Тодруулга | Б.Цогбадрах: Төрийн сан баталсан төсөвтөө уялдуулж гүйлгээг хэвийн гаргаж байгаа

Оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын төсвийн орлого болон тусламж 25 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн орлого 23.3 их наяд төгрөг буюу төлөвлөсөнөөс 587 тэрбумаар буурсан байна. Мөн улсын зарлага болон цэвэр зээлжилт 25 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.5 их наядаар өссөн бөгөөд үүнээс үүдэн төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарав.
Үүнтэй холбоотойгоор Төрийн сангийн гүйлгээнүүд хаагдсан гэх мэдээлэл гарах болсон бөгөөд энэ талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Б.Цогбадрахаас тодрууллаа.
-Төсвийн тэнцэл алдагдалтай байгаагаас үүдэн Төрийн сангаас гүйлгээ огт хийгдэхгүй байна гэдэг асуудал үүсээд байгаа дээр та тайлбар өгөөч?
-Төрийн сангийн үйл ажиллагаа зогссон, гацсан зүйл байхгүй. Санхүүжилтүүд гардгаараа гарч байгаа. Төсвийг яаж баталсантай уялдуулаад гүйлгээнүүдээ гаргаад л явж байна.
-Санхүүжилт удааширсан асуудал бий юу?
-Орлогын гүйлгээтэй холбоотойгоор бид гүйлгээг сар бүрийн хуваарийн дагуу олгодог. Одоогоор сангийн яам дээр гүйлгээ зогсчихсон зүйл алга" хэмээн хариулав.
Төсвийн тэнцлийн алдагдал нэмэгдэх үед Засгийн газар тодорхой арга хэмжээнүүд аваагүй тохиолдолд оны төгсгөлд санхүүжилт, гүйлгээ удаашрах гол шалтгаан болдог билээ. Гол нь төсөв алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн хомсдол үүссэнээр мөнгөн урсгалын тасалдал үүсэх эрсдэл бий болдог. Ялангуяа он дуусах явцад орлогоос давсан зардал нь төрийн сангийн дансны үлдэгдэлд нийцүүлэн Сангийн яам зайлшгүй зардлыг гаргах, тодорхойгүй гүйлгээг хойшлуулах зэргээр арга хэмжээ авахад хүрэх юм.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.