Гадаад

Хачигт хазуулснаас үүдэлтэй улаан махны харшлын улмаас анхны нас баралт бүртгэгджээ

47 настай Нью Жерсигийн агаарын тээврийн нисгэгч нь хачигт хазуулснаас үүдэлтэй улаан махны харшил буюу альфа-гал синдромоор нас барсан анхны тохиолдол болжээ.

Виржиниагийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаачид хэдэн сарын турш явуулсан шинжилгээнийхээ дараа лхагва гарагт нас баралтын шалтгааныг олон нийтэд мэдээлсэн бөгөөд тэдний тайлангаа Journal of Allergy and Clinical Immunology: In Practice сэтгүүлд хэвлүүлжээ.

Эмч нарын үзлэгээр зүрхний шигдээс болон амь насанд аюултай өөр асуудлын шинж тэмдэг илрээгүй тул түүний үхэл эхэндээ учир битүүлэгт тооцогдож байв.

Судлаачдын мэдээлснээр, 2024 оны есдүгээр сард тэрээр BBQ бургер идсэнээс хойш дөрвөн цагийн дараа эрч хүч нь суларч, өвдөж эхэлжээ. Гэвч гэртээ харьсны дараа цэцэрлэгээ тайрч, сонин унших хэмжээнд бие нь гайгүй байсан байна. Гэтэл тэр оройн 7:30-ын үед хүү нь угаалгын өрөөнд ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр түүний үхлийг гэнэтийн бөгөөд тайлбарлашгүй гэж дүгнэсэн байна.

Хоёр долоо хоногийн өмнө тэрээр эхнэр, хүүхдүүдийн хамт аялж явахдаа шарсан стейк идсэний дараа мөн өвдсөн аж. Шөнө 2 цагт хүнд суулгалт, бөөлжих, гэдэс хүчтэй өвдөх шинж тэмдэгтэй сэрээд “би үхэх нь” гэж хүүдээ хэлсэн тухай дурджээ. Гэсэн ч өөрсдөө юунаас болсныг тодорхой ойлгоогүй тул эмчид үзүүлэхээр яваагүй байна.

“Харамсалтай зүйл нь тэд тухайн тохиолдлыг анафилакс гэж бодоогүй, тиймээс стейктэй нь холбож ойлгоогүй юм” хэмээн альфа-гал синдромыг нээж, энэ өвчтөнд онош тавьсан Виржиниагийн Их сургуулийн харшлын эмч доктор Томас Платтс-Миллс хэлжээ.

Платтс-Миллсийн хэлснээр тэрбээр Нью Жерсигийн уг нисгэгчийн нас барсныг анх хоёрдугаар сард сонссон бөгөөд мэдээллийг шинэ судалгааны хамтран зохиогч, Нью Жерсигийн хүүхдийн эмч доктор Эрин МакФили өгсөн байна. Тэдний хүүхдүүд нэг балетын ангид сурдаг байжээ.

Эрин МакФили болон эхнэр нь юу болсон тухай ярилцаж байгаад ‘Энэ чинь улаан махны харшил биш үү?’ гэж хардаж эхэлсэн талаараа Платтс-Миллс ярьжээ.

Үүний дараа тэр өвчтөний эхнэртэй холбогдож, цусны шинжилгээ хийлгүүлсэн байна. 4 дүгээр сард авсан цусны дээжинд анафилаксийн шинж тэмдэг илэрсэн бөгөөд энэ нь задлан шинжилгээнд харагдаагүй юм.

“Түүний цусанд илэрсэн түвшин нь зөвхөн анафилаксиас үүдэлтэй нас баралтын үед л ажиглагддаг өндөр хэмжээтэй байсан” гэж тэр хэлэв. “Түүнд 2000 гэсэн түвшин илэрсэн. Миний харж байсан, амьд үлдсэн хүмүүсийн хамгийн өндөр түвшин бол 100 байсан.”

Цусны шинжилгээ мөн альфа-гал хэмээх сахарт эсрэг биет байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь хачигнаас дамждаг махны харшлийн тодорхой илрэл юм. Альфа-гал нь үхэр, буга, ямаа, гахайн цусанд агуулагддаг. Хачиг эдгээр амьтдыг хазах үед эл сахар шүлсний найрлагад нь ордог бөгөөд дараа нь хүнийг хазах үед дамждаг байна.

Хачигт хазуулсан хүмүүсийн заримд нь улаан мах идэх үед гардаг харшлын урвал үүсгэдэг альфа-галд мэдрэг болох альфа-гал синдром үүсч болдог. Энэ үед дотор муухайрах, хэвлийн базлалт, суулгах, тууралт гарах, амьсгалахад хүндрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Red meat
Red meat

Хүчингийн хэрэг биз дээ, улаан мах

Холбоотой мэдээ

Back to top button