НИЙГЭМНийгэм мэдээ

Гал тогооны хэрэгсэлгүйн улмаас 240 ортой цэцэрлэг хүүхдүүдээ авч чадахгүй байна

Боловсролын яамнаас зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйгээс 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Жетро төвийн баруун талд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээж авсан юм. Гэвч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа аж.

Уг асуудлаар НЗД-ын орлогч А.Амартүвшин “Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны хуучны дөрвөн давхар байрууд ирээдүйд дахин төлөвлөлтөд орох төлөвтэй. Тиймээс хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудал яригдах учир үүнд бэлтгэж, төлөвлөн энэ цэцэрлэгийг барьсан. Нийслэлийн хэмжээнд энэ онд долоон сургууль, 19 цэцэрлэгийг ашиглалтад оруулаад байна. 240 хүүхдийн ортой энэ цэцэрлэг ашиглалтад орсноор ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал буурах юм. Гэвч зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг Боловсролын яамнаас шийдэж өгөөгүй байна. Үүнээс үүдэн цэцэрлэг энэ ондоо багтаж үйл ажиллагаа явуулах эсэх нь эргэлзээтэй болж байна. Уг нь Боловсролын яаманд хүсэлтээ наймдугаар сард илгээсэн байсан. Улаанбаатар хотын хэмжээнд шинээр ашиглалтад орж байгаа 12 сургууль, цэцэрлэгт ийм асуудал гарч байна” гэлээ.

Тус цэцэрлэгийн барилгын ажил 2021 онд эхэлсэн боловч газрын асуудал, цар тахлын улмаас хэсэг хугацаанд зогсоод байсан юм. Улмаар энэ оны 11 дүгээр сарын 17-нд ашиглалтад орууллаа. Гэвч Боловсролын яамнаас зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйн улмаас өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ хүлээж авч чадаагүй байна.

Б.Азжаргал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button