Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Венесуэль рүү довтлох уу

Дэлхий дахин олон улсын санааг зовоосон хэд хэдэн зүйл зэрэг өрнөж байна. Украины дайн, АНУ болон БНХАУ-ын худалдааны дайн болон бусад хурцадмал байдал олон улсын улс төр, нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж байгаа. Тэгвэл Латин Америкт өөр түгшүүртэй нөхцөл байдал үүсээд буй.

Тодруулбал АНУ тэнгисийн хүчнийхээ 15 хувийг Венесуэлийн ойролцоо төвлөрүүлж, цэргийн сургуулилт хийж байгаа. Мөн дэлхийн хамгийн хүчирхэг, том хэмжээтэй сөнөөгч онгоц тээвэрлэгч USS Gerald R. Ford хөлөг Карибын тэнгист ирсэн. USS Gerald R. Ford нь 4 мянган далайн цэрэг, 90 сөнөөгч онгоц тээвэрлэдэг, дангаараа дэлхийн ихэнх орнуудыг усан цэргийн албыг дийлэх хүчин чадалтай.

1962 оны Кубын пуужингийн хямралаас хойш АНУ Карибын тэнгист зэвсэгт хүчнээ ингэж төвлөрүүлж байгаагүй. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Төрийн департамент Венесуэлийн Картел де ло Солес бүлгийг гадаадын террорист байгууллага гэж нэрлэхээр төлөвлөж буйгаа зарласан. Ингэснээр цэргийн арга хэмжээ авах боломж бололцоо өргөсөх юм.

Хурцадмал байдал есдүгээр сараас эхтэй. Есдүгээр сарын 1-нд АНУ-ын зэвсэгт хүчин хар тамхи тээвэрлэж байж болзошгүй гэх Венесуэлийн жижиг усан онгоцонд цохилт өгсөн. Тэр цагаас хойш АНУ 21 удаа ийм төрлийн цохилт өгч, 83 хүн амь үрэгдээд буй.

Доналд Трамп зэвсэгт хүчнээ төвлөрүүлж, онгоцнуудад цохилт өгч буй явдлаа зөвтгөх гэж АНУ руу голдуу Венесуэлээс орж ирж буй хар тамхины урсгалыг таслах зогсоох зорилготой хэмээсэн. Гэхдээ зарим шинжээч эдгээр нь Венесуэлийн дарангуйлагч Николас Мадурод дарамт үзүүлэх зорилготой гэж үзэж байгаа юм.

Трамп Венесуэль руу дайрах уу

“Chatham House”-ын Латин Америкийн асуудал хариуцсан ахлах судлаач Кристофер Сабатини “Энэ бол Мадурог айлгах гэсэн оролдлого. Магадгүй улсаа орхин зугтахад хүргэх эсвэл Венесуэлийн армиар түүнийг татан буулгуулах зорилготой байх. Тэгээд шилжилтийн эсвэл Мадурогүй засаг тогтоохыг зорьж байна” гэжээ

Тэрбээр “Цагаан ордон үнэхээр цэргийн алхам хийхийг хүсэж байгаа гэж би бодохгүй байна. Тэд миний хэлдгээр “хямд зардлаар дэглэм солих” арга хэрэглэж байж магадгүй. Гэвч цэргээ төвлөрүүлэх нь тийм ч хямд биш, учир нь USS Gerald R. Ford-ыг Карибын тэнгист байлгахын тулд өдөрт 8 сая ам.доллар зарцуулж байгаа” хэмээсэн юм.

Зургийн эх сурвалж: Fox News

Гэхдээ сүрдүүлэг нь ямар нэгэн үр дүнд хүргэхгүй байвал АНУ ийм их хүч төвлөрүүлснээ зөвтгөх ямар нэгэн зүйл хийхээс өөр аргагүй байдал руу өөрийгөө түлхэж байна гэж Сабатини хэлжээ.

Далайн хүчнийхээ 15 хувийг төвлөрүүлснийг нь ноцтой алхам гэж хүлээж авахаас өөр аргагүй. Зарим шинжээчдийн үзэж буйгаар Трамп ядаж л цэргийн арга хэмжээ авахыг ноцтой авч үзэж байгаа мэт харагдах зорилготой ийм алхам хийсэн юм. Ямартай ч Весенуэлийн засаглалд өөрчлөлт оруулах зорилготой хэмээн шинжээчид үзэж буй.

Венесуэл хар тамхины наймаанд ямар үүрэгтэй вэ?

Венесуэл нь Колумб улсад үйлдвэрлэсэн кокэйн голчлон дамжин өнгөрдөг улс юм. НҮБ-ын Хар тамхитай тэмцэх газар мэдээлснээр Венесуэлд хураан авсан кокэйний 2020 онд дэлхийн нийт хэмжээний 2.3 хувийг бүрдүүлжээ. Хамгийн сүүлд нийтлэгдсэн тоо баримтаар буюу 2023 онд энэ хувь 1.9 хувь болж буурсан аж.

Кокэйн Венесуэлээс хуурай замаар, голчлон Амазоны бүсээр дамжин гардаг. Мөн агаараар, далайгаар ч хил давдаг байна. Перугийн Номхон далайн их сургуулийн криминологийн профессор Хосе Луис Перез Гуадалупе хэлэхдээ Венесуэль АНУ руу шууд хар тамхи тээвэрлэдэг гэх баритм байхгүй гэжээ. Тэр “Венесуэлиэр дамжсан мансууруулах бодис АНУ-д хүрдэггүй гэсэн үг биш. Бодиснууд эхлээд Карибын тэнгис дэх завсрын цэгүүдэд очдог. Дараа нь тэндээс голчлон Европ руу тээвэрлэдэгээс гадна Мексик, АНУ, Африк руу илгээдэг” гэсэн байна.

Венесуэлийн дэглэм ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Наймдугаар сард АНУ-ын засгийн газар Мадурогийн баривчилгаа эсвэл яллахад туслах мэдээлэл өгсөн хүнд олгох шагналаа 50 сая ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Трамп Мадурог Картел де ло Солес бүлгийн удирдагч хэмээсэн.

АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр тус бүлэг АНУ-ыг кокаинд уусгах зорилготой юм. Харин Перес Гуадалупе хэлэхдээ: “Мадуро тодорхой гэмт бүлгүүдэд эрх мэдэл өгч, тэдний дэмжлэгээр засгийн эрх барьж ирсэн. Тэр гэмт бүлгүүдийг Картел де ло Солес гэж нэрлэдэг” гэжээ.

Мадуро дэмжлэг авсныхаа хариуд зарим газар нутгийг болон шоронгуудыг гэмт бүлэглэлүүдийн хяналтад өгсөн байна. Тэр “Зэвсэгт хүчнийхэн улс даяар үйл ажиллагаа явуулж мансууруулах бодисын дамжин өнгөрөлт, хил давуулахад дөхөм болгодог” гэсэн юм

Мадуро ямар хариу арга хэмжээ авсан бэ

Венесуэлийн дэглэм АНУ-ын өдөөн хатгалтын эсрэг цэргийн бэлэн байдлын шинэ үе шатыг эхлүүлснээ зарласан юм. Батлан хамгаалахын сайд Владимир Падриногийн хэлснээр 200 мянган цэрэг энэхүү сургуулилтад оролцож байгаа гэжээ.

Зургийн эх сурвалж: New York Times

Мадуро АНУ-ыг шинэ дайн зохиомлоор бий болгож байна гэж буруутгаж, цэргээ байршуулсан нь нь Латин Америкт сүүлийн 100 жилд нүүр тулгарсан хамгийн том аюул хэмээн тодорхойлсон байна.

Венесуэл ОХУ-аас пуужингийн болон агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг цэргийн техник хүлээн авсан. Мөн Москва Венесуэлийн бүрэн эрхт байдлыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

АНУ-ын цэргийн хүчин Венесуэлийнхээс хавьгүй хүчирхэг. Харин Венесуэлийн армийн чадвар бол муу сургалт, бага цалин, хуучирсан тоног төхөөрөмжөөс үүдэн ихээхэн доройтсон гэж тус улсын цэргийн чадавхыг мэддэг зургаан эх сурвалж хэлсэн.

Ийм учир Венесуэлийн эрх баригчид ЗХУ-ын үеийн тоног төхөөрөмжүүдийг иргэдэд тарааж партизаны маягийн эсэргүүцэл өрнүүлэхээр бэлтгэж байгаа юм. Партизаны дайн гэдэг нь албан ёсны бус, жижиг хэмжээтэй зэвсэгт бүлэг илүү том армийн эсрэг гэнэтийн дайралт, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг хэлдэг.

Трамп энэ долоо хоногт мэдэгдэхдээ Мадуротой хэлэлцээ хийхэд бэлэн байгаа хэмээсэн. Мөн Мадуро Трампын захиргааны албан тушаалтнуудтай нүүр нүүрээ харж ярилцахад бэлэн гэж мэдэгдсэн байгаа. Тэр хэлэлцээ явагдаж байгаа эсэх эсвэл хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: The Guardian, Reuters, Axios

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button