Улс төрийн мэдээ

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж түр завсарласан билээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад чуулганы танхимд ирцээ бүртгүүлсэн 89 гишүүний 55 нь буюу 61.8 хувь нь дэмжлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2022 оны тооцоогоор Монгол Улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрч, Номхон далайн баруун бүсийн хамгийн өндөр тархалттай орны долдугаарт жагсжээ. 2024 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг ноогдож буй юм.

Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын мэдээгээр 2024 онд импортолсон янжуур тамхины хэмжээ 2012 оныхоос хоёр дахин, электрон тамхины шингэн болон төхөөрөмжийн хэмжээ 2020 оныхоос 175 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхи Монгол Улсын гаалиар орж ирж байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болсон байна. 13-17 насны сурагчдын 25 хүүхэд тутмын нэг нь янжуур, дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгааг 2023 онд ДЭМБ судлан тогтоосон байна.

Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхи хүн амд хор багатай гэдэг нь нотлогдоогүйгээр үл барам хүүхэд, залуусын дунд өргөн дэлгэрч, ирээдүйн хорт зуршлуудад хөтөлж байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг судалгаанд суурилан танилцуулж, хорт бодис агуулдаг, амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх, судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтуулах эрсдэл өндөртэйг дурдлаа. Электрон тамхи утаат тамхинаас гарах арга хэрэгсэл болохгүйгээр үл барам өсвөр үе, залуусын тамхинд орох магадлалыг 3-5 дахин ихэсгэдгийг тогтоожээ.

Иймд электрон тамхийг Сингапур, Норвег, Чили, Энэтхэг, Турк зэрэг дэлхийн 46 улс бүрэн хориглож, 82 улс хууль тогтоомжоор эдийн засгийн болон эдийн засгийн бус зохицуулалтыг хийсэн байна. Үүний дотор Эстони, Финланд, Австрали, Герман, АНУ БНХАУ Нидерланд, Шинэ Зеланд зэрэг 20 улс амт, үнэрийг нь хоригложээ. Харин Монгол Улс өнөөдрийг хүртэл хуулийн ямар ч зохицуулалтгүй явж байгааг УИХ-ын гишүүн О.Номинчимэг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр онцолж байсан юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тамхины татварыг 200хувь нэм дам тамхидалтад машшш их хохирч бна

Холбоотой мэдээ

Back to top button