Нэг дороос | Монгол болон Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоо хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
НЭМЭЛТ: /2025.12.03/ 21.00 цаг
Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлангаар ахлуулсан арьс, ширний салбарын төлөөлөл Итали Улсын Санта Кроче хотын арьс ширний парктай танилцлаа.
Төлөөлөгчид дэлхийд тэргүүлэгч энэ паркийн дотоод бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн болон боловсруулах үйлдвэр, гутлын үйлдвэр, цэвэрлэх байгууламж, судалгаа хөгжлийн төвөөр зочилж, дэвшилтэт технологи, хатуу болон шингэн хог хаягдлын менежмент зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар санал солилцлоо.
Мөн Санта Кроче хотын захирагч Роберто Жианини, Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Фабрицио Нути, Санта Кроче паркийн арьс, ширний холбооны Ерөнхийлөгч Риккардо Бандини, Италийн арьс, ширний химийн материал үйлдвэрлэгчдийн холбооны нарийн бичгийн дарга Массимо Мажжиони, “Италпрожетти” ХХК-ийн газрын захирал Даниэлэ Бакки нартай уулзлаа.
Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан "Цагаан алт" хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, нэмүү өртгийн сүлжээ, өрсөлдөх чадварыг сайжруулахад "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, "Шинэ хоршоо" хөдөлгөөн, “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк, "Атар-4" аян чухал үүрэг гүйцэтгэхийг хэллээ.
Монголын арьс, ширний экспортын хэмжээ сүүлийн таван жил тасралтгүй буурч байгааг италийн тал онцолж, цаашид чанартай түүхий эд бэлтгэхэд анхаарахыг хүслээ.
Мөн монголын арьс, ширэн түүхий эдэд таарсан технологи боловсруулж нэвтрүүлэх, чанартай химийн материалаар хангах чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг илэрхийллээ.
Энэ үеэр Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоо хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Энэ хүрээнд:
- Арьс ширний салбарт ажиллах боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах,
- Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Тус тусын улсад зохион байгуулах үзэсгэлэн, худалдаанд оролцох,
- Худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудад тулгуурлан B2B хамтын ажиллагааг сайжруулах, хөнгөвчлөх зэргээр хамтрах юм.
Цаашид манай улсын арьс, ширний салбарыг хөгжүүлэхэд Италийн тэргүүн туршлага, нөү-хау, технологийг ашиглан, бүх түвшинд, бүх талыг оролцуулсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
НЭМЭЛТ: /2025.12.03/
-Монгол, Италийн ААН-үүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Ром хотноо зохион байгуулсан “Итали-Монголын бизнес форум”-д хоёр улсын 150 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Талууд арьс, шир, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломжийг эрэлхийллээ.
Эдийн засаг, бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, дээрх салбаруудаас гадна дэд бүтэц, тээвэр, логистик, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмж, агаарын тээврийн салбарт хамтрах өргөн боломж байгаад санал нэгдлээ.
Форум нь хоёр орны бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хөрөнгө оруулахад чухал нөлөө үзүүлэхийг албаны хүмүүс илэрхийллээ.
Форумын үеэр:
- МҮХАҮТ-Италийн худалдааны агентлаг,
- МҮХАҮТ-“SIMEST”,
- Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний холбоо-“Confatigianato Imprese”,
- Монголын ноос, ноолуурын холбоо-“Cassa Depositi e Prestiti S.P.A”,
- “Чандмань Консалтинг” ХХК-“IL SOLE S.R.L” хоорондын Монгол Улс, Итали Улсын хооронд анхны шууд нислэг эхлүүлэх тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Итали нь дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа хангадаг бөгөөд манай улсын самнасан ноолуурын 80 хувийг авдаг.
Өнгөрсөн онд манай улс 1,000 кг угаасан ноолуур, 533 кг самнасан ноолуур нийлүүлсэн байна.
Манай улс Италиас барилгын материалын чулуу, хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор гоймон, чидун жимсний тос, шоколад, дарс, хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизмын эд анги голлон авдаг.
2024 оны байдлаар Итали нь манай улсад 90 орчим сая ам.долларын шууд хөрөнгө оруулсан.
Италийн 39 аж ахуйн нэгж боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоол, мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, барилгын материал, бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Италийн экспорт 623 тэрбум, импорт 568 тэрбум евро. Үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу болон металл хийц, эмийн бүтээгдэхүүн гаргадаг.
Гадаадаас газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс, тоног төхөөрөмж голлон авдаг юм байна.
НЭМЭЛТ: /2025.12.03/
-“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ромд болов-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд манай улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтэд оролцлоо.
Тэрбээр, 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2022 онд баталсанд баяртай байгаагаа илэрхийллээ.
Олон улсын жил нь дэлхийн улс орнуудын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент болон нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, хүнсний хангамжийг сайжруулах зэрэг зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” гэсэн хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ.
Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд улс орнуудыг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриаллаа.
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хот дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд боллоо.
НЭМЭЛТ: /2025.12.03/
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын ХХАА-н байгууллагын Ерөнхий захирал бараалхав-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгчид НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Др.Чю Донгиу бараалхлаа.
Талууд хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн явц, үр дүн, цаашид анхаарах зарим асуудлын талаар санал солилцлоо.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.
Мөн тус байгууллагын Хүндэт зочны дэвтэрт “Дэлхий дахинаа өлсгөлөн, ядуурлыг бууруулах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахын төлөөх улс орнуудын зорилго, хүчин чармайлтыг зохицуулагч НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад зочилж байгаадаа баяртай байна.
Байгууллагын хамт олонд түүхт 80 жилийнх нь ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит үйл хэрэг болгох үйлсэд нь амжилт хүсэн ерөөе.
Нүүдлийн соёл, иргэншил, бэлчээрийн мал аж ахуйтай Монгол Улс бэлчээрийн менежмент, хөрс, усны нөөцийг хамгаалах, хүнсний тогтвортой бүтээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр улам өргөн хүрээнд хамтран ажиллахын төлөө байна.
Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” тогтоолын хүрээнд дэлхий нийтийн эрх ашиг, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, бодит үр дүнд хүрэх олон ажлыг хамтран хийхдээ таатай байх болно.
Та бүхний “Илүү сайн үйлдвэрлэл, илүү сайн шим тэжээл, илүү сайн орчин, илүү сайн амьдрал” гэсэн зорилго бүрэн биелж, хүн төрөлхтөн эрүүл, аюулгүй орчинд аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах болтугай” хэмээн бичиж үлдээлээ.
Дэлхийн 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад манай улс 1973 онд гишүүнээр элссэн түүхтэй. Тус байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчийн газар 2009 онд Улаанбаатар хотноо ажиллаж эхэлсэн.
Энэ байгууллага манай улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах, шим тэжээлийг сайжруулах, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр голлон ажиллаж байна.
Мөн санхүүжүүлэгч түншүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, малчидтай хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
НЭМЭЛТ: /2025.12.02/ 16.00 цаг
-Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэлээ.
Ингэснээр Бүгд Найрамдах Итали Улс нь манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон болж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин хөгжиж байгааг сайшаалаа. Хамтын ажиллагааны бүхий л салбарт гарсан томоохон ололт, амжилтыг онцолж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг, амлалтаа нотоллоо.
Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд:
- Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт зэрэг хоёр талын хамтын ажиллагааны механизм, Парламентын бүлгүүдийн идэвхтэй харилцааг дэмжих замаар улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлнэ;
- Олон талт хамтын ажиллагаа, ялангуяа НҮБ-ын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Итали Улс, Монгол Улс болон Европын Холбоо хооронд 2017 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд өрнөж буй идэвхтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ;
- Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ;
- Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Италийн Худалдааны агентлаг хоорондын шууд харилцааг бэхжүүлэх замаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ;
- Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц, бололцоог ашиглана;
- Хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ;
- Эрчим хүчний сүлжээ, тээвэр, логистик, ус болон хог хаягдлын менежментийн тогтолцоо, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг дэмжинэ. Аюулгүй, сөрөн тэсвэрлэх чадвар бүхий мэдээллийн технологийн дэд бүтэц, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг дэмжих ухаалаг шийдэл болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ;
- Тойрог эдийн засаг, газар, ус, хог хаягдлын тогтвортой менежмент зэрэг байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааг дэмжинэ;
- Ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ;
- Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна;
- Онцгой байдал, иргэний хамгаалалт болон эрсдэлийн менежментийн хамтын ажиллагааг дэмжинэ;
- Захиргаа, шүүх болон эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Европын Холбооны хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд Итали Улс дэмжлэг үзүүлнэ;
- Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Боловсролын салбар, судалгааны төвүүд, их сургууль, дээд боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэтгэлэг олгох боломжийг нэмэгдүүлнэ;
- “Милан-Кортина 2026” өвлийн олимп, паралимпын наадамд түшиглэн спорт болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.
Манай улс Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай.
Америкийн Нэгдсэн Улстай “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”, Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоогоод байна.
НЭМЭЛТ: /2025.12.02/ 04.00 цаг
-Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монголд айлчилна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сэржо Маттарэлла нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хамтын хүчин чармайлтын дүнд харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Айлчлалын үеэр найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэсэн нь харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ.
Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам, тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт харилцан ашигтай хамтрахын төлөө байгаагаа нотоллоо.
Төрийн тэргүүн нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, энх тайван зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улс аливаа хурцадмал асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болно гэдэгт төрийн тэргүүн нар итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсад төрийн айлчлал хийх Ерөнхийлөгчийн урилгыг Сэржо Маттарэлла хүлээн авч, 2026 онд хариу айлчилна гэдгээ нотоллоо.
Монгол, Итали Улс 1970 онд дипломат харилцаа тогтоосон. Манай улс 2011 онд Ром хотноо, Итали Улс 2016 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.
НЭМЭЛТ: /2025.12.02/ 00.00 цаг
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтаж авлаа-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла, тэргүүн хатагтай Лаура Маттарэлла нар албан ёсоор угтаж авлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Ерөнхийлөгчийн “Куириналэ” ордонд хүрэлцэн ирэхэд Үлээвэр хөгжим, Төрийн хүндэт харуул, морьт цэргүүд жагссан байлаа.
Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла, тэргүүн хатагтай Лаура Маттарэлла нар угтан мэндчилсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн ордны дээр Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа.
Хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хоёр улсын төрийн тэргүүн Хүндэт харуулын туганд хүндэтгэл үзүүллээ.
Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла эрх зүйч мэргэжилтэй. Палермо хотын их сургуульд багш, Парламентын хэд хэдэн комиссын гишүүн, дарга, Парламентын Төлөөлөгчдийн тэргүүн, Боловсролын сайд, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Парламентын Хуулийн захиргааны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч, Үндсэн хуулийн шүүхийн гишүүн зэрэг алба хашиж байсан.
2015-2022 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2022 онд дахин долоон жилээр сонгогдсон. Улсынхаа 12 дахь төрийн тэргүүн, дахин сонгогдсон хоёр дахь Ерөнхийлөгч юм байна.
Ерөнхийлөгчийн “Куириналэ” ордныг манай эриний өмнөх IV зуунд эрүүл мэндийг хамгаалагч Куирин хэмээх бурханд зориулан босгосон сүмийн нэрээр нэрлэсэн байна.
Ордны суурийг XV зууны үед тавьсан бөгөөд Пап XIII Грегори 1583-1585 оны хооронд, Пап V Сиктэ 1587 онд өргөтгөн засварлаж байжээ.
Италийн Хаант Улс 1870 онд Ромыг нэгтгэх үед энэ ордон хааны өргөө болсон түүхтэй.
НЭМЭЛТ: /2025.12.01/ 23.40 цаг
-“Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа албаны төлөөлөгчид “Эх орны хүндэтгэлийн цогцолбор”-т зочилж, “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Ром хотын төв, Венецийн талбайд байрлах цогцолборыг олон жилийн дайн, тэмцлийн дараа буюу 1861 онд тархай бутархай вант улсуудыг нэгтгэж, орчин үеийн Италийн үндсийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн Хоёрдугаар Витторио Эммануэлэ хааны дурсгалд зориулан байгуулсан түүхтэй.
Витторио Эммануэлэ хааныг Италийн ард түмэн “Улс төрийн нэгдлийн эцэг” хэмээн үздэг байна.
1885 оноос 50 гаруй жилийн турш барьж бүтээсэн цагаан гантиг чулуун цогцолбор өдгөө түүх, архитектурын төдийгүй үндэсний бахархал, эв нэгдлийн илэрхийлэл болжээ.
“Нэр нь үл мэдэгдэх бунхан” нь Италийн ард түмний тусгаар тогтнол, итгэл үнэмшил, эх оронч үзлийн бэлгэ тэмдэг бөгөөд үүрд мөнхийг бэлгэдсэн мөнхийн гал асаалттай байдаг.
Үндэсний томоохон баяр, төрийн ёслолын үеэр төр, засгийнх нь тэргүүн болон тус улсад айлчилж буй гадаадын улс орны тэргүүн нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.













































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
shal ineedtei, neeh tom ornii amitan shig. delhiin hamgiin guilagchin yalzarsan avilgald idegdsen muhuj baigaa ornii turiin terguun nertei tovarish
Ажлаа хийх ч завгүй л Гадаадад айлчилаад байх юм ямар ашиг - ямар бүтээмж - ямар туршлага - ямар үр дүн гарсан юм бэ ??!!!! Айлчлаад баыгаа зардлуудаа хэдэн зуун хувь болгож Ашиг ордого нэмэгдэж Улсын хөгжилд ахиц гарсан бэ ??!!!
HULGAICH, KAZINOCHIN, LUIVARCHIN CHINII MONGOL ULS, MONGOLIIN ARD TUMNII TUSIIN TULD HIISEN NEG CH SAIN, SAIHNIIG OLJ UZSENGUI. HUUR CHIN UHEESEI
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n
Италийн ерөнхийлөгч настай хүн байна, утаа угааргүй урин дулаан цагаар авчраарай даа!
АЙЛЧЛААЛ НЭЭГ ИХ ЧУХАЛ ЦАРАЙ ГАРГААЛ ЯВДАГ ЭНЭ ҮЕ ҮЕИЙН ЕӨКҮҮД ЮУ БҮТЭЭЖ ЯВДЫН БОЛ ИРГЭДИЙН АМЬДРАЛД ХИР ИХ ХҮРТЭЭМЖТЭЙГ ХЭЛЖ ХАЙРЛАНА УУ?