НИЙГЭМ

“Талийгч ээжийнхээ унтлагын хувцсыг дэрлэж унтах зээ охиноо хараад нүд хальтирдаг”

2019 оны гуравдугаар сар. Эрдэнэт хотод нөхөр, охины хамт амьдардаг 29 настай эмэгтэй ажлын шугамаар Нийслэлд хөл тавилаа. Хувийн рестораныхаа хоёр дахь салбарыг нээх гэж урд хөршөөс тавилга оруулж ирэхээр Улаанбаатарт ирсэн нь тэр. Гэвч зорьсон ажлаа хөөцөлдөхийн сацуу биелүүлэх нэгэн хүсэл байсан нь түүнийг “Тод Каннам” эмнэлэг рүү хөтөлжээ. Тодруулбал, жингээ хасахын тулд өөх соруулах мэс ажилбарт орохоор шийдсэн бүсгүй тус эмнэлгийн хаалгыг татсан юм.

Мэс ажилбар хийгддэг тэр өдөр бүсгүйн нөхөр үүдэнд нь хүлээж, эмнэлгийн ерөнхий эмчтэй хоёр үг сольсон гэдэг. “Мэс засал хоёр цаг орчим үргэлжилнэ. Ямар нэг хүндрэл гарахгүй” хэмээсэн эмчийн үгийг тэр одоо хэр санана. Гэвч эхнэртэйгээ дахиж уулзахгүй юм гэж хэрхэн санах билээ. Эмнэлгийн хаалганы наана “мэс ажилбар сунжирч” байх хооронд цаана нь бүсгүй хэдийнэ амьсгалын аппаратад холбогдоод зогсохгүй Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн байв. Гурав хоногийн дараа тэр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Талийгч 168 сантиметр өндөр, 63 килограмм жинтэй байжээ.

Талийгч ижий, аав хоёрынхоо ханилсан ертөнцийг гэрэлтүүлэгч, айлын ганц охин байв. Өнчирч үлдсэн таван настай охин, эмнэлгийн гадаа хүлээж ахуй халуун итгэл нь цэлийтэл хөрсөн эр нөхрийн нь нүдэнд гуниг хурна. Талийгчийн ээж Г.Аюуш, “Охин минь 63 килограмм жинтэй байсан. Хэвийн жингээсээ гуравхан килограммаар л илүү. Ийм байхад эмч нар “Бараг хэвийн жинтэй байж өөхөө соруулах хэрэггүй” гэж татгалзаад явуулсан бол өнөөдөр миний охин амьд байх байсан. Хятадаас захиалсан рестораны тавилгууд нь л ирсэн. Миний охин ирээгүй. Эмчийн алдар зүүсэн энэ хүмүүс хүрэн зүрхтэй хүн л бол ядаж ганц удаа уучлалт гуйчхаж болохгүй юм гэж үү?” хэмээн халаглаж, нулимс дуслуулна.

ТӨГССӨН СУРГУУЛИЙНХ НЬ СОЛОНГОС УДИРДЛАГУУД САНАА ЗОВНИН БИДЭНТЭЙ ХОЛБОГДОЖ БАЙХАД ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ГАНЦ Ч УДАА ЯРИАГҮЙ

Бүтэн жилийн хугацаа улирсан ч нэг тийш болоогүй энэлгэн хэргийн мөрөөр талийгчийн аав Д.Гүндсамбуутай ярилцсан юм.

-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Өөрийгөө болоод талийгч охиныхоо талаар танилцуулахгүй юу?

-Эхнэр бид хоёр Увс, Говь-Алтай аймгийн гарвалтай хүмүүс. Охин маань хар багаасаа аав, ээж хоёрынхоо тэвэрт хөлбөрч өссөн ганц нандин үр минь байсан. Манайх Эрдэнэт хотод удаан амьдарч байна. Миний охин 3-9-р ангидаа Өмнөд Солонгост суралцаж, тэндээ үргэлжлүүлэн Олон улсын хуульч мэргэжлээр боловсрол эзэмшсэн. Солонгос, Англи хэлээр маш сайн ярьдаг байсан даа.

-Охин нь хуулийн мэргэжилтэй хүн байжээ. Талийгчийн сурч байсан сургуулиас та бүхэнтэй холбогдсон гэж дуулсан?

-Солонгост манай охинтой хамт суралцаж байсан найзууд нь сургуулийнхаа захиргаанд болсон явдлын талаар ярьсан юм билээ. Иймд тус захиргаанаас бидэнтэй холбогдсон. Шүүх хурал явагдаж буй, хэрэг нэг тийш шийдэгдээгүй учир энэ талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй гэж учирласан л даа. Солонгос хүний эрхийг ямар дээдэлж, хайрладаг орон гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Төгсөөд явсан монгол оюутандаа санаа зовнин, ар гэртэй нь холбогдож байхад, охины минь амийг авсан эмнэлэг одоо хүртэл бидэнтэй яриагүй байна. Албан ёсоор ганц ч удаа уучлалт гуйгаагүй.

ЗЭЭ ОХИН МИНЬ ХҮНД ЦОЧРОЛД ОРЖ, ААШ ЗАН НЬ ХҮРТЭЛ ШИРҮҮН ДОГШИН БОЛСОН

-Ээжийгээ алдсан охин мэдээж хүнд байдалд байгаа байх. Зээ охин тань одоо та бүхэн дээр байгаа юу?

-Зээ охин минь үнэхээр хүнд цочролд орсон. Ааш зан нь хүртэл өөрчлөгдөж, ууртай, уцаартай болсон. Амьдрал үзэж, хал суусан бид хоёрт ийм хүнд байхад, ээжийгээ алдсан энэ балчир амьтанд бүр л хэцүү байгаа шүү дээ. Зээ маань ээжийнхээ унтлагын хувцсыг дэрлэж унтдаг, хажуудаа хүн сууж байгаа юм шигээр босгож тавьдаг. Энэ бүхнийг харахад нүд хальтирдаг. Ерөөс охиноосоо үлдсэн ганц зээгээ бодож л бид хоёр өдөр хоногийн өнгөрүүлж байна. Энэ жаахан амьтныг хүний зэрэгтэй болгож өсгөх бидний амьдралын зорилго боллоо. Хэрэв зээ маань л байгаагүй бол эхнэр бид хоёр охиныхоо араас бурхны орон руу явчихмаар санагдаж байна. Зээ охин маань одоо аав дээрээ очсон байгаа.

-29 насандаа хоёр дахь салбар ресторанаа нээх гэж байсан гэхээр талийгч их л хөдөлмөрч, дайчин хүн байсан бололтой?

-Шударга, хөдөлмөрч, үргэлж  хийж бүтээнэ гэж гүйдэг сэргэлэн охин байсан. Багаасаа л том ресторан ажиллуулна гэж ярьдаг байв. Ийм болохоор Монголд ирснийхээ дараа хувийн солонгос хоолны ресторанаа нээсэн. Ажиллуулж эхэлснээс нь хойш зургаан жил болж байна. Мөн ч их хөдөлмөрлөсөн дөө, миний охин. Ингээд рестораныхаа хоёр дахь салбарыг нээхийн тулд, Хятадаас тавилга сэлтийг нь оруулж ирэх гээд хот явсан байсан юм. Буцах замдаа “ийм” газраар ороод аав, ээж, хань ижил, энхрий охин дээрээ эргэж ирсэнгүй дээ /уйлав. Сурв/.

-Та бүхний хувьд шүүхээс Тод Каннам эмнэлэгтэй холбогдуулан чухам юу хүсэж байгаа юм бэ?

-“Тод каннам” гэсэн эмнэлгийн зар сурталчилгааны дагуу л миний охин үйлчлүүлэхээр шийдсэн байх. Ийм болохоор ганц эмч, сувилагч хоёрыг хариуцагчаар татах биш, энэ эмнэлгийг хариуцагчаар татаж өгөхийг шүүхээс хүсэж байна.  

ТОЛГОЙ ДЭЭР МИНЬ ТЭНГЭР ХӨМӨРЧХӨӨД БАЙХАД ШҮҮХ ХУРЛЫН ҮЕЭР ИНЭЭЛДЭН ЖУУМАЛЗАХ ЭНЭ ХҮМҮҮСИЙ ҮЙЛДЭЛ ХҮНИЙ ЁСНООС ГАЖУУД БИШ ГЭЖ ҮҮ

-Өчигдөр /2019.01.20/-ийн хэвлэлийн хурал дээр талийгчийн ээж хоолой нь зангирч, сэтгэл санааны хувьд нэлээд хүнд байдалтай харагдсан?

-Ээж нь хямарсандаа өдөрт 2-3 удаа ухаан алдан унаж байна. Манай хүн энэ хэргийн талаар ерөөсөө удаан ярьж чадахгүй. Сэтгэл нь байнга үймрэнэ. Харин миний даралт ихэсч, зүрхээр хатгуулж өвддөг болсон. Гэхдээ бид хоёрын өвчин зовлон яах вэ, охины минь энэ хэрэг л шударга үнэн шийдэгдэх, ганц эмч биш эмнэлгийн удирдлагууд бүхлээрээ хариуцлага хүлээхийг л хүсэж байна.

Охиноо алдаж, тэнгэр толгой дээр минь хөмөрчхөөд байхад, шүүх хурлын үеэр хариуцагчаар татагдаж ирсэн эмнэлгийн хүмүүс инээд алдаж, өөр хоорондоо жуумалзаж байсан нь хамгийн сэтгэл эмзэглэмээр, хамгийн хатуу байлаа. Хийж бүтээх насандаа миний охин хорвоог орхичхоод байхад, энэ хүмүүс жуумалзаж явах нь хүний ёсноос гажууд биш гэж үү?

-Охиноос тань гадна энэ эмнэлгээр үйлчлүүлж хохирсон гэх олон хүмүүс байгаа гэж дуулсан?

-Хүмүүсийн ярьж буйгаар өмнө БНСУ-аас эмч ирээд “өөх соруулах” мэс заслаа хийчхээд явдаг. Мэс засалд орсон хүмүүсийг хянах ажлыг “Тод каннам” эмнэлгийн эмч ажилчид нь гүйцэтгэдэг байсан. Тухайн Солонгос эмч нараас хэдэн юм сурчхаад тэрийгээ л мэргэжлийн эмч шиг аашилж “айлын хүүхдүүдийг” ингээд байгаа болов уу гэж бий таамаглаад байгаа юм. Энэ эмнэлгээс болж хохирсон хэд хэдэн хүн байгаа. Шүүх хурал явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

ЭМЧ НАРЫГ САНААНДГҮЙГЭЭР ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН ХЭРГЭЭР ЗҮЙЛЧИЛЖЭЭ

Талийгчийн цогцост хийсэн ШШҮХ-ийн шинжилгээгээр, “Бутарсан өөх тархины судсыг бөглөсөний улмаас тархи үхжсэн” гэсэн дүн гарчээ. Нөгөө талд, НМХГ-ын дүгнэлтээр “Тод Каннам” эмнэлэг нь гоо сайхны мэс ажилбар хийх тусгай зөвшөөрөлгүй төдийгүй холбогдох мэргэжлийн эмчгүй, эмнэлгийн тусгай байр, хэрэгсэлгүй хийгээд хаяг байршлын ч зөрчилтэй байсан гэдэг нь тогтоогдсон. ХАРИН, уг хэрэгт хариуцагчаар татсан тус эмнэлгийн ерөнхий эмч Д.Тодномбат, мэдээгүйжүүлэлтийн эмч Б.Мөнгөнчимэг нарыг САНААНДГҮЙГЭЭР ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН хэргээр ЗҮЙЛЧИЛЖЭЭ.

Б.ҮРЖИГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шудрага ёс
Шудрага ёс
2020-01-21 11:35

1 л зүйл хэлмээр бн:Бүсгүйчүүд минь ээ!3-ХАН КГ тарг�##��##�т ЮҮ юм бэ? ЮҮЧ биш! Өнөө үеийн ажлын чадварГҮЙ эмч нараас ХОЛ байгаарай!

өвгөн
өвгөн
2020-01-21 11:53

Маш аймшигтай юм блж..Хайран схан Монгол охин.Ажлын хариуцлага,мэдлэггүйгээсээ блж хүнии амиар тоглосон бна. Одоогин шүүгч нар шүүгч биш шү.

Зочин
Зочин
2020-01-21 18:27

mngo n vlvvdsen blgvdeee 63 kg bj ooh soruulah hagalgaand orood bhdaa yhudeee

Холбоотой мэдээ

Back to top button