"Оюу Толгой"-н гүйцэтгэх захиралд Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүхийг Монголын талаас санал болгоно

Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзсан.
Уг уулзалтаас хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайдын “Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилох нь манай улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлнө гэх саналыг хэлсэн юм.
Энэ онд Рио Тинто группийн гүйцэтгэх захирал шинэчлэгдэх сургаар хэд хэдэн хүний нэр яригдаж байснаас тус компанид 20 гаруй жил ажилласан туршлагатай төмрийн хүдэр, давс, уран, борат, очир эрдэнийн салбаруудад удирдах түвшинд ажиллаж байсан Саймон Тротт томилогдсон. Яригдаж буй нэрсийн дунд тус группийн Арилжаа, бизнес хөгжлийн захирал Б.Болдын нэр ч мөн сонсогдож байсан билээ.
Харин Ерөнхий сайдын тавьсан дээрх саналд Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захиралд Монголын талаас Рио Тинто компанийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал төдийгүй Оюу Толгой компанийн ТУЗ-ийн гишүүн С.Мөнхсүхийг томилж болох асуудал яридаж магадгүй байна.
Оюу Толгой төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар Эндрью Вүүдли, Аманда Торрес, Дирдре Лингенфелдер зэргээр монголын талаас захирал томилуулж байгаагүй бөгөөд хэрвээ Рио Тинто-гийн зүгээс Ерөнхий сайдын уг саналыг хэлэлцэж үзвэл анхны тохиолдол болох юм.
Рио Тинто групп одоогийн Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Дирдре Лингенфелдерийг 12-р сарын 9-нд үүрэгт ажлаа өгсний дараа түүний оронд тус компанийн Гвиней дэх Симанду төмрийн хүдрийн төслийг ахлан ажиллаж буй Крис Эйчитсоныг түүний оронд нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа. Тэрбээр Оюу Толгой төслийн II үе шатны газар доорх олборлолтын төслийн захирлаар ажиллаж байсан туршлагатай аж.
С.Мөнхсүхийн хувьд мөн л салбартаа туршлагатай бөгөөд түүний багт Оюу Толгой уурхай, мөн Австрали дахь зэсийн Вину төсөл, Рио Тинтогийн Монгол дахь салбар зэрэг ирээдүйд өсөлтийн потенциал өндөр, хөгжлийнхөө эхэн үедээ яваа төсөл, уурхайнууд багтаж буй юм.
Ц.ТАМИР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сонгогдоосой, амжилт хүсэе