Японы ерөнхий сайд хоёроос дөрвөн цаг унтдаг
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ албан тушаалдаа томилогдоод сар болж байгаа ч зогсоо зайгүй ажиллаж буй нь түүний ойрын туслахууд санааг зовоож байна. Түүний энэ ажиллах арга барилыг орчин үеийн Японы нийгмийн зорилго, чиг хандлагаас хоцрогдсон, мэдрэмжгүй үйлдэл гэж зарим хүн шүүмжилж эхэлжээ.
Засгийн газарт албан хашдаг нэгэн эх сурвалж хэлснээр бол Такаичи орой бүр ажлаасаа гараад Токиогийн Акасака дүүрэг дэх парламентын гишүүдийн байр руу шууд очдог байна. Тэрбээр тэнд парламентын чуулганд бэлтгэх, гадаад харилцааны ажлуудаа хийх зэргээр үргэлжлүүлэн олон цагаар суудаг аж.
Түүний ажиллах хэв маяг өмнөх удирдагчид, тухайлбал түүний ментор агсан Абэ Шинзогоос эрс ялгаатай байгаа юм. Абэ 2012 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд болсныхоо дараах эхний сардаа л хамтран ажиллагчид, бизнес, эрдэм шинжилгээний салбарынхантай 10 гаруй удаа оройн зоог барьж байжээ.
Улстөрчид болон бусад хүмүүстэй хоол идэх нь удирдагчдын хувьд мэдээлэл цуглуулах, улс төрийн холбоо сүлбээгээ бэхжүүлэх, бодлого тодорхойлоход үнэтэй боломж гэж хүмүүс үздэг юм.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар Такаичи өнгөрсөн жил эрх баригч Ардчилсан Либерал намын даргын сонгуульд ялагдсаныхаа дараа хэсэг хугацаанд гадуур хооллосон ч удалгүй больжээ. Түүнд ийм арга замаар харилцаа холбоо тогтоохыг хүмүүс зөвлөж байсан ч тэр үргэлжлүүлээгүй байна. Такаичи энэ талаар "Гадуур гарч ууж өнгөрөөснөөс бодлого боловсруулж, бичиг баримт уншиж цагаа өнгөрүүлсэн нь дээр" гэж ярьж байжээ.

Түүний ойрын эх сурвалжуудын хэлснээр Такаичи сүүлийн үед гишүүдийн байрандаа савласан бэлэн хоол идэж ажиллаж байгаа аж. Аравдугаар сарын 21-нд Ардчилсан Либерал намын даргаар сонгогдсоныхоо дараа Такаичи үг хэлэхдээ "Би хүн бүрийг морь нохой мэт зүтгүүлэх болно. Би өөрөө ажил амьдралын тэнцвэр гэдэг ойлголтыг мартана. Би ажиллана, ажиллана, бас дахин ажиллана" гэж хэлсэн нь олны гайхширлыг төрүүлж, зарим хүний санааг зовоосон.
Түүний хэлсэн үг нь "кароши" буюу хэт их ачааллаас болж нас барах тохиолдлоос урьдчилан сэргийлэх, ажлын урт цагийг хязгаарлахаар ажиллаж буй Япон улсын зорилттой зөрчилдөж байгаа юм. Түүний гаргасан мэдэгдлүүдэд үйлдвэрчний эвлэлүүд шүүмжлэлтэй хандаж байна.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 7-нд болсон Засгийн газрын Төсвийн хорооны хуралд бэлтгэхээр зургаан цагийн өмнө буюу шөнийн 03:00 цагт ажилдаа ирж, гурван цагийн шуурхай хурал зарласан нь олны шүүмжлэлийг дагуулсан.
Өнгөрсөн долоо хоногт болсон парламентын өөр нэг чуулганы үеэр ажлын цагийн хязгаарлалтыг сулруулах төлөвлөгөөг нь эсэргүүцсэн хууль тогтоогчийн асуултад хариулахдаа Такаичи "Одоогоор би хоёр цаг, ихдээ л дөрвөн цаг унтаж байна" гэжээ.
Ерөнхий сайдын ажлын албаны эх сурвалж "Тэр ажлаа төрийн алба хаагчдад даалгахын оронд бичиг баримтаа өөрөө биечлэн шалгадаг" гэж хэлсэн юм. Такаичиг илүү сайн амарч байгаасай гэж хүсэж буйгаа тэр эх сурвалж илэрхийлжээ. Такаичигийн өөр нэг ойрын эх сурвалж "Энэ бол түүний арга барил гэдгийг би ойлгож байна, гэхдээ би түүнийг ингэтлээ их ажиллаасай гэж хүсэхгүй байна" хэмээсэн юм.
Эх сурвалж: Japan Today












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud