэгдэхүйц буурах төлөвтэй бөгөөд Хятадын хойд бүсэд өвлийн дулаан хангамж бүрэн хүчин чадлаар нийлүүлэгдэж эхэлсэн.

Ирэх саруудад түүхий нүүрсний олборлолт өсөж магадгүй гэсэн хүлээлттэй байна.

Т.БАТСҮРЭН


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button