Парламентын дээр МАН уу, МАН-ын дээр парламент уу гэдгийг өнөөдөр шийднэ
Өдгөө олонхын бүлгийг бүрдүүлж байгаа МАН юуны өмнө Удирдах зөвлөлийн хуралдаанаараа УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна. Парламентын дээр МАН уу, МАН-ын дээр парламент уу гэдгийг өнөөдөр шийдэх өдөр. Эрх баригчид намын даргаа эл суудалд зүтгүүлэх тухай таамаг хүчтэй өрнөж байна. Хэрэв чингэвэл парламентын дархлааны асуудал хөндөгдөх болно.
Эхлээд парламентын дархлааг тайлбарлая:
Парламент бол Монгол Улсын ардчиллын баталгаа юм. Парламентын дархлаа гэдэг бол ардчиллын, аюулгүй байдлын, бүгд найрамдах төрийн баталгаа юм. Хууль тогтоох эрх мэдлийн хараат бус, бие даасан үйл ажиллагааг хангахад амин чухал нөлөө үзүүлдэг. Парламентын институц бэхжхэд энэхүү дархлаа чухал. Ардчиллын өмнө тулгарсан аливаа сорилтыг даван туулахад хамгийн их тус болох хууль зүйн арга хэрэгсэлд тооцогддог.
2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглалаа бэхжүүлэхэд хэрэндээ л хичээж, зарим нэг өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд дөрвөн намын 126 гишүүнээс бүрдсэн парламенттай болоод буй.
МАН парламетын дархлаанд халдах уу:
Гүйцэтгэх засаглалаас Л.Оюун-Эрдэнэ, парламентын засаглалаас Д.Амарбаясгалан даргалан хоршиж байсан саяхны кейс. Түүн шиг Н.Учралыг спикерийн суудлаас, Г.Занданшатарыг Гүйцэтгэх засаглалаас хоршуулах МАН -ын санаа бий.
Эрх баригч намын дарга парламентын толгойд гарч суух нь парламентын дархлааны асуудал зайлшгүй хөндөгдөх юм.
- Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын дарга бол парламентын саармаг зохицуулагч, хэлэлцүүлгийн дэг сахиулагч, олонх ба цөөнхийн маргаан дээр шүүхийн адил тэнцвэр баригч” гэдэг заалт бий.
Хэрэв МАН-ын дарга парламент удирдахдаа тулбал намаасаа түдгэлздэг байх, ҮАБЗ-д багтдаггүй байх зэрэг Х.Тэмүүжингийн яриад буй үзэл санааны эсрэг алхмыг МАН хийнэ.
Гэхдээ “МАН-ын дарга Ерөнхий сайд байна” гэх МАН-ын дүрэм хэвээр үлдсэн тул Н.Учрал спикерийн суудалд хэр удаан суух нь цаг хугацааны асуудал юм.
УИХ-ын даргыг сонгох процесс:
МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан саналыг Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай.
- Мөн хуулийн 9.3-т “Энэ хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу нэр дэвшигчийг холбогдох Байнгын хороо, түүнчлэн шаардлагатай гэж үзвэл нам, эвслийн бүлгүүд хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана”.
- Харин үүний дараа нь 9.4-т “Энэ хуулийн 9.3-т заасны дагуу гаргасан санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураалтыг илээр явуулна” гэсэн заалт бий.
- Мөнхүү хуулийн 9.5-д “Нэр дэвшигч энэ хуулийн 9.4-т заасны дагуу явуулсан санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан бол түүнийг Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 24.1-т, “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно”
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 11.3.Улсын Их Хурлын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
11.4.Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 11.1, 11.2-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.