Сурвалжилга: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зөвхөн халамж авдаг гэж ойлгох бус хөдөлмөрлөх орчныг бүрдүүлэх хэрэгтэй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахад нь туслах үйлчилгээ АНУ-д анх үүсжээ. 1970-иад оны үед булчингийн сулралтай их сургуулийн нэгэн оюутан ангийнхаа хүүхдүүдэд мөнгө өгч туслалцаа авдаг байж. Тус үйлчилгээ өдгөө дэлхий нийтэд танигдан хөгжиж, илүү боловсронгуй болж "хувийн туслах үйлчилгээ" гэх ажлын байрыг бий болгожээ. Энэ үйлчилгээг олон улс мэдэхээсээ өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөвхөн халамж авдаг, гэртээ байх ёстой мэтээр харж ойлгодог байв.
Тэгвэл манай улсад одоо ч энэ үзэл бий. Үүнээс Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ойлгох ойлголт хэдэн жилээр хоцорч буйг харж болох аж. Анх 2016 онд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль" батлагдаж тус хуульд бие даан амьдрахыг дэмжих хувийн туслах үйлчилгээ гэж албан ёсоор оржээ. Гэхдээ тус хуульд санхүүжилт нь хаанаас гарч, хэн үйлчилгээ үзүүлэх зэрэг нь тодорхойгүй тунхаг төдий л зүйл байж.
Харин сүүлийн хоёр жилээс эрх зүйн хувьд арай боловсронгуй болж хэрэгжиж эхэлсэн байна. Тус үйлчилгээг үзүүлдэг "Түгээмэл хөгжил төв"-ийн зохицуулагч О.Мөнхзаяаг сурвалжиллаа. Тэрбээр Идэр их сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгсжээ. Түүний ажил бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийж чадахгүй зүйлд туслах. О.Мөнхзаяа өглөө эртлэн босож хүүхдээ цэцэрлэгт нь хүргэчхээд яаран ажилдаа гардаг байна. Тухайлбал, тэр өнөөдөр Тэмүүлэнгийнд иржээ. Өглөөний цай бэлдэхээс түүний өнөөдрийн ажил эхэлнэ.

Өглөөний цайг нь бэлдэж өгөхөөс л миний ажил эхэлнэ
-Анх яагаад нийгмийн ажилтан гэх мэргэжлийг сонгох болов?
-ЕБС-д суралцаж байхдаа л нийгмийн болон сайн дурын ажилд идэвхтэй байсан. Манай гэр бүлийнхэн намайг барилгын салбарын хүн бол гэж зөвлөөд тэр салбарын мэргэжил сонгох гэж байсан юм. Яг сургуульдаа бүртгүүлэхээр очихдоо өөрийнхөө хүссэн мэргэжлийг сонгомоор санагдаад гэнэтийн шийдвэр гаргаж Идэр их сургуульд "нийгмийн ажилтан" хөтөлбөрөөр сурсан. Тэр шийдвэртээ огт харамсдаггүй.
-Анх түгээмэл хөгжил төвтэй хэрхэн холбогдов. Оюутан байхдаа ХБИ-д туслах цагийн ажил хийж байсан гэсэн?
-"Түгээмэл хөгжил төв"-ийн талаар анх найзуудаасаа сонсож байсан. Манай найзууд дадлагад гараад "хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалдаг цагийн ажил хийж байгаа, чи сонирхоод үзээч" гэсэн. Одоогоос яг гурван жилийн өмнө ажлынхаа хаалгыг татаж байж. Тухайн үед намайг цагийн ажил хийдэг байхад нэг цаг нь 3500 төгрөгийн үнэлгээтэй байсан. Тэр жилээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдруулах төсөл хэрэгжээд цагийн үнэлгээ нь 7000 төгрөг болж нэмэгдсэн. Хичээлийнхээ завсар зайгаа зохицуулаад цагийн хувиараа өөрөө сонгодог байсан юм. Тэр үед хичээл ч харьцангуй бага байсан учир их цагаар ажилласан. Оюутан надад хичээлдээ ч яваад давхар мэргэжилтэйгээ холбоотой цагийн ажил хийгээд санхүүгийн бэрхшээлээ шийдчихдэг учир урамтай байсан. Удалгүй төсөл дуусаад цалин 3500 болоход авч байгаа цалин хүрэлцэхгүй болсон. Тэр үед шантармаар санагдаж байсан шүү /инээв/.
-Өнөөдөр Н.Тэмүүлэнгийнд ирж хувийн туслах үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Хувийн туслах ямар ажил хийдэг вэ?
-ХБИ-ий захиалсан цагт бэлэн ирнэ. Үйлчлүүлэгчид маань өөрсдөө хэдээс хэдэн цагийн хооронд туслах ажилтан авах уу? гэдгээ урьдчилж хэлдэг. Захиалсан цагт нь ирээд, өглөөний цайг нь бэлдэж өгөхөөс л ажил эхэлнэ. Тухайн захиалсан ХБИ бүр өөр өөр бэрхшээлтэй байдаг. Зарим нь бол өөрөө өглөөний цайгаа хийчихдэг. Тиймээс тухайн ХБИ-ий чаддаг зүйлийг нь огт хийж өгөхгүй. Чадахгүй зүйлд нь тусална.

-Н.Тэмүүлэн та хоёрын өнөөдрийн төлөвлөгөө юу байна?
-Н.Тэмүүлэн ах маань тулгуур эрхтний бэрхшээлтэй учир өөрийн биеэ бүрэн удирдах боломжгүй. Тиймээс нүүр ам, үсийг нь угааж өгнө. Мөн өглөөний цайг нь уулгаад, хувцсын өмсгөөд ажил руу хүргэж өгснөөр бид хоёрын цаг дуусна.
-Ажил руу яаж явдаг вэ, тэргэнцэртэй хүн түрээд явахад манай хотын зам талбай хэр стандартын шаардлага хангаж байна уу?
-Бид хоёр ихэвчлэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Нийтийн тээвэрт шинэчлэлт хийгдээд автобусны хүрэлцээ сайн болсон ч зарим хүмүүсийн харилцаа хандлага жоохон хэцүү. Урд хаалга нарийн байдаг учраас арын хаалгаар орох шаардлагатай байдаг юм. Дүрэм журамдаа бол автобусны жолооч бууж ирээд арын хаалганы зориулалтын налуу замыг буулгаж өгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг оруулах ёстой. Гэвч жолооч нар налуу замыг төдийлөн буулгаж өгдөггүй, зарим үед арын хаалгаар суух гээд очихоор хөдлөөд явчихдаг тохиолдол гардаг. Гэхдээ бүх жолооч нар тэгдэг гэсэн үг биш. Мөн дан ганц жолооч гэлтгүй нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа энгийн иргэдийн харилцаа хандлага дээр дутмаг зүйл их байдаг. Тэргэнцэртэй хүн ороод суух зориулалтын хэсэгт зогсчихдог сандал тавьж өгдөггүй асуудлууд их тулгардаг.
-Үйлчилгээний газруудаар явахад тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замын хүрэлцээ хэр байдаг вэ?
-Үйлчилгээний газруудын шат асуудал болдог. Зарим газруудад налуу шат байдаг ч зориулалтын бус. Налуу зам нь нэг метрийн өндөр дээр гарахын тулд 12 метрийг налуу болгосон байх ёстой гэсэн стандарттай байдаг. Гэтэл зарим үйлчилгээний газрууд хүүхдийн тоглоомын гулсуур шиг огцом замтай байдаг болохоор шатаар нь тэргэнцэртэй хүнээ татаж гаргадаг.

Өөрөө мөнгөө төлөөд хувийн туслахын үйлчилгээ авдаг 30 гаруй хүн бий
-Одоо ХБИ-д туслах үйлчилгээ үзүүлдэг хүний нэг цагийн үнэлгээ хэд байна. Санхүү мөнгөний асуудлыг нь ямар байгууллага гаргаж байгаа вэ. Мөн ХБИ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл танай дээр хэрэгжиж байгаа юу?
- Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн заалтад ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн заалт байгаа. Тиймээс манай байгууллагаас "ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд, энэ төсөл үнэхээр хэрэгтэй байна" гэсэн албан хүсэлтээ "Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар"-т хүргүүлсэн. Үр дүнд нь уг төсөл одоо хэрэгжиж байгаа. Гэхдээ зөвхөн хөдөлмөр эрхэлдэг ХБИ хувийн туслахын үйлчилгээг авах боломжтой гэсэн үг. Санхүүжилтийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас гаргадаг. Цалин гэвэл ХБИ-д туслах үйлчилгээ үзүүлж байгаа хүнд нэг цагийн 14000 төгрөг олгоно гэж заасан. Үүнээс ХХОАТ, НДШ зэрэг хасагдана. Мөн ХБИ болон цагийн ажилтан хоёрыг холбож, хуваарилалт зохицуулалт хийж ажиллаж байгаа учир манай байгууллага тодорхой хэмжээний хувь авдаг. Ингээд цагийн ажилтан маань яг гар дээрээ нэг цагийн 7000 төгрөгийг цалин авна гэсэн үг.
-Энэ төсөлд хөдөлмөр эрхэлж байгаа хэдэн ХБИ хамрагдаж байна. Нийт хэдэн хүн ХБИ-ий хувийн туслахын цагийн ажил хийж байгаа вэ?
-Манай байгууллагаас 20 гаруй хүн бий. Эрэгтэй есөн хүн, үлдсэн нь эмэгтэй ХБИ байгаа. Төсөлд хамрагдаж чадаагүй ч өөрөө мөнгөө төлөөд хувийн туслахын үйлчилгээ авч байгаа 30 гаруй хүн байдаг. Тэдний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа учир улсаас хэрэгжүүлж буй төсөлд хамрагдах боломжгүй. Манайхаас гадна хувийн туслах үйлчилгээ үзүүлдэг дөрвөн газар бий, тэнд хэдэн хүн байгааг хэлж мэдэхгүй байна. Манай дээр хувийн туслахын цагийн ажил хийдэг 300 гаруй хүн бүртгэлтэй. Ихэнх нь оюутнууд учир өөрийн боломжтой цагаараа ирээд ажилладаг. Үндсэн ажилтан биш цагийн ажилтан учир боломжтой үедээ ирээд хувийн туслахын ажлаа хийдэг.
-Өнөөдрийн байдлаар хэдэн хүн хувийн туслахын ажил хийж байна. Дийлэнх нь оюутнууд байгаа гэлээ. Өөр ямар нас, хүйсийн хүмүүс байгаа вэ?
-ХБИ-д хувийн туслахын үйлчилгээ үзүүлж байгаа 30 гаруй хүн байна. Үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн ижил хүйсийн ХБИ-тэй ажиллана. Насны хувьд гэвэл 24 нь оюутан, ээлжээр буюу 14 хоногоор ажилдаг хоёр хүн бий. Мөн 24 цаг ажиллаад 48 цаг амардаг ажилтай хүмүүс ч байгаа.
-Та ажлынхаа юунаас урам зориг авдаг вэ?
-Мэдээж ХБИ-д тусалж байгаагаа том буян гэж боддог. Үйлчлүүлэгчид маань "чи байгаа учраас ах нь гэр бүлдээ төвөг удалгүй, ажилтай амьдарч байгаа шүү" гэж хэлдэг. Энэ үгнээс хамгийн их урам авдаг даа.

Хувийн туслах байгаа учир ажил хийж гэр бүлээ авч явж байна
"Түгээмэл хөгжил төв"-тэй амьдралаа холбоод 15 жил болж байгаа түүнийг Н.Тэмүүлэн гэдэг. Н.Тэмүүлэн бие дааж амьдраад 10 жил болж байгаа, өрхийн тэргүүн, сайн аав нэгэн. Тэрбээр "Түгээмэл хөгжил төв"-ийн "бие даан амьдрах" хөтөлбөрийн ажилтан. Түүний ажил гэвэл шинээр ирж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөгөө өгөх. Мөн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөв ойлгож, харьцах талаар сургалт ордог. Тэрчлэн бие даан амьдарч эхэлж байгаа залууст зөвлөгөө өгдөг байна. Н.Тэмүүлэн хувийн туслахыг хувиараа цалинжуулж 10 жилийн өмнөөс авч эхэлжээ. Харин сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй ХБИ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хувийн туслах төсөл хамрагдснаар үнэ төлбөргүй авдаг болжээ.
-Таны хувьд 10 жилийн өмнөөс хувийн туслахыг үйлчилгээг авч эхэлж. Энэ үйлчилгээний давуу тал юу байна?
-Олон улсад байдаг үйлчилгээ л дээ. Манай улсад орж 2016 онд хуульд тусгагдаад одоогоос л хэрэгжиж байх шиг байна. Ер нь халамж нэмэх асуудал ярьж байхаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь зөв байх. Хувийн туслах үйлчилгээ байгаа учир эхнэр бид хоёр ажил хийж амьдралаа авч явж байна. Энэ үйлчилгээг цаашид илүү хүртээмжтэй болгох хэрэгтэй.
Одоо туслахтайгаа ажил руугаа явах гэж байх шиг байна. Гэрээсээ гараад ажил хүртлээ хэдэн минут явах вэ?
-Түгжрэлгүй үед 20-25 минут, түгжрэлтэй үед автобус хүлээх юм бол нэг цагаас нэг цаг 30 минут явдаг.
-Явах замын нөхцөл байдал ямар байдаг вэ?
-Ер нь хотын зам жоохон асуудалтай. Өвлийн улиралд халтиргаа, гулгаа их байдаг. Манай байрны налуу зам гэхэд зориулалтын бус гоёлын материалаар хийсэн. Тийм болохоор өвөл цас орохоор хөлдөөд дээш гарах доош уруудахад их халтиргаатай байдаг. Тийм надад болон туслахад маань хүртэл их эрсдэлтэй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.