ОХУ терроризмын зүйл ангиар ял эдэлж болох насыг 16-гаас 14 болгож буурууллаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2025.11.17/ хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг хуулийг чангатгасан байна. Украины дайн эхэлснээс хойш хорлон сүйтгэх хэргийн тохиолдол эрс нэмэгджээ. Энэхүү өөрчлөлтийн дагуу насанд хүрээгүй хүмүүсийг терроризм болон хорлон сүйтгэх зүйл ангиар яллаж болох насыг 16-гаас 14 олгож бууруулсан байна.
Мөн хорлох сүйтгэх хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хязгаарыг цуцалж, тус зүйл ангид тэнсэн харгалзах ял оноохыг хоригложээ. Тэнсэн харгалзахаар суллахын өмнө хэрэгтэн ялын хугацааны дөрөвний гурвыг эдэлсэн байх шаардлагатай болсон байна. Мөн насанд хүрээгүй хүмүүсээр хорлон сүйтгэх, террорист үйл хийлгэх гэж оролдсон, тус үйл ажиллагаанд элсүүлэх гэж завдсан этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноох боломжтой болгосон юм.
Энэхүү хууль нь гаднын тагнуулын алба орос залуусыг үйл ажиллагаандаа элсүүлэхээс сэргийлэх зорилготой гэж хууль тогтоогчид мэдэгджээ. Харин тус хуулийг шүүмжлэгчид хэлэхдээ энэ өөрчлөлт экстремист үзэлтэй болохоос сэргийлэх бус хүүхдүүдийг л яллах эрсдэлтэй гэж байгаа юм.
Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын шүүх 158 хүүхдийг терроризм, хорлон сүйтгэх хэргээр ялласан байна. Ял сонссон хүүхдүүдийн ихэнх нь цэрэг татлагын байр, төмөр замын дэд бүтцийг галдан шатаах хэрэг үйлджээ.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.