Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэг Азид стратегийн шинэ тэнхлэг үүсгэхээр Монголыг сонирхож эхэллээ

Азербайжаны "Caliber" сайт Монгол болон Энэтхэгийн хамтын ажилллагаа ойртож буй талаар нийтлэл оруулжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг улсад саяхан дөрвөн өдрийн төрийн айлчлал хийсэн. Энэ нь Энэтхэгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний амбиц болон Монголын тэлж буй баялгийн нөөц боломжийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Азид стратегийн шинэ тэнхлэг үүсэж буйг харууллаа.

Энэтхэгийн хувьд Монгол Улс нь зүй ёсны стратегийн түнш болсон. Монголын "Гуравдагч хөрш"-ийн гадаад бодлого нь Шинэ Делигийн Еврази даяар шинэ гүүр, холбоо босгох хүчин чармайлттай бүрэн нийцэж байгаа. "The Diplomat" сэтгүүлд мэдээлснээр, Монгол Улсын хувьд Энэтхэг нь зөвхөн технологи, санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй, хөршүүдээсээ хамааралтай байдлаасаа төрөлжих  чухал гарц болж байна.

Энэхүү өргөжин тэлж буй түншлэлийн төвд Энэтхэг улсаас өгсөн хөгжлийн хамгийн том амлалт бий. Тэр бол Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зориулж 2018 онд олгосон 1.7 тэрбум ам.долларын зээл юм.

Жилд 1.5 сая тонн буюу өдөрт ойролцоогоор 30,000 баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай байх тус үйлдвэр нь Монголын шатахууны хэрэгцээний 50-66 хувийг хангана гэж тооцоолж байна. ОХУ-ын шатахууны импортоос ихээхэн хамааралтай тус улсын хувьд энэхүү төсөл нь томоохон өөрчлөлт авчрах алхам гэж үнэлэгдэж буй.

Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна зорилт бүхий хэд хэдэн салбарууд бий. Үүнд ашигт малтмалын нийлүүлэлтийг төрөлжүүлэлт, газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээ, эрчим хүчний шилжилтийн хамтын ажиллагаа, бүс нутгийн холболтын шинэ зам зэрэг өргөн хүрээтэй зорилтууд байгаа. Эдгээр нь ихээхэн боломж болон эрсдэлийг аль алиныг нь дагуулж байна.

Зургийн эх сурвалж: Mining Technology

Аравдугаар сард болсон айлчлалын үеэр хоёр улсын засгийн газар цахим хамтын ажиллагаа, соёлын солилцоо, геологи болон уул уурхайн хамтын ажиллагаа зэрэг 10 харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнээс онцлох гэрээ нь геологи, ашигт малтмалын нөөцийн салбарын санамж бичиг байсан юм. Тэрхүү санамж бичиг нь Монгол Улсыг Энэтхэгийн гангийн болон технологийн салбарт нэн шаардлагатай коксжих нүүрс, зэс болон бусад чухал түүхий эдийн ирээдүйн экспортлогч болгон тодорхойлжээ.

Энэтхэг улс Монголын коксжих нүүрсийг сонирхож байгаа нь гайхмаар зүйл биш юм. Дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгчдийн нэг болох тус улс төмөрлөгийн үйлдвэрлэлд шаардлагатай коксжих нүүрсний импортоос ихээхэн хамааралтай байдаг. Коксжих нүүрсний импортын тал дээр Австралиас хамааралтай байдлаа бууруулж, нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг багасгах нь стратегийн чухал ач холбогдолтой юм.

Экспортынх нь талаас илүү хувийг нүүрс эзэлдэг Монгол Улс ч БНХАУ-аас өөр зах зээл хайж, экспортоо төрөлжүүлэх эрмэлзэлтэй. Хоёр талын ашиг сонирхол тодорхой хэмжээнд нийцэж байгаа хэдий ч далайд гарцгүй байдал нь томоохон саад тотгор хэвээр байна. Тээвэрлэлтийн зам нь ОХУ эсвэл БНХАУ-аар дамжих ёстой. Аль ч улсаар дамжсан зардал, зохицуулалтын хүндрэл, геополитикийн эмзэг асуудлууд гарч ирнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь боломжит хамтын ажиллагааны зөвхөн эхний үе шат юм. Ирээдүйн алхмуудад боловсруулсан бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэх, илүүдэл шатахууныг Төв Ази эсвэл БНХАУ-ын хойд бүс рүү экспортлох, улмаар нефть химийн үйлдвэрлэл рүү өргөжих зэрэг чиглэлд тэлж болно. Энэтхэгийн хувьд инженерийн туршлага, төсөл хэрэгжүүлэх чадвар, техникийн сургалтыг Монгол руу экспортлох нь Еврази дахь урт хугацааны стратегийн байр сууриа бэхжүүлэхэд тусална.

Дэлхий нийтэд үүсээд буй тодорхойгүй байдлын дунд Энэтхэг улс нүүрс, металл, газрын ховор элементийн тогтвортой нийлүүлэлтийг баталгаажуулахыг зорьж буй энэ үед Монгол Улс ложистикийн хувьд хүндрэлтэй ч томоохон хувилбарыг санал болгож байна. Хэрэв Энэтхэг, Монгол хоёр улс ОХУ-тай дамжин өнгөрөх түншийн хувиар хамтран ажиллаж, зардал багатай тээврийн коридор байгуулж чадвал "Монгол-Энэтхэгийн түүхий эдийн гүүр" бий болох боломжтой гэж шинжээчид үзэж буй.

Ногоон эрчим хүчний шилжилт бол хамтын ажиллагааны бас нэгэн шинэ чиглэл юм. Монгол Улс нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй. Саяхан Олон улсын нарны эрчим хүчний холбоонд тус улс нэгдэн орсон. Энэтхэг улсад  техникийн дэвшилтэт чадавх, үйлдвэрлэлийн хүчирхэг суурь бий. Мөн дэлхийн ногоон эрчим хүчний дипломат ажиллагаанд өсөн нэмэгдүүлж байгаа.

Сэргээгдэх эрчим хүчний салбарын түншлэл нь Монгол Улсыг цэвэр эрчим хүчний үйлдвэрлэгч болгон хувирах боломжтой. Үүгээрээ дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй сэргээгдэх эрчим хүч эсвэл устөрөгчийн бүтээгдэхүүний экспортлогч болгон хувиргах боломжтой. Үүнд Энэтхэг улс хөрөнгө оруулагч, технологийн түнш эсвэл худалдан авагчийн үүрэг гүйцэтгэх юм.

Гэсэн хэдий ч томоохон хязгаарлалтууд хүлээлтээ бодитой байлгах хэрэгтэйг бидэнд сануулж байна. Монголын газарзүйн байршил, эрс тэс уур амьсгал болон томоохон гүрнүүдээр дамжин өнгөрөх хамаарал зэрэг нь ложистикийн зардал болон улс төрийн эрсдэлийг нэмэгдүүлж буй.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь дотооддоо чухал ач холбогдолтой хэдий ч дэлхийн хэмжээнд жижигт тооцогдоно. Дангаараа бүс нутгийн эрчим хүчний зураглалыг өөрчлөх магадлал бага. Эдийн засгийн тоо баримтууд ч тулгамдаад буй сорилтын цар хүрээг харуулж байна. 2024 оны байдлаар Монголын нийт гадаад худалдааны 0.5 хүрэхгүй хувийг Энэтхэг эзэлж байгаа. Харин БНХАУ 69.7 хувийг эзэлж буй нь Шинэ Делид хийх ажил их байгааг тодотгон харуулж байна.

Эх сурвалж: Caliber

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button