СПОРТ

Physical Asia: Япон тамирчдын БАГА НАС, АМЬДРАЛ, АМЖИЛТ

БНСУ-ын шоу нэвтрүүлэг “Physical Asia” Нэтфликс платформоор аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 18-ы өдрүүдэд цацагдаж дуусаад байна. Энэ удаагийн дугаарт БНСУ, Япон, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин, Монгол гэсэн найман улс оролцсоноос Монгол улсын баг тамирчид хоёрдугаар байр эзэлж, олон улсын үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогчид болоод байгаа билээ.

Энэ удаагийн дугаарт уншигч танд Япон улсын багийн зургаан оролцогчийн талаар сонирхолтой баримтууд хүргэхээр бэлдээд байна.

Багийн ахлагч “Аянга” хочит Юүшин Оками

Эхнэр, хүүгийн хамт

Нэр: “Thunder” хочит 岡見 勇信

Төрсөн он сар өдөр: 1981 оны долдугаар сарын 21

Өндөр: 187 см

Жин: 93 кг

Төрсөн хот: Япон улсын Канагава муж

Юүшин Оками Канагава мужийн Фүжисавад төрсөн. Дунд сургуульд байхдаа хөнгөн атлетикийн клубт элсэж, үргэлжлүүлэн Фүжисива Шорё ахлах сургуульд анхлан жүдогоор хичээллэж эхэлсэн байдаг. Жүдогоор цаашид үргэлжлүүлэн хичээллэх хүсэлтэй байсан тэрбээр ахлах сургуулиа төгсөөд Японы мэргэжлийн бөхийн холбоо “New Japan Pro Wrestling”-д элсэхээр хоёр ч удаа шалгалт өгсөн боловч хоёуланд нь тэнцэж чадсангүй. Гэвч жүдогийн спортыг орхихыг хүсээгүй тул жүдо болон каратэгийн спортод суурилсан холимог тулааны дэвжээ болох “Важүцү Кэйшүкаи”-д нэгдэх болов. Уг дэвжээний үүсгэн байгуулагч, холимог тулаанч Ёшинори Нишитэй ийн танилцсан нь түүний амьдралын эргэлтийн цэг байлаа.

Тэрбээр холимог тулааны дэвжээнд элсэн орсноос хойш зургаахан сарын дараа гэхэд “PRE PRIDE 4” тэмцээнд түрүүлж, мэргэжлийн холимог тулааны урлагийн гараагаа эхлүүлж, үүнээс хойш тасралтгүй 23 жил MMA буюу холимог тулааны урлагаар (спортоор) хичээллэж, олон түүхэн амжилтуудын эзэн болжээ.

Юүшин Окамигийн хувьд япон тамирчидтай харьцуулахад ер бусын уян хатан мөртлөө хатуу биетэй, мөч урттай тул “паунд” техник, жүдогийн суурьтай тул “тэйкдаун” техникүүдээрээ алдартай аж.

Тухайлбал, тэрбээр 2006 оны 8-р сард дэлхийн шилдэг тулааны лиг болох UFC-д удаан хүлээсэн гараагаа эхлүүлж, "UFC 62" тэмцээнд Алан Белчерийг ялжээ. Дараа нь тэрээр “UFC 64”-т Калиб Стирнс, “UFC 66”-д Лори Сингер, UFC 69-д Майк Свич нарыг ялснаар UFC-д дараалан дөрвөн ялалт байгуулсан анхны Японы тулаанч болжээ. Энэ үед тэрбээр "Аянга" гэсэн утгатай хочоо авч байв. Мөн түүний өөрийн нэр болох Окамиг япон хэлээр утгачлан орчуулж “Чоно” хэмээн дуудах болсон байдаг.

Карьерынхаа эхэн үед Оками өөрийн улсдаа туршлага хуримтлуулснаа дараагаар хилийн чинад дахь боломжуудыг эрэлхийлж, Герман, Ирланд, Бразил улсуудад тулалдаж эхлэв. Япон улсын тамирчид дунд жинд сул тал ихтэй, бие жижиг мөч богино тул амжилт гаргах боломж бага гэж үздэг байсан олон хүмүүсийн санааг тэрбээр өөрчилж, өөрийн жингийн төрөлд гялалзам амжилтуудыг үзүүлж эхэллээ.

2010 оны 11-р сард тэрээр “UFC 122”-т Натан Марквардыг ялж, UFC-ийн дунд жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрх авч, мөн л ийм ялалт байгуулсан анхны Японы тулаанч болж, түүхэнд нэрээ бичүүлжээ.

2011 оны 8-р сард “UFC 134”-т тэрээр UFC-ийн дунд жингийн аварга Андерсон Силватай аварга цолын төлөө тулалдахаар боллоо. Тухайн үед Андерсон Силва нь UFC-ийн түүхэн дэх хамгийн олон удаа цолоо хамгаалсан хүчтэй өрсөлдөгч байсан бөгөөд тулаан Андерсоны төрөлх хот Бразилд болж байснаараа давуу талтай байв. Тулаан эхлэх үед Андерсоныг дэмжих үзэгчдийн уухайн дуу хадаж, Оками бие болоод сэтгэлзүйн хувьд амссан хамгийн хүндхэн тулаануудын нэг байсан хэмээн хожмоо дурсан ярьсан байдаг. Тус тоглолтын хоёрдугаар шатанд Оками баруун талдаа цохилт авч нокаутаар ялагдал хүлээв.

2013 он хүртэл тэрээр UFC-д 13 ялалт, таван ялагдалтайгаар тулалдаад холбооноос гарах болсон шийдвэрээ олон нийтэд дуулгасан юм. Гэсэн ч үргэлжлүүлэн  “WSOF”, “One Championship”, “Shooto” зэрэг холбоодоод тулаанч тамирчнаар ажиллахын зэрэгцээ, “UFC” холбоонд 2017 онд эргэн нэгдэж хэд хэдэн түүхэн ялалт байгуулсан байдаг.

Оками одоо UFC-д хамгийн олон буюу 14 ялалт байгуулсан япон тамирчнаар нэрлэгддэг бөгөөд тулааны спортоор хичээллэхийн зэрэгцээ тулааны урлагаар хичээллэх хүсэлтэй залуусыг бэлдэх, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан баяр баясгаланг хүмүүст өгөх зорилготойгоор ажиллаж байна.

Та бүхний мэдэж байгаачлан, Окамигийн дүр төрхийг Хажиме Исаяамагийн манга/сүүлд аниме цуврал болсон/ “Attack on Titan”-ы Эрен Жэйгерийн Титан дүрийг бүтээхэд урам зориг болгон ашигласан байдаг. Тэрбээр мөн “Under Armour” зэрэг хэд хэдэн спорт брэндийн сурталчилгаанд тоглож байснаас гадна одоо монгол улсад худалдаалагддаг “Cup Noodle” бэлэн гоймонгийн брэндийн сурталчилгаанд сахиусан тэнгэрийн дүрд тоглож байсан удаатай. Оками зөвхөн сурталчилгаанд тоглоод зогсохгүй “High and Low the movie” нэртэй кинонууд ч дүр бүтээгээд амжсан байдаг.

2019 онд тэрээр Newsweek-ийн "Дэлхийн хамгийн хүндтэй 100 япон хүн"-ий нэгээр нэрлэгдсэн байх бөгөөд Асахи телевизийн "Газар нутаг, тэнгис, агаар: Дэлхийг байлдан дагуулах нь" (2018 оны 8-р сард цацагдсан) нэвтрүүлгийн нэг хэсэгт дэлхийн өнцөг булан бүрээс "Та ямар япон хүмүүсийг мэдэх вэ?" гэж асуухад Бразилд алдартай япон хүмүүсийн чансааны наймд бичигдсэн байдаг.

Оками эхнэр болон хүүгийн хамт амьдардаг бөгөөд түүний эхнэр олны танил хүн биш тул түүний ар гэрийн тухай мэдээлэл олон нийтэд тийм ч нээлттэй биш байдаг аж.

Бэйсболчин сүпэрмэн Ёшио Итои

Нэр: Сүпермэн хочит Ёшио Итои 糸井

Төрсөн он сар өдөр: 1981 оны долдугаар сарын 31

Өндөр: 188 см

Жин: 99 кг

Төрсөн хот: Киото мужийн Иватаки

Өнгөрсөн хугацаан дахь жерсигийн дугаарууд:

Итои 1981 оны долдугаар сарын 31-нд япон улсын хуучин нийслэл болох Киотогийн Иосано хотын Иватакид төржээ. Түүний аав триатлоны спортын тамирчин, ээж нь үндэсний волейболын тамирчин, өвөө нь Киотогийн Минэяма ахлах сургуулийн биеийн тамирын багш байсан учраас  багаасаа спорттой ойр өссөн ч бэйсболын спортод хожуу татагдан оржээ.

Хамгийн анх бага сургуулийн гуравдугаар ангид байхдаа зуны амралтаараа гэр бүлийн хамт Кошиэн цэнгэлдэх хүрээлэнд болсон бэйсболын тоглолтыг үзэж байсан гэдэг. Тэр тоглолтон дээр Ханшин Таягэрс багийн 2009-2011 оны менежер байсан Акинобү Маюүми буюу тухайн үеийнхээ алдартай бэйсболчийн “хөүм ран” цохилтыг хараад ирээдүйд мэргэжлийн бэйсболын тоглогч болох мөрөөдлөө зүрхэндээ тээжээ.

Гэвч тэр бэйсболын багт элсэхгүй хэвээр л байлаа. Харин дунд сургуулиасаа эхлэн сургуулийнхаа софтболын багт тоглож эхлэв. Софтбол нь бэйсболтой төстэй боловч илүү том бөмбөгөөр жижиг зайд тоглодогоороо онцлогтой. Итои багтаа олон олон ялалтыг авч ирдэг чухал тоглогч байсан ч үе үе хэнэггүй зан гаргаж дасгалжуулагчидтайгаа маргаан үүсгэнэ. Тухайлбал, Иватаки хотын Хашидэ дунд сургуулийн гуравдугаар ангид суралцаж байхдаа багаараа мужийн тэмцээнд оролцох үед болсон хөгжилтэй гэхүү, хөгтэй гэхүү дурсамжаа нэгэн хэвлэлд дурсан ярьсан байдаг. Тэрээр тэмцээний тоглолтын өмнөх бэлтгэлийн үеэр “Бэнчи” буюу тоглогчдын амарч суудаг суудалд тухлан сууж байхыг нь туслах дасгалжуулагч нь харж хилэгнэхдээ “Гэртээ харь” хэмээн хашгирчээ. Тоглолтын өмнөх бэлтгэлийн чухал цаг үед ганцаар амарч суусан буруугаа хүлээж, тэр өдрөө гэртээ харьжээ.

Итоийн гэр сургуулийн эсрэг талд байдаг учир маргаашаас нь тагтан дээрээ гарч, тэмцээн рүүгээ автобустай хөдлөж буй багийнхан руугаа “Амжилт, хичээгээрэй” хэмээн даллан хашгирдаг байв. Харамсалтай нь тус тэмцээнд багийн шилдэг шидэгч байхгүй учир амжилт гаргаж чадсангүй. Итои ч мөн тус тэмцээн дээр ирсэн томоохон багийн эздийн нүдэнд өртөх боломжоо алдсан юм.

Ирэх жил нь Итои өөрийн амьдардаг хотынхоо зэргэлдээх Миязү хотын ахлах сургуульд элсэн орж, тэндээ ч мөн софтболоо үргэлжлүүлэн тоглож эхлэв. Гэвч удалгүй өвдөгний бэртэл авсан байж болзошгүй гэх оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ. Хачирхалтай нь, Итои дунд сургуулийн хоёрдугаар ангид байхдаа өвдөгний бэртэл авч түүнийгээ тоолгүй тоглож байсан нь тодорхой болж, шуурхай мэс засалд орсон байдаг. Ахлах сургуулийн нэгдүгээр ангидаа тэрбээр ийн софтболоор хичээллэх бүү хэл удаан алхах ч боломжгүй болсон юм.

Ирэх жил нь харин нөхөн сэргээх эмчилгээний үр дүн гарч хөнгөн гүйх хэмжээнд эдгэрсэн тул хавраас бэлтгэлийн тоглолтдоо дахин гарч эхлэв. Гэсэн ч нэг удаагийн цохилтын дараагаар мөрний бэртэл авч, ахин мэс засалд орж бас нэг жилийг өнжиж өнгөрүүлэх болов. Ахлах сургуулийн гуравдугаар ангийн хавраа тэр эмнэлгээс эдгэсэн гэсэн бичиг авч, софтболын багтаа ахин нэгдэв. Ингээд сургуулиа төгсөх хүртэл дөрөвхөн сар тоглосон ч тэр энэ хугацаандаа Ханшин Тайгерс багийн скаутуудын нүдэнд өртөж чаджээ. Хэдийгээр Ханшин Тайгерсийн анхаарлыг татаж чадсан ч драфтын сонголтод орох эсэх нь тодорхойгүй байсан тул тэр их сургуулиа сонгохоос өөр аргагүй болж Осакагийн Кинки Их сургуульд элсэн суралцах болов.

“Ахлах сургуулийн сурагч байхдаа тэрээр оройн бэлтгэлээ тараад гэр рүүгээ харих замдаа галт тэргэндээ унтаж, гэрээсээ хоёр цагийн зайтай Киото өртөө рүү явчихаж. Гэр рүүгээ буцах гэсэн ч сүүлчийн галт тэргээс хоцорсон тул ээж нь түүнийг очиж авахаас өөр аргагүйдэж маргаашийн волейболын бэлтгэлээ таслаж байсан хөгжилтэй түүхтэй. Ахлах сургуулийн сурагч мөртлөө ийм алдаа гаргасанд тухайн үеийн Миязү ахлах сургуулийн ахлах дасгалжуулагч Масаши Ичида гайхаж, одоог хүртэл тэр түүхийг нь хөгжилтэйгөөр ярьдаг аж”

Кинки их сургуулийн Бэйсболын клуб түүнийг нэгдүгээр курсээс нь элсүүлэн гарааны тоглогч Номүра Хироюүки, Киши Канпача нарын “сүүдэр” буюу нөөц тоглогчоор хуваарьлав. Эхний хоёр жилд тэрбээр бэнчи дэх тоглогчийн үүрэг гүйцэтгэж байгаад 2002 оны хавар, гуравдугаар курст байхдаа анх удаа гараанд гарч, дөрөвдүгээр курсээсээ эхлэн багийнхаа шилдэг бөмбөг шидэгчээр нэрлэгдэж, дараалсан таван тоглолтод нэг ч ялагдалгүйгээр багаа ялуулахад өндөр хувь нэмэр оруулахын зэрэгцээ лигийн MVP, шилдэг бөмбөг шидэг, шилдэг ес гэсэн гурван том шагналыг хүртэж бэйсболын амжилтын гараагаа эхлүүлжээ.

Харин мэргэжлийн бэйсболын лигт 2003 оны 11 дүгээр сарын 19-нд Хоккйдо Ниппон-Хэм Фэйтерс багийн драфтаар анхны гэрээгээ байгуулж, жилийн 15 сая иэнийн гэрээнд гарын үсэг зурснаар нэгдэв. Түүний мэргэжлийн багт тоглох анхны жерсигийн дугаар 26 байлаа.

Удаах 10 жилд тэрбээр Ниппон Хэм багтайгаа тоглож байгаад 2013 оны нэгдүгээр сараас Орикс Бүффалос багт, 2016 оноос Ханшин тайгерс багтаа нэгдэж 2023 оны есдүгээр сард зодог тайлах хүртлээ тэндээ харьяалагдаж байв.

Зодог тайлсны дараагаас буюу 2023 оноосоо эхлэн Маиничи өргөн нэвтрүүлгийн суваг, Хоккаидо телевизийн бэйсболын тайлбарлагч, “Дэйли спортс” телевизийн бэйсболын шинжээчээр ажиллаж эхэлжээ.

Итоийн хувьд “Physical Asia” нэвтрүүлэгт өв тэгш бие хаагаараа гайхагдсан боловч үргэлж ийм байгаагүй тухайгаа дурсан ярьсан байдаг. Их сургуульд байхдаа жин багатай байснаасаа болоод цохиур нь хүртэл хүнд санагдаж эхэлсэн тул хүчний бэлтгэл хийж эхлэх шийдвэр гаргаж, ганцхан сарын дотор гэхэд өмнө нь өмсөж байсан хослол нь багтахгүй болтол булчинтай болсон гэдэг.

Итой нь бэйсболд гадна талбайн тоглогч буюу Outfielder(Дотроо гурван төрөл, аль байршилд зогсож байгаагаас шалтгаалаад баруун, зүүн, төв гэж хуваана)-ийн үүрэг гүйцэтгэхээс гадна шидэгч буюу пичер, батт буюу цохигчийн үүрэг давхар гүйцэтгэдэг байв. Түүний гайхалтай амжилтын нууц нь баруун гараараа шидэж, зүүнээрээ цохидогт оршино гэж спорт сонирхогчид тайлбарлах нь олонтаа. Тийм ч учраас 2013 онд Дэлхийн бэйсболын сонгодог тэмцээнд Япон улсын үндэсний бэйсболын багийн гишүүнээр сонгогдсон байдаг.

Жүдогийн хаан гэгддэг Соичи Хашимото

Гэр бүлийн хамтаар...

Нэр: Соичи Хашимото 橋本壮市

Төрсөн он сар өдөр: 1991 оны наймдугаар сарын 25

Өндөр: 170 см

Жин: 73 кг

Төрсөн хот: Шизуока мужийн Хамамацү

Соичи Хашимото Монголчууд бидний хувьд японы багийн оролцогчдоос хамгийн танил нь байж мэднэ. Жүдо сонирхогчид Хашимотог андахгүй нь лавтай. Учир нь тэрбээр монголын олон алдартай жүдочидтой дэлхийн аваргын төлөөх болон олимпын эрх олгох тэмцээнүүдэд учраа тааран барилдаж байсан түүхтэй.

Тухайлбал, “Токио 2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатартай 2022 онд дэлхийн аваргын алтан медалийн төлөө тунаж барилдсан барилдаан олон хүний зүрх сэтгэлд тод үлдсэн гэдэгт итгэлтэй байна. Уг бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Соичи Хашимото нь японы жүдогийн од, олимпын хошой аварга Шёохэй Оногийн 73 кг жинд Парисын олимпод зодоглож, хүрэл медалийн болзол хангасан билээ. Шёохэй Оногийн хувьд өнгөрсөн олимпоор “Парисын олимпод надад өрсөлдөх хүн байхгүй тул зодоглохгүй” гэх утгатай хэвлэлийн хурал хийж байсан удаатай. Харин уг олимпод Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар бэртлийн улмаас оролцоогүй билээ. Соичи Хашимото нь японы босоо аварга гэгддэг Шёохэй Онотой дөрөв барилдсанаас хоёрт нь ялж байсан гэх сонирхолтой баримт байна.

FUKUOKA, JAPAN - APRIL 07: Soichi Hashimoto (R) reacts after his defeat by Shohei Ono (L) in the Men's -73kg final during day two of the All Japan Judo Championships By Weight Category at the Fukuoka Convention Center on April 7, 2019 in Fukuoka, Japan. (Photo by The Asahi Shimbun via Getty Images)

…Тэрбээр зургаан настайгаасаа эхлэн төрөлх хот Хамамацүгийн Икүсэикан дэвжээнд элсэж, жүдогоор хичээллэж эхэлжээ. Олон жил тасралтгүй жүдогийн дэвжээнд хичээллэж байгаад Токаи их сургуулийн дэргэдэх ахлах сургуульд элсэн оров. Ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа Бүх Японы улсын ахлах сургуулиудын дундах жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний 66 кг жингийн ангилалд гуравдугаар байр эзэлж, ирэх жил нь 73 кг болгон жингээ ахиулж ороод хоёрдугаар байр эзлэн амжилтын гараагаа эхлүүлжээ.

Энэ хугацаанд тэрээр Японы жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, үргэлжлүүлэн Дэлхийн Мастерсаас эхлээд Токио, Парисын олимп хүртэл таван тэмцээнд дараалан түрүүлж хөнгөн жингийн шилдэг жүдочдын нэг бататган харуулав. 2015 оны Кувейтын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2016 оны Ташкентын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2017 онд Будапештын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2018 оны Баку, 2022 оны Ташкентын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2021 онд болсон Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2023 оны Дохогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2023 оны Ханжоугийн Азийн наадмаас мөнгө зэрэг дурьдаад дуусашгүй олон амжилтын эзэн юм.

Харин 2025 онд “Physical Asia” тэмцээн цацагдсаны дараахан тэрбээр нурууны гэмтлийн улмаас зодог тайлах болсноо хэвлэлийн хурал зарлан мэдээлсэн. Уг мэдээллийг хэзээ хийх вэ гэдэг цаг хугацааны асуудал байсан бөгөөд энэ шийдвэрээ хэдийнэ гаргаж, тохиромжтой цагийг хүлээж байснаа уг хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдсэн юм.

Уг хэвлэлийн хурлаар мөн “Нурууны бэртлээс гадна өөрийн насыг харгалзан үзэж энэ Парисын олимп сүүлийнх байна гэдгийг мэдэж байсан. Олимпын наадам бол миний хувьд хамгийн сайхан дурсамжуудын нэг. Маш их хариуцлага өөртөө тавьж байсан болохоор их сандарч байсан ч охин минь “Аав аа” гэж дуудахыг сонсоод тайвширч, төвлөрөөд дэвжээнд гарч чадсан” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн хугацаанд Японы жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлагчаар ажиллаж байсан тэрбээр одоо багийнхаа зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллана.

Соичи Хашимото нь нэг хүү, нэг охинтой бөгөөд отгон хүү нь 2024 онд мэндэлсэн юм байна. Бас нэгэн сонирхолтой баримт нь тэрбээр 2018 онд хийсэн үйлдлээсээ болж Японы жүдо бөхийн холбооноос шийтгэл авч, А зэрэглэлээс Б зэрэглэл рүү буурч байсан удаатай. Учир нь тэрбээр 2018 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр JISS-д зөвшөөрөлгүй байрлаж, шөнө дундаас өглөөний 06 цаг хүртэл бэлтгэл хийж байсан нь баригдаж, тамирчны сахилга бат зөрчсөн, JISS-ийн ашиглалтын дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгагдсан юм. Иймд тэрбээр зургаан сарын хугацаанд өөрийн зардлаар дотоодын болон гадаадын бэлтгэл хөтөлбөрт оролцох шаардлагатай болсны сацуу, Японы Спортын зөвлөлөөс олгодог тамирчдын урамшууллаас хасагдаж, олон нийтийн ажил хийх шаардлагатай болсон. Хашимото өөрийн зөрчлийг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан бөгөөд ахлах сургуулиасаа хойш анх удаа үсээ хусаж байсан түүхтэй. Энэ тухайгаа тэрбээр “Би алдаа хийсэн. Түгшиж, сандарч байсан ч өөрийгөө дахин нэг удаа бодож нягтлах боломж гэж харсан. Одооноос бүх зүйлийг сайтар бодож, насанд хүрсэн хүн шиг амьдарч, жүдогийн спортод хайртай хүүхдүүдэд үлгэр дууриалал болсон жүдоч болохыг хүсч байна” гэжээ.

Японы олон удаагийн рекордын эзэн Кацүми Накамүра

Нэр: Кацүми Накамүра 中村克

Төрсөн он сар өдөр: 1994 оны хоёрдугаар сарын 21

Өндөр: 183 см

Жин: 75 кг

Төрсөн хот: Токиогийн Чофү хот

Кацүми Накамүра Чофү хотын дунд сургуулийн нэгдүгээр ангид байхдаа усанд сэлэлтийн спортоор хичээллэж эхэлсэн гэдэг. Усан спортод дурлах болсон шалтгаан нь ээж нь байв. Аврагч болох хүсэл мөрөөдөлтэй байсан ээж нь зам тээврийн осолд орж, өөрийн мөрөөдлийг орхисны дараа хүү нь ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэхээр шийджээ.

Дунд сургуулийн хоёрдугаар ангид орсон жилээ Токиогийн Адачи дүүрэг рүү нүүж, 14-р дунд сургуульд элсэн орсноор Токиогийн “Марин тонери” багт нэгдэх боломж олдов. Ирэх жил нь гэхэд шууд л Ахлах сургуулиудын үндэсний усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээний 400 метрийн буухиа уралдаанд хоёрдугаар байр эзэлж, амжилтын гараагаа эхлүүлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр Мүсошино ахлах сургуульд элсэн, хоёрдугаар ангийн сурагч байхдаа Ахлах сургуулиудын дундын аварга шалгаруулах тэмцээний 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алт, гуравдугаар ангидаа хошой алт авахын зэрэгцээ 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хоёрдугаар байр эзэлсэн байна.

2012 онд Васедагийн их сургуулийн Спортын шинжлэх ухааны сургуульд элсэн орж оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд болон Азийн наадмуудад оролцож, тогтмол аваргын буухиаг үргэлжлүүлж байсны зэрэгцээ дөрөвдүгээр курсын оюутан байхдаа Японы нээлттэй тэмцээний 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 48.41 секундын амжилт гаргаж, 2009 онд Такүро Фүжигийн тогтоосон 48.49 секундын дээд амжилтыг эвдэн Японы рекордыг шинэчилсэн байдаг.

Үүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2016 оны Японы аварга шалгаруулах тэмцээнд тэрээр 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 48.25 секундын амжилтаар түрүүлж, өөрийн тогтоосон байсан Японы дээд амжилтыг ахин эвдэж, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн 400 метрийн буухиа уралдаанд Японыг төлөөлөхөөр сонгогдсон. Мөн олимпийн наадмын буухиа сэлэлтийн тэмцээнд тэрээр 47.99 секундын амжилтаар Японы шинэ дээд амжилтыг гурав дахь удаагаа тогтоож, 47 секундын босгыг давсан анхны Японы усанд сэлэгч болжээ.

2018 оны 2-р сард Кирара цомын тэмцээнд тэрбээр 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 21.87 секундын амжилтаар мөн л Японы шинэ дээд амжилтыг тогтоожээ. Цаашилбал, Конами нээлттэй тэмцээнд 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 47.87 секундын амжилтаар түрүүлж, өөрийн өмнө тогтоосон Японы дээд амжилтыг 0.12 секундын амжилтаар эвджээ.

2021, 2022 онуудад тэрээр Японы аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дараалан түрүүлснээр найм дахь түрүүгээ авсан ч 2023 онд  Кацүхиро Мацүмото өөрийнх нь дээд амжилтыг эвдэж, түрүүлснээр ес дэх түрүүгээ алдсан байдаг. Мөн тэрбээр 2016 оны Риогийн олимп, 2020 оны Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон боловч медальт байрт шалгарч чадсангүй.

Кацүми Накамүрагийн хобби нь үнэртэн цуглуулах буюу аромад дурлагч. “Physical Asia”-д анх багийн хамтаар орж ирэхэд нь Солонгос улсын багийн тамирчин Амотти түүнийг “Царайлаг юмаа” гэж хэлэхэд тэрбээр “Чи ч бас” гэж хариулж байсан. Үнэхээр л шоу нэвтрүүлгийн дараагаас түүнийг царайлаг гэх фэнүүдийн тоо нь өссөн. Энэ талаар харин Накамүра “Хүмүүс надад өмнө нь тэгж хэлж байгаагүй. Гэхдээ миний нэр, царайг хүмүүс санаж байгаа бол би баяртай байх болно” хэмээн сэтгэгдэл бичиж үлдээжээ.

Өнгөрсөн жил тэрбээр өөрийн инстаграмм хуудаснаа өөрийн эхнэрийг албан ёсоор танилцуулсан нь япон улсын жүжигчин Үмика Кавашима байв.

Алаг нүдэн Нонока Озаки (尾崎野乃香)

Нэр: Нонока Озаки

Төрсөн он сар өдөр: 2003 оны гуравдугаар сарын 23

Өндөр: 165см

Жин: 62-68

Төрсөн хот: Токио

Нонока бол японы чөлөөт бөхийн ирээдүйн гол төлөөлөгчдийн нэгээр нэрлэгдэж буй залуу тамирчин. Өнгөрсөн Парисын олимпоос хүрэл медаль хүртсэн тэрбээр манай чөлөөтийн эмэгтэй тамирчидтай хэд хэдэн удаа учраа таарч байснаар нь уншигч та таньж байж болох юм. Тухайлбал, ЭНД ДАРЖ 2025 оны Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 62 кг жингийн тэмцээнд манай тамирчин Дэлхийн аварга С.Цэрэнчимэдтэй барилдаж буй бичлэгийг үзнэ үү.

Мөн Дэлхийн бөхийн холбооноос гаргасан Нонока Озакигийн “Highlight” буюу чухал агшнуудыг түүвэрлэсэн бичлэгийг ЭНД ДАРЖ үзээрэй.

Токиогийн Сэтагаяа дахь Сэйжо Гакүэн бага сургуульд суралцаж төгссөнийхөө дараа Нонока үргэлжлүүлэн тус сургуулийнхаа дунд сургуульд элсэн оров. Хип хоп бүжиг, теннисээр хичээллэж байсан охин нэгэн удаа зурагтын өргөн дэлгэцээр чөлөөт бөхийн тэмцээн үзээд “Энэ юу вэ, би үүнийг туршиж үзмээр байна” гэж аав ээждээ анх хэлснээр түүний тамирчны гараа эхэлжээ. “Тухайн үед дэвжээний дэвсгэр шар өнгөтэй байсан бөгөөд бөхчүүдийг түүн дээр барилдаж байхыг хараад сэтгэл маш их хөдөлсөн. Энэ л надад яг тохирох юм байна гэж тухайн үед бодсон” гэж тэр чөлөөт бөхийн спорттой анх танилцсан түүхээ хуваалцаж байв.

Дунд сургуулийн нэгдүгээр ангид байхдаа тэрээр Бүх Японы дунд сургуулиудын улсын аварга шалгаруулах тэмцээний 40 кг жинд өрсөлдөж хоёрдугаар байр, дараа жил нь 44кг жинд нэгдүгээр байр, гуравдугаар ангид байхдаа ахин 44кг жинд түрүүлж хошой аварга болжээ.

Дунд болон ахлах сургуулиуддаа гаргаж байсан амжилтуудыг нь хараад хүмүүс түүнийг бөхийн спорттой холбоотой томоохон их сургуульд орох болов уу гэсэн хүлээлттэй байсан ч Кейо их сургуулийн Байгаль орчин, мэдээлэл судалгааны факультетэд суралцахаар шийдсэн нь олон хүний гайхшралыг төрүүлэв. Энэ тухайгаа тэрбээр “Би бүх амьдралынхаа туршид спортоор хичээллэнэ гэдэгтээ төдийлөн итгэлтэй биш байсан. Тиймээс суралцах явцдаа өөрийн сонирхож буй өөр зүйлийг ч нээж олж магадгүй гэж бодсон” хэмээн тайлбарласан юм.

Нонокагийн спортын амжилтуудыг дурдаж барахааргүй олон байх бөгөөд энэ талаар та бүхэн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзэж болох юм.

Харин түүнийг тодорхойлох өөр нэг сонирхолтой баримт бол тэрбээр их сургуульд суралцах явцдаа Исламын шашныг сонирхон судлах болсон явдал юм. Учир нь бөхийн спорттой нь холбоотой. Тэрбээр Ираны баатар гэгддэг олимпын хошой медальт Хассан Язданигийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд түүнтэй цахим хуудсаар нь дамжуулан танилцаж, найзууд болжээ. “Энэ тухайгаа ойр дотны найз нөхөдтэйгөө хуваалцах үед “Хөөх, Иран гэж үү, Ойрхи дорнод гэхээр аймар бишүү” гэж гайхан асуудаг. Уг нь бол тийм биш, тийм биш гэдгийг мэдүүлэхийн тулд өөрөө илүү ихийг мэдэх хэрэгтэй. Тиймээс би Исламын шашныг судлахаас эхлэхээр шийдсэн. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс спортоор хичээллэх тэгш эрхтэй байх ёстой. Иранд эмэгтэйчүүдийг шашны шалтгаанаас үүдэн бөхөөр хичээллэхийг хориглодог. Спортод олон салбарт хүйсийн тэгш эрх дутагдаж байгаа учраас тэгш хүртээмжтэй спорттой дэлхий ертөнцийг бий болгохын тулд өөрийн хийж чадах зүйлийг мэдэхийг хүссэн. Үүнийг Ираны албан ёсны хэл болох Перс хэл сурахаас эхлүүлэхийг хүссэн боловч манай их сургуульд ийм хичээл байгаагүй. Иймд Араб хэлийг төлөөлүүлэн сурч эхэлсэн” хэмээн ярьжээ.

Тэрбээр дээрх судалгааныхаа ажлыг хийхийн зэрэгцээ олимпын плэй-оффын тэмцээнүүддээ ч оролцож байлаа. Олимпын эрхийн төлөөх чухал барилдааныхаа өмнөх өдөр 4000 үгтэй илтгэл бичиж байхдаа “Би юу хийгээд л байна даа” гэж бодож байсан ч суралцах хийгээд бөхийн спорт хоёрын тэнцвэрийг олж чадсан хэмээн өөртөө итгэлтэйгээр хэлж байв. Нонока өдгөө 22 настай юм.

Хар бүст тулаанч Кана Ватанабэ 渡辺

Нэр: Жүдогийн үзэсгэлэнт араатан гэгддэг Кана Ватанабэ

Төрсөн он сар өдөр: 1988 оны наймдугаар сарын 21

Өндөр: 167см

Жин: 57 кг

Төрсөн хот: Токио хотын Шибүяа

Юуны өмнө уншигч танд MMA-ийн тулаанч Кана Ватанабэгийн “PFL World Tournament” ийн үеэр АНУ-ын тулаанч Жина Бишоптой долоон сарын өмнө хийсэн тулалдааныг сонирхуулъя. Түүнийг ямар их цус урсгасан, амь эрссэн тулаанууд хийдэг болохыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Кана Ватанабэ долоон настайгаасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэж эхэлжээ. Түүний аав болон ах нь жүдогоор хичээллэдэг байсан тул гэр бүлийн нөлөөнд бага насны сонирхол нь бий болсон байх магадлалтай гэж үздэг.

Тууштай жүдогоор хичээллэж явсаар Токио хотын Шибүяа дахь Киоикү Гакүэн дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагч байхдаа тэрээр анх удаа улсын тэмцээний 63кг жингийн ангилалд өрсөлдөх боломж тохиосон ч гуравдугаар үед харамсалтай ялагдал хүлээв. Ахин ахлах сургуулийн нэгдүгээр ангид байхдаа улсын тэмцээнд оролцож тавдугаар байр, ахлах сургуулийн хоёрдугаар ангидаа хоёрдугаар байр, ахлах сургуулийн гуравдугаар ангид ороод Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Бүх Японы өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байр зэрэг шагналууд хүртэж амжилтууд нь тасралтгүй өсөж эхлэв.

2007 онд тэрээр Токаи Их сургуульд элсэн орж, нэгдүгээр курсын оюутан байхдаа Бүх Японы өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2011 оноос JR East багт элсэж мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлжээ. Харамсалтай нь 2016 онд багийн эзэн компаниас түүнийг багийн гишүүнээр цаашид ажиллах боломжгүй болохыг нь мэдэгдэж, түүний оронд дасгалжуулагчийн ажилд урьсан. Ингэснээр Кана 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн дасгалжуулагчийн ажилд орохоос өөр аргагүй байдалд хүрсэн ч уг шийдвэрт сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлэн компаниасаа бүр мөсөн гарч, дасгалжуулагчийн ажил хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ тухайгаа тэрбээр “Японд эмэгтэй жүдочдын өрсөлдөөн маш хүчтэй. Та олимп эсвэл олон улсын тэмцээнүүдэд явахын тулд дотооддоо номер нэг л байх ёстой. Тиймээс хэдийгээр сайн тамирчин байсан ч номер 2 эсвэл номер 3 байх л юм бол тэр тамирчны карьер шууд түгжигддэг. Тиймээс өөрийнхөө түүхийг өөрөөр, өөрөө бичмээр санагдсан. Жүдогийн суурь, барилдааны мэдлэг маань өөр спортод хүчтэй зэвсэг болж чадна гэдгийг харсан” хэмээн өгүүлсэн байдаг.

Шийдвэрээ гаргасны дараахан тэрбээр өөрийн найз, холимог тулааны тамирчин Такахиро Үэдагийн удирддаг FIGHTER'S FLOW дэвжээнд элсэв. Элссэн даруйдаа үзэсгэлэнтэй, жижигхэн царайтай мөртлөө булчинлаг биетэй, уян хатан, тэнцвэр сайтай зэргээрээ олны анхааралд өртөж, тус ондоо TBS телевизийн “Күноичи” нэвтрүүлэгт оролцов. “Күноичи” бол хүмүүсийн тэсвэр, тэнцвэр, хурд, хүчийг шалгасан олон бэрхшээл, саадуудыг даван туулж түрүүлдэг шоу юм. Шоуны ерөнхий утга “Нинжа Вариор”-той төстэй байж болно.

Үүний дараагаар 2017 оны 12 дугаар сарын 3-нд “DEEP JEWELS 18” тэмцээнд Хикари Сатотой анхны тулаанаа хийж, холимог тулааны спортын гараагаа тавьсан билээ. Түүний жүдогийн суурь болсон төвийн хяналт, даралтын техник, шидэлт сайтай, биеийн хүч болоод тэнцвэрийн хуваарьлалт, өрсөлдөгчийн хөдөлгөөнийг урьдчилан унших зэрэг давуу талууд нь од болон гялалзахад нь чухал нөлөө үзүүлэв. Харин цохилтын хичээл оройтож эхэлснээс боксинг чадвар сул, гарын хамгаалалт муу зэрэг нь түүний сул талууд болж байлаа.

Үүнээс хойш Кана холимог тулааны спортын “RIZIN”, “Bellator” зэрэг дотоодын болон олон улсын холбоодтой өндөр дүнтэй гэрээ байгуулан, чухал амжилтууд үзүүлсээр, өдгөө дэлхийн топ “flyweight” тулаанчдын нэг болж чадсан юм.

Кана “Physical Asia” тэмцээний үеэр гараа гэмтээж, мэс засалд орсон бөгөөд эмч нарын зөв оношилгоо, түргэн хугацааны эмчилгээний үр дүнд бэлтгэл сургуулилтдаа удахгүй эргэн орж чадсан тухайгаа цахим хуудастаа нийтлэжээ.

Канагийн хувьд найз залуутай гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байхгүй бөгөөд өмнө өгсөн ярилцлагадаа “Би жүдогоос холимог тулаан руу шилжсэн. Сурах зүйл маш их байсан учраас надад романс үүсгэх зав огт байгаагүй” хэмээсэн. Гэхдээ түүнийг бэлтгэлийн заалныхаа ерөнхийлөгч, тулаанч найз Такахиро Үэдотой болздог байсан гэх цуу яриа байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button