Гоёлын линз өдөр тутамдаа зүүдэг эмэгтэйн хараа эрс муудаж, нулимс нь гоождог болжээ

Хараа муудах үед заавал шил зүүх шаардлагатай гэх ойлголтыг үгүйсгэн эмэгтэйчүүдийн хэрэглээнд хүчтэй нэвтэрсэн зүйл бол нүдний линз. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд гоёлын болон харааны линзийг өдөр тутамдаа зүүж, хэрэглэх болсон. Гэвч линз хэрэглэх зааврыг баримтлаагүйгээс үүдэн хохирсон тохиолдлууд гарсаар байгаа аж.
Жишээ дурдвал, МУБИС-ийн оюутан А гоёлын линзийг өдөр тутамдаа хэрэглэдэг байжээ. Гэтэл хагас жилийн дараа нүдний хараа нь эрс муудаж, шалтгаангүй нулимс гоожих болсон байна. Эмнэлэгт хандахад нүдний эвэрлэг бүрхүүл нь гэмтсэн байж.
Түүний хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан линзийг олон цагаар зүүдэг байсан нь нүдний бүрхүүл гэмтэхэд хүргэжээ. Нүдний эвэрлэг бүрхүүл нь нулимсан давхарга болон нүдний шингэнээс нэвчих замаар тэжээлээ авдаг байна. Гэтэл линз зүүснээр нулимсан бүрхүүл эвэрлэгтэй тэжээл өгөх нь багасаж улмаар хүчилтөрөгчийн дутагдалд ордог аж. Мөн ариун цэврийн дэглэмийн тухайд нүүр будалт хийхийн өмнө линзээ зүүх ёстой юм.
Учир нь нүдний эргэн тойронд байгаа будаг линзний гадаргуу дээр буудаг ба линз нүдний эвэрлэг хоёрын завсар будагны ширхгүүд орсноор эвэрлэг бүрхүүлээ зурж гэмтээх эрсдэлтэй байдаг аж.
Түүнчлэн хуурай, эрс тэс уур амьсгалтай оронд өдөр тутамдаа линзийг хэрэглэх тийм ч тохиромжтой биш гэдгийг нүдний эмч нар онцоллоо. Мөн линзийг хэрэглэж эхлэхээс өмнө мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авснаар үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
А.МИНЖИНСОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.