Гүржийн эрх баригчид Европт ээлтэй сөрөг хүчнээ дарж, ОХУ-тай харилцаагаа илүү ойртуулж байна
Нэг жилийн өмнөхөн л Гүржийн парламентын сонгуульд сөрөг хүчнүүд олон эвсэл байгуулж, өрсөлдсөнөөс дөрөв нь суудал авч чадсан. Харин өнөөдөр сөрөг хүчний гол найман удирдагчийн долоо нь шоронд хоригдож, гаднын орон руу зугтаж эсвэл эрүүгийн хэргээр шалгагдаж байна. Мөн Гүржийн эрх баригч нам сөрөг хүчний гурван гол намаа бүр мөсөн хориглохоор ажиллах болсон.
3.7 сая хүнтэй, Кавказын өмнөд хэсэгт оршдог тус жижиг улс нэг намын ноёрхол руу ийнхүү ойртлоо. ЗХУ нуран унасны дараа Гүржид ардчилал дэлгэрч, ОХУ-ын нөлөөнөөс гарч Европын холбоо руу тэмүүлж буй орон мэт харагдаж байсан.
Харин одоо Европын холбооны дүгнэлтээр бол Гүрж ЗХУ нуран унаснаас хойш барууны орнуудаас хамгийн тусгаарлагдсан үедээ оржээ. Гүржийн ардчилсан институцууд доголдож, шүүхийн тогтолцоог төр атгадаа авсан гэж Европын албан тушаалтнууд дүгнэж байна. Энэ сард нийтлэгдсэн Европын холбооны тайлан Гүржийн холбоонд элсэх боломжтой улс гэх статус нь нэр төдий болсон хэмээжээ.
Европын холбооноос Тбилисид суугаа элчин сайд Гүрж тус холбоонд элсэх ахиц гаргаж байгаа гэж хэлэх аргагүй болсон гэсэн юм.
Сүүлийн саруудад болсон үйл явдлын талаар Гүржийн улс төр, дипломатчид хэлэхдээ аюултай шугамд ойртож ирээд байна гэжээ. Тэрхүү шугамыг давбал ардчиллаа сэргээхэд хүндрэлтэй байх болно гэдгийг тэд онцолсон байна. Гүржийн Гадаад хэргийн дэд сайд, парламентын дэд даргаар 2020 он хүртэл ажилласан Серги Капанадзе “Бид одоо нэг намын дарангуйллаас тавхан минутын зайд зогсож байна” гэж хэлжээ.

Сабанадзе хэлэхдээ дотоодын улс төрийн маргаан олон арван жилийн турш үргэлжилсэн ч Гүрж баруунд харьяалагдах ёстой гэдэг дээр бүгд санал нэгдэж байсан гэсэн юм. Харин одоо тэр ойлголцол нь арилсан байна.
Гүржийн засгийн эрхийг Гүржийн мөрөөдөл нам барьж буй. Сабанадзе тус намын талаар ярихдаа “Европын холбооноос шаардаж буй ардчиллын шинэчлэлийг хийнэ гэдэг нь Гүржийн мөрөөдөл нам хэзээ нэгэн цагт эрх мэдлээ алдаж магадгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тэд эрх мэдлээ алдахыг хүсэхгүй байгаа. Тиймээс авторитар дэглэм байгуулж байна” хэмээсэн юм.
Сөрөг хүчин нь ОХУ-тай дайн эхлүүлэх зорилготой байгаа гэх байр суурийг Гүржийн мөрөөдөл нам илэрхийлдэг. ОХУ 2022 онд Украин руу довтолсноос хойш хойш дайн үүсэж магадгүй гэх айдас зарим гүржүүдийн хувь жинхэнэ болж хувирсан. 2008 онд ОХУ-ын танкнууд Тбилисид дөхөж ирсэн явдлыг Гүрж улс сайн санаж байгаа.
Гүржийн Гадаад хэргийн дэд сайд, парламентын дэд даргаар 2020 он хүртэл ажилласан Нино Цилонаси “Гүрж бол геополитикийн маш төвөгтэй бүс дунд оршдог энх тайван арал. Хөрөнгө оруулагчид болон бизнесүүдийн хүсэж буй зүйл бол тогтвортой байдал” гэжээ. Тэрбээр хоригдож буй сөрөг хүчний улстөрчдийг төрийн эргэлт хийх гэж оролдсон хэмээн буруутгасан юм. Сөрөг хүчин энэ мэдэгдлийг нь эсэргүүцэж зохиомол хэрэг, хавчлага явуулах шалтаг гэх байр суурь илэрхийлсэн.
Сөрөг хүчнийхэн Гүржийн мөрөөдөл намын тэргүүн, тэрбумтан Бидзина Иванишвилиг улсыг нь авторитар чиглэл рүү хөтөлж буй гол хүн гэж үздэг. 1990-ээд онд ОХУ-д хөрөнгөжсөн түүнийг Москватай хамтран ажиллаж байгаа гэж зарим хүн таамаглаж байна.
Гүржийн мөрөөдөл намыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Гиа Хухашвили “Иванишвилиг Москвад захирагддаг гэж ойлгох нь буруу. ОХУ, Гүрж хоёрын ашиг сонирхол нийлж болно гэж тэр бодож байгаа” гэжээ. Тэрбээр “Махчин загаснуудаар дүүрэн энэ ертөнцөд өөрт нь хүчирхэг том ах хэрэгтэй гэдгийг Иванишвили мэднэ. Тэр том ах нь хэн байх вэ? Том ахын үүргийг зөвхөн ОХУ л гүйцэтгэж чадна” гэсэн юм.
Эрх баригч нам хориглохыг шаардаж буй Лело намын гишүүн Григол Гегелиа “Гүрж улс Европын тавцангаас гадна дэлхийн тавцангаас арчигдлаа. Бид эх орноо алдаж байна” хэмээжээ.
АНУ-аас Гүржид элчин сайдаар сууж байсан Иан Келли хэлэхдээ барууны орнууд Тбилиситэй холбоо тогтоохын тулд илүү хүчин чармайлт гаргаж болох байсан гэсэн юм. Тэр “Бид харилцаагаа үгүй хийж байна. Гүрж Орос, Хятад хоёрт хаалгаа нээлээ” гэж анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.