Улс төрийн мэдээ

Хэрэг эрхлэхийн ажлаасаа хальж яваа С.Бямбацогтыг Г.Дамдинням, Б.Цэнгэл нар “олив”

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ долоо хоногт Зэсийн боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт зарлах талаар холбогдох албаныхантай уулзаж, хэлэлцсэн.

Засгийн газрын 2026-2030 он хүртэл Монгол Улсын хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөнд багтсан уг асуудлыг ямар нэг хуулийн зөрчил, ямар нэг асуудалгүй гаргалгаа, шийдэлтэйгээр ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тэрбээр үүрэгдсэн юм.

Түүний энэ уулзалтын дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Манайх уул уурхайн хоёр сайдтай болсон. Одоо аж үйлдвэрийн хоёр дахь сайдтай боллоо. Төсөл сорчлоно, ТӨК сорчлоно” хэмээн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг хатгаад авав.

Өмнө нь тэрбээр Хөтөлийн “Цемент шохой” ХХК дээр давхиж очоод тухайн компанийн удирдлага Д.Баттүвшинг хангалтгүй ажиллаж байна гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь өөрийн хариуцсан үүрэг чиглэлээс хальж, ТӨК-иудын томилгоо, халаа сэлгээ болон бүр шинээр байгуулах зэрэг асуудалд гар дүрэлцээд байгаад танхимын сайд нь ч ундууцлаа илэрхийлжээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүн байхдаа ч С.Бямбацогт ийн хошуу, хуруу нэмэлцэж явсан удаатай.

Түүний удаа дараагийн энэ асуудлынх нь дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Нэг сайд манайхаас санал авахгүйгээр цаагуураа нэрийг нь хийж байгаад нэг үйлдвэрийн газрыг засгаар оруулаад шийдчихсэн байвал яах вэ. Ийм байвал ТӨБЗГ-ыг татан буулгачих гэж би хэлсэн. Манайх уг нь мэргэжлийн байгууллага, шийдвэрлэдэг газар нь юм. Гэтэл ЗГХЭГ нь хоёр том компаниудаа авсан асуудлууд нь түүгээр явж байх жишээтэй. 2015 онд Төрийн өмчийн хороог татан буулгачихаад баахан юмнуудаа хийж авсан. 2016 оны сонгуулийн дараа энэ алдаагаа ухамсарлаад уг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг байгуулсан юм. Өнөөдрийн хийгдэж байгаа томилгоонууд улс төрийн чиг хандлагаар хийгдэж байна. Хөтөлийн “Цемент шохой” дээр гэхэд л мэргэжлийн бус хүн томилсон гэнэ, яагаад мэргэжлийн хүн томилж болдоггүй юм гээд асууж байна” хэмээн нэгэн хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлжээ.

УИХ-д удаа дараа сонгогдож, хэд хэдэн салбарын сайд хийж, одоо ЗГХЭГ-ын даргын албан тушаалд очсон МАН-ын хууччуулын нэг С.Бямбацогт Засгийн газрын нэрийг барьж, эрх мэдлээ “далимдуулж” явааг ийнхүү салбарын сайд болоод бодлогын үүрэг чиглэлийг нь хариуцсан дарга нь олиод амжив.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button