Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятад, Японы үгэн дайн зэвсэгт мөргөлдөөндөө хүртэл хурцдах магадлал бага

Япон болон БНХАУ-ын харилцаа сүүлийн хоногуудад муудаад байгаа. Тэгвэл хурцдаад буй хоёр талын харилцааг сайжруулах зорилготой Япон, БНХАУ-ын өндөр албан тушаалтнууд мягмар гарагт /2025.11.18/ Бээжинд уулзаж хэлэлцжээ. Хоёр улс ямар учраас үгэн дайн хийх болсон болон нөхцөл байдал цаашид хэрхэн хурцдаж болохыг харцгаая.

Хурцадмал байдал юунаас эхтэй вэ?

Япон, БНХАУ-ын маргаан нь Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн хэлсэн үгтэй холбоотой. Аравдугаар сард албан тушаалаа авснаасаа хойш парламентынхаа өмнө хийсэн анхны мэдэгдэлдээ тэр “БНХАУ, Тайванийн хооронд зөрчил гарвал Японы зэвсэгт хүчнээрээ оролцоход хүрч магадгүй” гэж хэлсэн юм.

Дэлхийн II дайны дараа Япон үндсэн хуульдаа оруулж, олон улсын маргааныг хүч хэрэглэж шийдэхийг хориглосон. Гэхдээ 2015 онд баталсан хууль тодорхой нөхцөлд, гаднын хүч Япон руу шууд халдаагүй байсан ч олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаанд оролцох эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг.

Хятадын Коммунист нам Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үздэг. Цэргийн хүч ашиглаад ч хамаагүй нэгтгэнэ гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн. Харин Тайвань үүнийг нь эсэргүүцдэг. Хэрвээ БНХАУ довтлох оролдлого хийвэл бүс нутгийн эсвэл дэлхийн хэмжээний мөргөлдөөнд хүрч мэднэ. Учир нь Тайванийн “TSMC” компани дэлхийн хамгийн дэвшилтэт микрочипийг үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр дайны нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулах боломжгүй болох учир томоохон гүрнүүд Тайванийг хамгаалах ашиг сонирхолтой.

Зургийн эх сурвалж: NBC News

Такаичи “Тайвань дахь болзошгүй онцгой нөхцөл байдал туйлын ноцтой хэмжээнд хүрсэн. Нөхцөл байдал хамгийн муу үр дүнд хүргэж магадгүй гэж тооцоолохоос өөр арга алга” гэсэн юм. Хэрэв БНХАу Тайвань руу довтолж, тэр зөрчил нь Японы оршин тогтноход заналхийлсэн тохиолдолд Японы зэвсэгт хүчнийг дайчлах нөхцөл бүрдэж болохыг Такаичи онцолсон. Тайванийн арал Японоос ердөө 110 км зайтай оршдог.

Бээжин Такаичигийн хэлсэн үгийг БНХАУ-ын эсрэг цэргээр заналхийлсэн үг хэмээн дургүйцсэн юм.

Такаичи яагаад ийм байр суурь илэрхийлэв?

Такаичи нь Японы эрх баригч Либерал Ардчилсан нам дарга. Намынхаа улс төрийн барууны үзэлтэй жигүүрийн төлөөлөл тэрбээр БНХАУ-ын тал дээр Абэ Шинзотой агсантай төстэй хатуу байр суурьтай.

Албан тушаалаа хүлээж авснаас хойш Такаичи Японы зэвсэгт хүчнийг бэхжүүлэх ажлыг нэн тэргүүний зорилтууддаа багтаан ажиллаж байгаа. Ялангуяа Зүүн Хятадын тэнгис дэх Японы захиргаанд байдаг Сэнкакүгийн арлуудад анхаарал хандуулах болсон.

Мөн тэрбээр Японы батлан хамгаалахын зардлыг ДНБ-ий 2 хувьд хүргэж нэмэгдүүлэхээ амласан юм. Такаичи энэ зорилгоо 2026 оны гуравдугаар сараас өмнө, засгийн газар төлөвлөснөөс хоёр жилийн өмнө биелүүлэхээр зорьж байна.  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Япон батлан хамгаалахын төсвөө ийм хэмжээнд хүргэхийг шаардсаар ирсэн. Трамп Зүүн хойд ази дахь холбоотон орнуудыгаа зэвсэгт хүчиндээ зарцуулдаг төсвөө нэмэхийг хүсэж байгаа.

БНХАУ ямар хариу арга хэмжээ авав?

Осака дахь БНХАУ ын консул Шүэ Жиан түүний хэлсэн үгтэй нийтлэлийг хуваалцахдаа “Бусдын асуудал руу өөрийгөө чихдэг бузар толгойг тастах хэрэгтэй” гэж бичсэн юм. Үүнийг Такаичид чиглэсэн заналхийлэл гэж олон хүн ойлгосон юм. Хэсэг хугацааны дараа Шүэ Х дээрх тэрхүү постоо устгасан байна.

БНХАУын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жиан Шүэгийн бичсэн зүйлийг өмгөөлж мэдэгдэл гаргасан юм. Мөн Линь “Тайванийн салан тусгаарлагч хүчинд буруу дохио өгөхөө зогсоо. Япон улс энэхүү ёс бус үгээ нэн даруй дасаж, буцаан авах хэрэгтэй. Үгүй бол Япон үүнийхээ бүх хариуцлагыг хүлээх ёстой” гэжээ.

БНХАУ-ын зэвсэгт хүчин “Хятад-Тайванийн асуудалд Япон цэргийн хүчээр оролцвол Япон бут нэрвэгдэнэ” гэж анхааруулсан байна. Ням гарагт /2025.11.16/ Сэнкакү арлуудын ойролцоо БНХАУ эргүүлийн хөлгөө явуулжээ. Сэнкакүгийн арлуудыг Япон захирдаг ч гэсэн БНХАУ өөрийнх нь эзэмшил гэх байр суурийг илэрхийлдэг. Мөн БНХАУ Ёонагүни арлын дээгүүр цэргийн дрон нисгэжээ. Үүний хариуд Япон сөнөөгч онгоцнуудаа нисгэсэн байна.

Зургийн эх сурвалж: Japan Times

Даваа гарагт /2025.11.17/ БНХАУ-ын Япон дахь элчин сайдын яам Тайванийг хүчээр нэгтгэхээс буцахгүй гэдгээ дахин сануулсан байна. Хэрэв Япон хөндлөнгөөс оролцвол түүнийг нь “довтолгоо” гэж үзэн хариуд нь хүчтэй цохилт өгнө хэмээсэн юм.

Мөн хоёр улс бие биеийнхээ элчин сайдыг дуудаж, Бээжин Япон руу иргэдээ аялахгүй байхыг уриалсан юм. Японы хувьд БНХАУ-д амьдардаг иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан.БНХАУ мэдэгдэл гаргахдаа “Япон дахь аюулгүй байдлын нөхцөл байдал муудсан, Хятадын иргэд гэмт хэрэгт өртөж байна” гэжээ. Хятад иргэд Японд гэмт хэрэгт өртөж байгаа талаар ямар нэгэн баримт Бээжин нийтлээгүй юм.

Нөхцөл байдал цаашид хурцдах эрсдэл байгаа юу?

Нөхцөл байдал цаашид хурцдах эрсдэлтэй. Гэхдээ цэргийн мөргөлдөөн шууд эхлэх магадлал их бага. Сэнкакү зэрэг маргаантай бүсүүдэд болон Тайванийн агаарын хамгаалалтын таних бүсэд хоёр улс зэвсэгт хүчний ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа. Ийм учир санамсаргүй байдлаар мөргөлдөөн гарах эрсдэл өссөөр байна гэж шинжээчид анхааруулдаг.

Харин богино хугацаанд харилцааны хурцадмал байдал эдийн засаг болон нийгмийн харилцаанд нөлөөлөх шинжтэй байна. Бээжин иргэдээ Япон руу аялахгүй байхыг анхааруулсны дараа Японы жижиглэн худалдаа, аялал жуулчлалын компаниудын хувьцаа огцом унасан юм. БНХАУ-ын аяллын томоохон компаниуд Япон руу аялах тасалбарууд зарахаа зогсоосон байгаа.

Энэ жилийн эхний есөн сарын байдлаар Япон 31.65 сая жуулчин хүлээн авсан. Тэдний 7.49 сая нь БНХАУ-ын иргэд байжээ. Номүра судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Киүчи Такахидэгийн тооцоогоор БНХАУ иргэдээ аялахгүй байхыг анхааруулсан нь Японд 2.2 их наяд иений (14 тэрбум ам.доллар) хохирол учруулж магадгүй юм.

Даваа гарагт /2025.11.17/ БНХАУ-ын үзэгчдийн хүртээл болох байсан хоёр Япон киноны нээлтийг хойшлуулсан. Бээжингийн төрийн хэвлэлүүд энэ нь БНХАУ-ын авч буй хариу арга хэмжээнүүдийн нэг байж магадгүй гэж мэдээлжээ.

Такаичи байр сууриа өөрчлөхөөс татгалзсан. Гэхдээ хоёр тал дээр дурдсанчлан хоёр талын өндөр албан тушаалтнууд Бээжин хотноо мягмар гарагт /2025.11.18/ хэлэлцээ хийсэн байгаа. Хэрвээ нөхцөл байдал даамжирвал БНХАУ Японд газрын ховор металлын хязгаарлалт тавьж магадгүй. Япон нь газрын ховор металлын нийлүүлэлт дээр БНХАУ-аас ихээхэн хамааралтай орон. Корнеллийн их сургуулийн Хятадын гадаад бодлогын талаарх мэргэжилтэн Аллен Карлсон одоо үүсээд буй нөхцөл байдлыг “Хоёр улс одоо хутганы ир дээр зогсож байна” гэж тодорхойлсон юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятадын талын хэлж байгаа үг үнэхээр аймшигтай болсон. Дипломат хүн “толгойг тасдана” гэх шиг. Энэ бол олон улсын түвшинд байж болохгүй үйлдэл

Зочин
Зочин

Хятад Японтой ингэж ширүүн харьцах болгонд бүс нутгийн аюулгүй байдал доройтдог. Тайванийн асуудал гэдэг зүгээр тоглоом биш, TSMC дээр бүх дэлхийн эдийн засаг тогтож байгааг олон хүн ойлгохгүй байна

Зочин
Зочин

Хятад Японтой ингэж ширүүн харьцах болгонд бүс нутгийн аюулгүй байдал доройтдог. Тайванийн асуудал гэдэг зүгээр тоглоом биш, TSMC дээр бүх дэлхийн эдийн засаг тогтож байгааг олон хүн ойлгохгүй байна

Зочин
Зочин

Такаичи ч гэсэн дэндүү хурц үг хэллээ. Нэг талаас Японы аюулгүй байдлаа бодсон байж магадгүй, нөгөө талаас Хятад ийм үгэнд тайван байх улс биш

Зочин
Зочин

Бээжин иргэдээ Япон руу бүү яв гээд эхлэхээр л аялал жуулчлал, бизнес хоёр шууд унаж байна гэж. Япон талаасаа хариу арга хэмжээ авбал хоёр талын эдийн засаг бүхэлдээ балрах байдалд ойртлоо

Зочин
Зочин

Сэнкакү дээр хоёр тал хэт ойр хөлгүүд явуулж байгаа нь эрсдэлтэй. Санамсаргүй буудалт, осол маягаар байлдаан эхэлж магадгүй гэж шинжээчид хэлээд байх нь оргүй биш

Зочин
Зочин

Энэ Такаичи гэдэг хүн Абэ шиг л хатуу байр суурьтай. Хэт барууны үзэлтэй хүн дандаа иймэрхүү хурц мэдэгдэл хийж байгаад олон улсад асуудал үүсгэдэг

Зочин
Зочин

Хятад өнөө Бүс нутгаа бүхэлд нь өөрийн нөлөөнд байлгах гэж байгаа нь илт. Япон тэгэхээр айхгүй байхын аргагүй. Тайвань унах юм бол Япон дараагийн бай болохыг тэд өөрсдөө мэдэрдэг

Зочин
Зочин

Иргэдийн аялал зогсохоор Японы жижиг бизнесүүд хамгийн их хохирдог. Энэ жил тэдний аялал дээр найдаж байсан компаниуд юу ч үгүй үлдэх нь

Зочин
Зочин

Хоёр улсын дипломат харилцаа ингэж хурцдахад АНУ ч гэсэн тайван суухгүй. Трампын нөлөө их байгаа, Японд дарамт үзүүлж зэвсэгт хүчнээ өсгө гэж шахдаг

Зочин
Зочин

“Буцаж болохгүй” хонгил руу орж байгаа юм шиг санагдаж байна. Хятад Тайвань руу орвол Япон татагдан орно, АНУ дагалдана, цаашаа дэлхийн мөргөлдөөн болох нь

Зочин
Зочин

Япон өөрийн аюулгүй байдлыг бодож зэвсэглэлээ нэмэхгүй бол болохгүй гэдгийг ойлгож байгаа биз. Тайванийн урдхи нөхцөл маш хурц болсон

Зочин
Зочин

Зарим хүмүүс зүгээр л “хоёр тал маргалдсан юм” гэж ойлгоод байна. Үнэн хэрэгтээ энэ асуудлын цаана өндөр технологи, цэрэг, геополитикийн асар том давалгаанууд явж байгаа

Зочин
Зочин

Хятадын дроныг Японы арал дээгүүр нисгэсэн нь ноцтой дохио. Энэ чинь шууд туршилтын араншин, хариу харах гэсэн үйлдэл

Холбоотой мэдээ

Back to top button